Б.Батсайхан: Хэсэг бүлэг хүмүүс хар машиныг хакердаж, сонгуулийн дүнг өөрчлөх санал тавьж, их хэмжээний мөнгө амласан

2023-02-28 680 0

Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн Техник, хангамж үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Батсайханаас тус хорооны нэр бүхий албан тушаалтан болон хар машин тойрсон зарим асуудлаар тодрууллаа.

-Та СЕХ-нд хэдэн жил ажилласан бэ. Хэсэг бүлэг хүмүүс сонгуулийн хар машиныг хакердуулах санал тавьсан гэлээ. Үнэн үү, тодорхой ярихгүй юу. Энэ бол маш ноцтой асуудал шүү дээ, таньд баримт байгаа юу?

-Би Сонгуулийн ерөнхий хороонд 11 жил ажилласан. Миний ажлын байрны тодорхойлолт бол сонгуулийн хар машины хэвийн ажиллагааг хангах, 21 аймаг, 9 дүүрэг дэх мэдээллийн технологийн баг, даамлуудад хар машиныг хэрхэн ажиллуулах тухай сургалт явуулах, эвдэрч, гацсан тохиолдолд хар машины засвар үйлчилгээг хангах, сонгуулийн үеэр санал хураах, тоолох системийн техникийн ажиллагааг шуурхай удирдлагаар хангах үүрэг хүлээдэг байсан.

Хэсэг бүлэг хүмүүс сонгуулийн автоматжуулсан системийг гаднаас нь хакердах, санал хураалтын дүнг өөрчлөх боломжтой талаар олон нийтэд ярихыг санал болгож, удаа дараа ятгаж, их хэмжээний мөнгө надад амласан нь үнэн. Тэдгээр хүмүүсийн нэг бол СЕХ-ны Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир. Тэрээр намайг албан өрөөндөө дуудаж, үл таних хүмүүстэй хамтарч ажиллах санал тавьсан. Тэд бүх шатны сонгуулийг хар машинаар бус гараар тоолдог болгох зорилготой гэдгээ хэлсэн. Улмаар нэр бүхий улстөрчдийн нэрийг хэлж, тэднийг өмнөх сонгуулиудын хар машины дүнг өөрчилсөн гэж олон нийтэд ярих тухай санал тавьсан. Би өөртөө тохиолдоод байгаа энэ мэт бүх асуудлыг Тагнуулын ерөнхий газарт мэдэгдсэн байгаа.

-СЕХ бол хараат бус, бие даасан байгууллага. Гэтэл хар машиныг хакердуулах санал тавина гэдэг нь өөрөө төрийн эсрэг маш том гэмт хэргийн сэдэл байна?

-Тийм ээ, гэхдээ хакердах гэхээсээ илүүтэй сонгуулийн дүнг өөрчилсөн гэж СЕХ-ны инженер, хар машиныг хариуцаж ажиллуулдаг надаар энэ бүхнийг яриулж, үр дүнд нь автоматжсан системээс татгалзуулах, гар тооллого хийх олон нийтийн дэмжлэгийг авах зорилготой байсан юм. Тэд хар машиныг хүмүүст хэрэггүй зүйл гэж итгэн үнэмшүүлэхэд болно гэж надад хэлсэн. Нөгөөтэйгүүр, Монгол Улсын Их хурал 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Үндсэн хуулийн үзэл санаанд нийцүүлэн Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийг баталсан. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо нь бүхий л сонгуулийг улс орон даяар зохион явуулах бүрэн эрхтэй бөгөөд үйл ажиллагаа нь хараат бус, бие даасан, хамтын удирдлагын зарчмаар явдаг, байнгын ажиллагаатай төрийн байгууллага. Гэтэл үеийн үед эрх баригч намын “тавиул”-ууд томилогдож ирсэн. Үүний нэг жишээ бол 2020 оны наймдугаар сард УИХ-аас томилогдсон Сонгуулийн ерөнхий хорооны Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир тэргүүтэй одоогийн удирдлагууд байна. Гэтэл эдгээр томилсон хүмүүс нь сонгуулийн дүнг будилаантуулах элдэв арга сэдээд явж байна.

-Тэгэхээр таныг өөрийн хүсэлтээр ажлаа өгөөгүй гэж ойлгож болох уу. Ямар нэгэн дарамт ирж байна уу?

-Би ажлаа өгснийхөө дараа өөрийн фэйсбүүк хуудастаа (Saikhna Channel) үүсээд буй нөхцөл байдлын талаар гуйвашгүй үнэнг илчилсэн бичлэг байршуулсан. Бичлэгийг маань үзсэн хүмүүс намайг харааж, намын зохион байгуулалттай хүн гэж бичиж байна лээ. Энэ нь улстөрчид хар машиныг нийтэд буруу ойлголт төрүүлэх хөрсөө хангалттай бэлджээ гэж би хувьдаа харж байгаа.

Одоогийн СЕХ-ны дарга нар энэ сонгуулийн системийг унагах зорилгоор гаднаас нь хүч хэрэглэн дарамталж, биед маань халдаж, дотроос нь хүний нөөцгүй болгож байгаа нь тун харамсалтай. Одоогийн СЕХ-ны дарга нар ирснээс хойш олон жил ажилласан туршлагатай инженерүүдийг нэг нэгээр нь дарамталж, өөрсдөөр нь ажлаас халагдах хүсэлт бичүүлсэн. Тухайлбал, програм хангамжийн инженер н.Цогтбаяр, техник хангамжийн иженер н.Ганхүү, төвийн хуульч н.Энхтүвшин, системийн хамгаалалтын инженер н.Очгэрэл, техник хангамжийн иженер н.Отгонсүрэн, хэлтсийн дарга миний бие Б.Батсайхан нарын хүмүүсийг ойрын хоёр жилийн дотор тэвчишгүй дарамтанд оруулж ажлаас халсан. СЕХ-ны Мэдээллийн технологийн төв нь хоёр хэлтэстэй байсаар ирсэн. Гэвч бүтцийг оновчтой болгох нэрээр гурван хэлтэстэй болгосон. Дараа нь эргүүлэн хоёр хэлтэстэй болгож, улмаар энэ явцдаа дундаас нь орон тоо хасаж, олон мэргэжилтнийг замаасаа арчсан. Гэтэл ажлаа хийдэггүй Төрийн албаны зөвлөл нь энэ бүхнийг мэдсэн ч, эс мэдсэн юм шиг л байсан. Энэ бол бүгд нэг хөнжилтэй, нэг эрх ашигтай байгаагийн илрэл.

