ЭХ ОРОНЧДЫН ӨДӨРТ

2024-03-01 529 0

 

МАН-ЫН АНХДУГААР ИХ ХУРАЛ БА НАМЫН АНХНЫ ЭМЭГТЭЙ ГИШҮҮН САХЪЯАГИЙН БАДАМЖАВ

 

Хураангуй: 1921 оны МАН-ын анхдугаар зөвлөгөөний үйл явц, хэлэлцсэн асуудлууд, хурлын төлөөлөгчид, хурлаас гарсан баримт бичиг, намын хэтийн бодлого, өмнөө тавьсан зорилт, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга замын талаар бичсэн болно.

Түлхүүр үг: МАН-ын анхдугаар зөвлөгөөн, МАН-ын анхдугаар их хурал, түмэн олонд тунхаглан зарлах бичиг, МАН-ын анхны эмэгтэй гишүүн, намын Төв Хорооны дэргэд байгуулагдсан эмэгтэйчүүдийн тасаг.

Үндсэн хэсэг: МАН-ын түүхэн замналд онцгой байр эзэлдэг намын их хурлуудын нэг нь 1924 онд намын III их хурлаас намын анхдугаар их хурал гэж албан ёсоор нэрлэхээр тогтсон Хиагт хотноо 1921 оны гуравдугаар сарын 1-3-нд хуралдсан монголын хувьсгалчдын зөвлөгөөн юм.

 

Монголын хувьсгалчид Гэгээтэйн дацанд байрлаж, тэр орчимд намын их хурлыг хуралдуулахаар төлөвлөж, бэлтгэж байжээ. Хурлын бэлтгэл ажлыг хариуцсан С.Данзан 1921 оны эхээр Хатанбаатар ван, Дайчин вангийн хошуудаар явж, намын анхдугаар хурлыг нээж, аливаа тусламжийг хүлээн авах зэргээр хувьсгалын хэргийг чанартайгаар үүсгэх явдлыг харилцан хэлэлцэж байв. Монгол орны улс төрийн байдал түргэн өөрчлөгдөж хувьсгалын хэрэг бачим болсон тул намын их хурлыг хугацаанаас нь өмнө хуралдуулах шаардлага гарч ардын журамт цэргийн анхны хороо салбар хил орчмын нутгийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэйгээр хурлыг нээхээр тогтож Дайчин ван, Эрдэнэ ван, Ахай гүнгийн хошуудад тусгай элч илгээжээ.

Ийнхүү 1921 оны 3 дугаар сарын 1-нд Оросын Дээд шивээ буюу Троицкосавск хотноо монгол ардын намын гишүүд журамт цэрэг ба зарим хошуудын төлөөлөгчид коминтерний Алс Дорно дахь хорооноос томилон гаргасан хүмүүсийн хамт Монголын хувьсгалчдын түүхт зөвлөгөөнийг нээжээ. МАХН-ын түүхэнд холбогдол бүхий зүйлүүд номд Дээд Шивээний газраа Бямбажавын байшинд нэгдүгээр хурлыг хуралдан Намын Төв Хороог сонгон байгуулсан гэж Г.Гэлэгсэнгэ бичжээ. Бямбажавын байшин гэдэг нь Б.Ринчен агсны эцгийн байшин юм. Г.Гэлэгсэнгэ хэдийгээр хуралд оролцоогүй боловч тухайн үед Намын Төв Хорооны нарийн бичгийн даргын алба хашиж Намын нэгдүгээр их хурлаас Намын Төв Хорооны гишүүнд сонгогдсон Ц.Дамбадорж, Д.Лосол нартай ойр ажиллаж байсан юм.

Үнэхээр энэ байшинд монголын хувьсгалчид байрлаж нууц хурал, зөвлөгөөн хийдэг байсан болохыг Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын монголын хувьсгалчид 1920-1921 онд нууц хурал, зөвлөгөөн хийж байсан байшин гэсэн утгатай үсэг бүхий самбарыг байшингийн хананд хүндэтгэлтэйгээр байрлуулсан нь энэ байшин мөн гэдгийг нотолно. Мөн Хиагт хотод гамин цэрэг чөлөөтэй нэвтэрч, хот түгшүүртэй байсан тэр цагт ЗОУ-ын Гадаад хэргийн ардын комиссариатын бүрэн эрхт төлөөлөгчийн, олны анхаарал татсан хотын төв дэх байшингаас хотын захад байрласан, хэрэг гарахад зугтаж зайлахад хялбар доороо нууц хонгилтой дээрх байшин нууц хурал зөвлөгөөн хийхэд илүү тохиромжтой найдвартай байсан нь ойлгомжтой.

