З.Цэлмэг

З.Цэлмэг

https://www.facebook.com/TseZdata/

Зодуур бол насан туршийн шийтгэл

2021-04-30 1328 1

Өнөөдөр бол дэлхий нийтээрээ хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж, үзэл санаагаа тунхагладаг өдөр. Гэр, сургуулийн орчин, өдөр өнжүүлэх төв, хуулийн ял шийтгэл гээд бүхий л түвшинд хүүхдийг зодож шийтгэхийг хуулиар хориглосон 62 улс бий. 1979 онд анх Шведээс эхлэлтэй энэхүү санаачилгад өнөөдөр дэлхийн ихэнх улс их, бага ямар нэг хэмжээгээр нэгдээд байна.

Манай улс 2016 онд Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай хуулийг шинэчлэн баталснаар хүүхдийг ямар ч тохиолдолд бүх түвшинд зодож шийтгэхгүй гэж амлалт өгсөн тэрхүү 62 орны тоонд багтсан.

Хэдийгээр хууль эрх зүйн хүрээнд хүүхдийг зодож шийтгэхийг хориглосон боловч бодит амьдрал дээр хүүхдүүд хүнд хөнгөн ямар нэг хэлбэрээр бие махбодын шийтгэл, сэтгэл санааны дарамт амссан хэвээр байна. Ялангуяа гэр бүлийн орчинд хүүхдүүд зодож шийтгүүлэх нь түгээмэл. Хүүхдийг зодож шийтгэх нь хүмүүжлийн нэг хэлбэр гэдэг хэвшмэл ойлголтыг өөрчилж, эерэг аргаар хүмүүжүүлэх дадлыг эцэг эхчүүдэд сургалт, өргөн хүрээний соён гэгээрлээр суулгах боломжтой.

Тиймээс Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр буюу 4 дүгээр сарын 30-ныг угтан эцэг эхчүүдэд Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх цахим сургалтыг үе шаттай зохион байгуулж байна.

Пүрэв гарагт Zoom-ээр зохион байгуулсан “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргыг түгээе” ээлжит сургалтад байгууллагын дэргэдэх Эцэг, эхийн зөвлөлийн гишүүд болон сонирхсон 100 орчим эцэг эх хамрагдаж, аймгийн ГБХЗХГ-ын мэргэжилтнүүдээс үнэ цэнтэй мэдээлэл сонсож, хүүхдээ зодож шийтгэхгүйгээр эерэгээр хүмүүжүүлэх ойлголт, мэдлэгээ сайжрууллаа.

Аймгийн ГБХЗХГ-ын ахлах мэргэжилтэн Б.Соёлмаа “Эцэг, эх бүр өөрсдийгөө хүүхдээ зөв хүмүүжүүлж байгаа гэж боддог. Монголчуудын хүүхэд хүмүүжүүлэх уламжлалт арга бол ажил хөдөлмөрөөр дагуулан сургадаг байсан. Гэвч орчин үед техник технологийн дэвшлийг дагаж хүүхдүүд маш их цагийг интернэт орчин, дэлгэцийн цаана өнгөрүүлдэг болсон. Тэр хэрээр гэр бүлийн халуун дулаан уур амьсгал алдагдаж, эцэг эх ба хүүхэд хоорондын ойлголцолд саад бэрхшээл гарах болсон. Гэтэл хүүхдээ хүмүүжүүлэхдээ заавал бие махбодын шийтгэл үзүүлэх ёстой юм уу. Хүүхдүүд интернэтээс мэдээллийг чөлөөтэй авдаг болсон тул ээж, аавынхаа үг, үйлдлийн зөв бурууг ялгаж байгаа. Тиймээс хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх арга барилтай болох нь чухал” гэв.

Бие махбодын шийтгэл нь хүүхдийг өвтгөдөг, сэтгэл зүйг нь шархлуулдаг, хүүхэд өөртөө итгэлгүй, аймхай, үнэ цэнээ мэдэрдэггүй болж, улам ууртай болгож, улмаар насан туршид нь илүү сайн сайхан амьдрах боломжийг нь үгүй хийх аюултай. Тиймээс нэг удаагийн томоогүй үйлдлийнх нь төлөө насан туршид нь шийтгэхгээгүй юм бол зодуурыг тархинаасаа авч хаясан нь дээр.

Мөн Дархан-Уул аймгийн ГБХЗХГ-ын Хүүхдийн эрхийн улсын байцаагч А.Мягмаржаргал “Зодож шийтгэснээр хүүхдийн муу зан авирыг засдаггүй. Харин буруу зан авирыг ихээр бий болгож, аав ээж ба хүүхэд хоорондын эрхэм харилцааг холдуулдаг. Нэг ёсондоо хүүхдэд ухамсрын биш айдсын хүмүүжил бий болгодог” гэв. Тэрбээр сургалтын үеэр Хүүхэд хамгаалал, өрхийн амьжиргаа ба даван туулах чадварыг сайжруулах хөтөлбөрийн суурь судалгаанд хамрагдсан 7000 орчим хүүхдээс “35 хувь нь бие махбодын шийтгэлд өртсөн, 30 хувь нь гэртээ байхдаа хэн нэгнээс айдаг, аюулгүй гэж мэдэрдэггүй, 45 хувь нь хүчирхийлэлд өртсөн үед хэнд хандахаа мэддэггүй” гэдэг хариулт өгсөн нь анхаарал татаж байгааг онцолсон юм.

Гэхдээ эцэг эхчүүдийн дийлэнх нь хүүхдээ тэгээд хэрхэн эерэг аргаар хүмүүжүүлэхээ мэддэггүй. Харин доорх гурван ойлголтыг мэддэг болчихвол хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх зарчмын суурийг мэддэг боллоо гэсэн үг.

  1. Хүүхэд бүр нас, сэтгэцийн хөгжлийн хувьд ялгаатай. Үүнийг нь маш сайн мэддэг байх. Хэрэв мэдэхгүй бол интернэтээс хүүхдийн насны онцлогийн талаарх мэдээлэлтэй танилцаж, хүүхдээ сэтгэлзүйч дээр дагуулж очин онцлогийг нь мэдэж авсан нь дээр.
  2. Эерэг харилцаа, хандлагатай бол хүүхэд тань таныг сайн эцэг эх гэж ойлгодог. Үглэж, яншиж, загнаж, хоч өгч, доог тохуу хийж, нөхцөл байдалд яаран дүгнэлт хийх хэрэггүй. Оронд нь нам дуугаар, харааны ижил түвшинд харилцаж, хүүхдийнхээ юу хэлэхийг анхааралтай сонсож, аль болох ойлгохыг хичээх нь үр дүнтэй. Хүүхдэдээ цаг гаргаад сайн сонсож чаддаг байх нь хүүхэд хүмүүжлийн эерэг арга аж.
  3. Хүүхдийн эрхийн зарчмуудыг мэддэг байх. Хүүхэд бол онцгой статустай хүн. Олон улсын хүүхдийн эрхийн конвенц, Монгол Улсын Үндсэн хууль, хүүхдийн эрхийг хамгаалах бусад хууль тогтоомжууд дээр хүүхдэд бие махбодын шийтгэл оноож, сэтгэл зүйн дарамтад оруулахыг хориглосон байдаг.

 

Холбоотой мэдээ