Та бичлэг дээрээ таны биед хүн халдсан гэсэн байсан. Энэ юу гэсэн үг вэ?

-2020 оны дөрөвдүгээр сараас хойш хэд хэдэн удаа үл таних хүмүүс намайг хоёр жилийн турш дарамталж, миний биед халдсан. Миний зүүн нүдний хөмсгийг зад мөргөж, хамрыг минь чихсэн. Үүнээс болж, “Мөнгөн гүүр” болон “Улсын нэгдүгээр төв эмнэлэг”-т хамрын хагалгаанд орсон. Мөн Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт ходоодны шархаар хэвтэн эмчлүүлсэн. Мөн миний орон гэрт нууцаар нэвтрэн орж, охины маань тэжээвэр муурыг дэвсэж алсан байсан. Энэ бол маш том дарамт, сүрдүүлэг юм. Намайг тэдэнтэй хамтарч ажиллахгүй гэсний төлөө дарамталж, ажлаа өгөхийг байнга шаардаж ирсэн. Миний ажлын хамтрагч Мэдээллийн технологийн төвийн захирал Х.Баясгаланг албан тушаалаас нь бууруулж, түүний байр сууринд СЕХ-ны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэнг түр орлон гүйцэтгэгчээр томилж, түүгээр намайг ажлаас халуулсан. Энэ бол Төрийн албаны тухай хууль зөрчсөн үйлдэл. Учир нь түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа хүн төрийн албан хаагчийг ажлаас нь халж болдоггүй хуультай. Гэхдээ СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичиг Д.Даваа-Очир, Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн нарт хууль зөрчих эсэх нь огт хамаагүй байдаг. Тэд “бие даасан”, “хараат бус” гэсэн нэрийн дор дур зоргоороо авирлаж, СЕХ-г өөрсдийн тогтоосон хуулиар “засаглаж” байна.

-Та сонгуулийн дүнг гараар тоолдог болгох зорилготой хүмүүсийн нэрсийг эсвэл намын нэрийг хэлж болох уу?

-Тодорхой шүү дээ. Миний биед халдаж, хэсэг бүлэг хүмүүстэй хамтарч ажиллах талаар ятгасан хүн бол СЕХ-ны Нарийн бичгийн дарга Д.Даваа-очир. Энэ хүн Ерөнхийлөгч асан Х.Баттулгын бууны нохой гэдгийг цөм мэднэ. Түүнчлэн СЕХ-ны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн гэдэг хүн СЕХ-нд 31 жил ажилласан хүн. Тэр бол ялсан намын талд үйлчилдэг буюу хөтөлгөө морьтой зальжин этгээд. Түүнийг шалгавал олон асуудлын эх гарч ирнэ. Наад захын жишээ гэвэл, Д.Баяндүүрэн нь СЕХ-ны есөн гишүүний нэг. Гэтэл логикоор нь авч үзвэл, гишүүдэдээ хийсэн ажлаа хянуулж, шалгуулдаг байх ёстой Ажлын албаны дарга нь өөрөө өөрийгөө үнэлнэ гэдэг яавч байж боломгүй асуудал. Хамгийн хоржоонтой нь энэ бүхнийг СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран мэдсэн ч мэдээгүй юм шиг явж байна. Би бол шүгэл үлээгч. Миний шүглийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар сонсоосой гэсэндээ энэ бүхнийг ярьж байна.

-Та цаашид энэ бүхний эсрэг ямар үйлдэл хийхээр төлөвлөж байна вэ?

-Би эх орондоо, төрдөө хоёргүй сэтгэлээр 11 жил зүтгэсэн.  Инженер хүнийхээ хувьд өөрийгөө хаана ч ажиллах чадвартай гэж боддог. Харин хамгийн санаа зовинож байгаа зүйл бол сонгуулийн автоматжуулсан систем буюу хар машины асуудлыг 2008 оны долдугаар сарын 1 шиг үйл явдалд хүргэх вий гэдэг айдас байна. Учир нь хар машины ажиллагааг хүн програмчилдаг тул инженер нэртэй улстөрчдийн гар хөл бологсод системийг нь өөрчилбөл маш том аюул учирна. Монголын ардчиллыг бэхжүүлэхэд хар машин хувь нэмрээ оруулж байгаа гэдэгт би хувьдаа бат итгэдэг учраас энэ бүхнийг ярьж байна. Тэд намайг одоо ч дарамталсаар байгаа.  “Мөрөөрөө яваарай, олон юм яриад явбал гэр бүл, хамаатан садантай чинь ярина шүү” гэхчилэн заналхийлж байгааг нуухгүй хэлье. Эцэст нь хэлэхэд, би цаашид Д.Даваа-очир, Д.Баяндүүрэн нартай холбоотой тендер, авлигын хэргийн баримтыг зохих газарт нь өгч, шалгуулна. Надад хангалттай их баримт бий.

Холбоотой мэдээ