Монголын хувьсгалчид хурлаа нээснийхээ дараа хуралд оролцогчдыг бүртгэж хурлын даргаар С.Данзан бичээчид Ц.Дамбадорж, Д.Дашзэвэг нарыг сонгон томилж хэлэлцэх хэргийг баталжээ. Үүнд: Нэгд: Тухайн цагийн байдлыг гаргаж хэргийг хэрхэн шийтгэвээс зохих ялыг хэлэлцэх Хоёрт: Ардын намын цэргийн бүх хэргийг ерөнхийлөн захирах газар байгуулах Гуравт: Энэхүү цэргийн ерөнхийлөн захирах газрын дүрмийн тухай Дөрөвт: Намын суртлыг ухуулан танилцуулах тухай хэлэлцэхээр тогтоожээ.

 

Эхний өдрийн хуралдаан:

 

Үндэсний тусгаар тогтнолын тэмцэлд гадаад түшиглэл хувьсгалчдын баримтлах тактик зэрэг нэн чухал асуудлыг хөндсөн эл хэргийг хэлэлцэхэд хурлын төлөөлөгчид ихээхэн ач холбогдол өгч өргөн санал шүүмжлэл явуулжээ. Хуралд С.Данзан монголын хувьсгалчдын байр суурийг тодорхойлон дэлгэрэнгүй илтгэсэн байна. С.Данзан хэлсэн үгэндээ

Нэгд: харьяат улсын доторх харгис самууныг устган хурааж өөрсдийн шашин суртал нутаг үндсээ ариутган хамгаалж тусгаар нэгэн улс болон тогтнох явдал монголын хувьсгалчдын тухайн үеийн гол зорилт мөн хэмээн тодорхойлжээ.

Хоёрт: Барон Унгерний босгосон засгийн газар нь цаашид улс болон тогтнож чадахгүй бөгөөд Оросын цагаантнууд Монгол хязгаарт цөмрөн орж монгол орныг хятадын милитаристуудаас чөлөөлөхөд түр тусалсан байдаг. Алсдаа монголын дайсныг далдлахын тулд хэрхэвч нөхөрлөж үл болно гэж дүгнэжээ.

Гуравт: Зөвлөлийн засагт Орос улсын үзэл бодлого нь олон түмэнд тус хүргэхээс өөр харшлах явдалгүй хэмээсэн нь туйлын үнэн тул түүнтэй нөхөрлөж эдүгээ ба эцсийн их хэргийг бүтээвээс сайн болно гэжээ.

Дөрөвт: ЗОУ-ын Москва хотноо одож тусламжийн хэрэг хэлэлцэн гүйцэтгэсэн ажлын дүнгийн тухай мэдээлжээ.

Энэ бүхнээс үзвэл хурлын дарга С.Данзан Барон Унгерн тэргүүтэй Оросын цагаантнууд Нийслэл Хүрээнээс Хятадын гамин цэргийг хөөн гаргаж Богдыг хаан ширээнд ёс төдий залж монголчуудыг өөртөө татан цэрэг дайны зорилгодоо ашиглах башир бодлого явуулж байсан нөхцөлд улс орны бий болсон байдалд зөв дүгнэлт хийж хувьсгалчдын баримталбал зохих байр суурийг оновчтой тодорхойлж чадсан байна. С.Данзаны хэлсэн үгтэй холбогдуулан хурлын төлөөлөгчид асуулт асууж санал бодлоо чөлөөтэй солилцон шүүн хэлэлцсээр шөнө дөл болсон тул уг асуудлыг маргааш үргэлжлүүлэн хэлэлцэхээр тогтож шөнийн 23 цагт завсарласнаар тухайн өдрийн хуралдаан өндөрлөжээ.

Хуралдаанд Түшээт хан аймгаас Эрдэнэвангийн хошууны Билигсайхан, Дамдинсүрэн, Дашзэвэг, Зоригт вангийн хошуунаас Содномдаш, Дархан вангийн хошууны Равжаа, Сэцэн хан аймгаас Ёст бэйсийн хошууны Сүхбаатар, Зоригт бэйсийн хошууны Пунцаг, Сайн ноён хан аймгаас, Сүжигт бэйсийн хошууны Данзан, Сайн ноён ханы хошууны Осор, Засаг хан аймгаас Ахай бэйсийн хошууны Наваан, Их шавиас Эх дагинын отгийн Лосол, Гэсэр жавын отгийн Бадарчин, Манзширын отгийн Дамбадорж, Эрхмийн отгийн Лувсан мөн Буриад Жамсрангийн Цэвээн, Дашпилийн Цэдэн-Иш, Цэрэнгийн Баламсоо нарын 17 хүн оролцжээ.

