Эдийн засаг хүнд ч бүтээн байгуулалт эрчимжих 2023 он

2023-03-27 869 1

Хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашилж буй энэ үед барилгын салбарын бүтээн байгуулалт эхлэхэд багагүй хугацаа үлдээд байна. Энэ салбарт оруулсан хөрөнгө оруулалт ажиллах хүчээр дамжин эдийн засагт 40%-ийн өгөөж өгдөг гэсэн олон улсын тооцоолол бий. Тодруулбал, барилгын салбарт хөрөнгө оруулахад түүний цаана гүйцэтгэгч болох бетон арматур, цемент, цахилгаан шугам сүлжээ, машин техник, дотоод засал, барилгын материал гээд олон ханган нийлүүлэх сүлжээг бүхэлд нь тасралтгүй үйл ажиллагаагаар дэмжиж, энэ бүхний ард байгаа ажиллах хүчний ажлын байр, эдийн засгийн баталгаа хангагддаг учир тун чухал салбар юм.

Гэхдээ энэ салбарыг зөвхөн барилга, байшин, орон сууцаар хязгаарлаж ойлгож болохгүй. Үүнд авто зам, дэд бүтэц, инженерийн байгууламж, их засвар зэрэг өргөн хүрээг хамруулдаг. Тэгвэл 2023 онд Монгол Улсын барилгын салбар ямар дүр зурагтай байхыг 2023 оны Төсвийн тухай хуулиас түүвэрлэн харах гээд үзье. Монгол Улс энэ онд түүхэндээ анх удаа 20.4 их наяд төгрөг зарцуулахаар Төсвийн тухай хуулиа баталсан.

Инфографик. Төсвийн зарлага 2013-2023

Хэдий эдийн засгийн нөхцөл байдал гадаад хүчин зүйлээс шалтгаалан амаргүй байгаа ч ийнхүү тэлэх бодлогыг Засгийн газар бариад буй.

2023 онд зарцуулах 20.4 их наяд төгрөгөөс 2.7 их наяд төгрөгөөр хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг санхүүжүүлэхээр УИХ төсвөө баталсан. Энэ мөнгө энэ онд ажлын байр бий болгох аж ахуйн нэгжүүд, үйлдвэрүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлж, бүтээн байгуулалтыг өрнүүлэх замаар эдийн засагт эргэлт бий болгон дэмжих тул онцолж буйгаа энд дурдъя.

Гэхдээ энд бас нэг зүйлийг тодотгох хэрэгтэй.

Дэлхий нийтийг хамарсан барилгын материал, түүхий эдийн гэнэтийн үнийн өсөлтөөс үүдэлтэйгээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн төслүүдийн төсөвт өртөг нэмэгдэх, хугацаандаа дуусахгүй байх эрсдэл үүссэн бөгөөд барилга, эрчим хүч, замын салбарыг хамарсан өргөн хүрээтэй үнийн өсөлтийн нөлөөг шийдвэрлэх зохицуулалтыг анх удаа хэрэгжүүлснээр дараах бүтээн байгуулалтууд үргэлжилж, хугацаандаа ашиглалтад орох нөхцөл бүрдээд байгаа юм.

Үүнд, 86 сургууль, 103 цэцэрлэг, 53 авто зам, 62 эмнэлэг, 47 соёлын барилга, 35 дэд бүтэц, 24 спортын байгууламж, 12 эрчим хүчний байгууламж хугацаандаа ашиглалтад орох төлөвтэй.

Төсвийн хөрөнгө оруулалтад энэ онд Засгийн газар олон шинэчлэл хийж байгаагаа зарласан. Тодруулбал, 2023 онд шинэ хөрөнгө оруулалт тусгахгүй. Харин эхлүүлсэн төслүүдээ ашиглалтад оруулна. Ингэснээр он дамжсан төсвийн хөрөнгө оруулалт бүхий төслүүдийн 86% нь энэ онд бүрэн дуусна гэж харж буй.

Энэ хүрээнд улсын хэмжээнд,

Энэ бол төсвийн хөрөнгө оруулалт. Үүнээс гадна барилга, дэд бүтцийн салбарыг дэмжсэн томоохон төсөл хөтөлбөрийг гадаадын зээл тусламж болон олон улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлнэ. Тухайлбал, 2023 онд гадаадын зээл, тусламжаар Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Төв цэвэрлэх байгууламж, Мянганы сорилтын сангийн Улаанбаатар хотын ундны цэвэр усны үйлдвэр, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр зэрэг томоохон төсөл хэрэгжихээр хүлээгдэж байна.

Ийнхүү 2023 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих 1061 төсөл дээр 17,986 ажлын байр бүхий гүйцэтгэгч компани ажиллана гэсэн тооцоо бий. Тэдгээр компанийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилснээр улсын хэмжээний ажил эрхлэлтэд эерэг нөлөө үзүүлнэ хэмээн үзэж байгаа юм.

Ингээд харвал “Шинэ сэргэлтийн бодлого” барьж байгаа Засгийн газраас боловсруулан батлуулсан 2023 оны төсөв барилгын салбарыг дэмжиж, эрчимжүүлнэ гэдэг нь тодорхой харагдаж байна. Үүнийг дагаад барилгын материалын үйлдвэрлэл нэмэгдэж, импортыг орлох боломж илүү нэмэгдэх нь дамжиггүй юм.

Томоохон дэд бүтцүүд хэрэгжсэнээр барилгын салбарт өсөлт бий болно. Барилгын материал үйлдвэрлэгчдийн тогтвортой, урт хугацааны үйл ажиллагаа хангагдана. Гагцхүү үйлдвэрлэгч ч тэр, төсөл хэрэгжүүлэгч ч тэр чанартай бүтээгдэхүүнийг тасралтгүй нийлүүлэх нь юу юунаас чухал болно гэсэн үг.

Тиймээс зөвхөн 2.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг харж биш, 20 их наядын бүтээн байгуулалт, эрэлтийг өнөөдрөөс тооцож үйлдвэрлэлээ хөгжүүлэх нь хэн бүхний бодох асуудал болж байна.

 

 

 

Холбоотой мэдээ