 

Хоёр дахь өдрийн хуралдаан: 

 

1921 оны гуравдугаар сарын 2-ны өдрийн 15 цагт монголын хувьсгалчдын зөвлөгөөний хоёр дахь өдрийн хуралдааныг хурлын дарга С.Данзан нээв. Хурлыг нээхэд урьд өдрийн хуралд оролцогчдоос Лувсан хасагдаж Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошууны Дамдинсүрэн, Сайн ноён хан аймгийн Сүжигт бэйсийн хошууны Далай, Буриад Жамбалын Сандагдорж нар нэмэгдэж хурал нээхэд 19 хүн оролцжээ. Хурлын орос хэл дээр бичсэн тэмдэглэлд хурал нээхэд байсан хүмүүсийн нэрсийн жагсаалтад Ж.Цэвээний гэргий Сахъяагийн Бадамжавын нэрийг нэмж бичжээ. Сахъяагийн Бадамжав (1889-1939) Зөвлөлт Буриад Улсын Хорийн аймгийн нутагт төрж өссөн дунд сургуулиа төгсөөд, багшилж байхдаа эрдэмтэн Цэвээн Жамсрановтой гэр бүл болсон. Октябрийн Хувьсгалын үзэл санааг ойлгосон С.Бадамжав 1921 оны гуравдугаар сард 25 нөхдийн хамт намд сайн дураараа элсэж, МАН-ын анхдугаар их хуралд оролцож, Намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бие сэтгэлээ зориулан, ардын намын үйл хэрэгт хүчин зүтгэж явсан намын анхны эмэгтэй гишүүн юм. Ардын хувьсгалын анхны Шивээ хиагт дууг Бадамжавтай хамтран дуулж байснаа партизан Навааны эхнэр Цэнд-Аюуш гуай дурсан ярьсан байдаг. Намын анхны эмэгтэй гишүүн С.Бадамжав Бүх дэлхийн эмэгтэйчүүдийн анхдугаар их хуралд оролцож, олон улсын эмэгтэйчүүдийн хөдөлгөөний нэрт зүтгэлтэн Клара Цеткинтэй танилцан монголын эмэгтэйчүүдийн дунд хувьсгалын үзэл суртлыг дэлгэрүүлэх эмэгтэйчүүдийн байгууллага байгуулах талаар зөвлөлдөж байжээ.

Тухайн үеийн нийт эмэгтэйчүүдийн нийгмийн сэтгэлгээ, мэдлэг чадвар, хомс, намын зорилго бодлогыг сайн ойлгоогүйгээс намд элсэх хүн ховор байсан боловч ухуулга таниулгын үр дүнд С. Янжмаа, Бортолгой нарын бүсгүйчүүд намд элссэн байна. Намд элсэгч эмэгтэйчүүдийн тоо олширч, 1924 оны гуравдугаар сарын 19-ний өдөр Пагамдулам, Хаснавч, Бадамжав нарын таван гишүүний бүрэлдэхүүнтэй намын Төв Хорооны эмэгтэйчүүдийн тасгийг анх зохион байгуулж байсан түүхтэй.

МАН-ын анхдугаар хурлын эхэнд урьд өдрийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж санал шүүмжлэл явагдсаны эцэст хурлын даргаас Зөвлөлийн засагт Орос улсын тусламжийг хүлээх эсэхийг лавласанд хурлын төлөөлөгчид уг тусламжийг хүлээн шүтэх, цагаантнаас эрс тэс хагацах хэмээн хэлэлцэж тогтов. Дараа нь хоёр, гуравдугаар зүйлийг хэлэлцэж, Ардын намын цэргийн хэргийг захирах газрын штаб нэртэйгээр байгуулж штабт таван түшмэд сонгох түүнээс гурвыг нь Ардын намын гишүүдээс үлдэх хоёрыг нь коминтернээс томилогдсон хүмүүсээс сонгохоор тогтжээ. Цэргийн ерөнхийд Д.Сүхбаатар гишүүдэд С.Данзан, Н.Билигсайхан нарыг сонгож түүнээс Билигсайханыг бичиг хэргийг эрхлэхэд С.Данзанг цэргийн хэрэгт тусгай мэргэжил дадал олсон хүнийг урин ирүүлэх хүртэл түр сонгов. Хурлын төгсгөлд С.Данзан, Д.Сүхбаатар нар Монгол ардын намын зорилго бодлогыг тайлбарлан ухуулж намд гишүүнээр элсэхийг хүсэгчдийг нэрсээ бичүүлэхийг хүсэв. Энэ дагуу намын суртлыг дагаж намд гишүүнээр элсэх хүсэлтээ 24 хүн илэрхийлж нэрсээ бүртгүүлжээ. Ийнхүү Монгол ардын намын гишүүд Ардын журамт цэрэг болон зарим хошуудын төлөөлөгчдийн хамтарсан зөвлөгөөн хэлэлцэх хэргээ амжилттай дуусгаж мөн өдрийн оройн 18 цагт хурлаа хаажээ.

 

Гурав дахь өдрийн хуралдаан: 

 

1921 оны 3 дугаар сарын 3-ны өдөр хуралдсан Монголын хувьсгалчдын хурал нь урьдах хоёр өдрийн хуралдаанаас зарчмын ялгаатай хурал байв. Энэ нь хурлын тэмдэглэлд хоёр хурлын “хурлын бичиг”, “Монгол ардын намын хурлын бичиг” гэж зааглан тус тусад нь ялгавартай гарчигласнаас эхлэн мэдэгдэж байна. Нэгд: Хоёр хурал хэлэлцэх хэргээ тус тусдаа төлөвлөж товлосон хугацаандаа хэлэлцэж дуусгавар болгожээ. Эхний хоёр өдрийн хуралдааны хэлэлцсэн гол асуудал нь Монгол орны улс төрийн байдалд дүн шинжилгээ хийж улс орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөх нийт ард түмний хэрэг байсан бол гурав дахь өдрийн хуралдаанд намын зохион байгуулалт мөрийн хөтөлбөр зэрэг зөвхөн намын өөрийнх дотоод асуудлыг хэлэлцжээ. Хоёрт: Эхний хоёр өдрийн хуралдаан нь МАН-ын гишүүд Ардын журамт цэрэг, зарим хошуудын төлөөлөгчид оролцсон хувьсгалчдын өргөтгөсөн зөвлөгөөн байв. Тиймээс хурлын бүрэлдэхүүнийг аль болох өргөтгөхийг эрмэлзэж орон нутгаас төлөөлөгч ирүүлэхээр элч илгээж тэгэхдээ төлөөлөгчдийн намын хуралд биш улс орны амин чухал асуудлыг хэлэлцэх хамтарсан зөвлөгөөнд урьсан байна. Тэгвэл гурав дахь өдрийн хуралдаан нь бүрэлдэхүүний хувьд дан намын гишүүдийн хурал байсан юм. Гуравт: Хоёр хурлын дэг дотоод журам хоорондоо ихээхэн ялгаатай байх бөгөөд хурлын тэмдэглэлийг тус тусад нь хөтөлж тус бүрд нь гарчиг өгчээ. Манай Ардын намын өмнө хоёр зорилт шууд тулж ирснийг тодорхойлбоос хятадын эрх мэдлийг бүр мөсөн арилгах ба Бүгд найрамдах журамтай Үндэсний эрх засгийг байгуулах болно.

Эл байгуулсан эрх засаг нь Зөвлөлт засаг бүхий Орос улсын хамгаалалтад итгэн түшиж энэхүү Оросын цагаан намын цэргээс бүр мөсөн ангижрах байдалд хүрвээс зохих тул Ардын эрх бүхий засгийг байгуулахаар тогтоолыг гаргаваас зохих болов уу хэмээн хурлын гишүүдэд ухуулан уриалжээ. Үүний дараа хурлын удирдах бүрэлдэхүүнийг сонгоход хурлын даргад Д.Сүхбаатар, хурлын дэд даргад Ж.Цэвээн, нарийн бичгийн даргад Ц.Дамбадорж, Ц.Баламсоо, Б.Дэжид-Осор нар сонгогджээ.

Хуралд баяр хүргэх, Монгол Ардын Намаас түмэнд тунхаглан зарлах бичиг түүний оршлыг хэлэлцэж батлах, Намын Төв Хорооны гишүүдийг сонгох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж баталсан байна. Нэгдүгээр зүйлийг хэлэлцэхэд коминтерний төлөөлөгч Б.З.Шумяцкийн нэр дээр баярын цахилгаан утас явуулахаар тогтжээ. Дараа нь коминтернийтөлөөлөгч III интернационал байгуулсан учир түүний зорилтыг тайлбарлан хэлэхдээ III интернационал нь тэргүүний орнуудын коммунист намууд Зөвлөлт Орос улс түүний хүчирхэг улаан арми мөн хоцрогдсон орнуудын хувьсгалт намуудад түшиглэдэг бөгөөд пролетари болон дарлагдсан бага буурай ард түмний хүсэл сонирхлыг жинхэнэ өмгөөлөгч юм. Иймд тус хурлаар Монголын хөдөлмөрчин олны ашиг сонирхлыг тууштай хамгаалж III интернационалын тугийн дор нэгдсэн хөдөлмөрчин түмэнтэй хамтаар өөрийн ард түмнийг дэвшил соёлын замаар гэрэлт ирээдүйд хөтлөхийг танай намд уриалж байна гэв. Хурлын Монгол Орос тэмдэглэлд коминтерний энэ төлөөлөгч нь Бэгз хэмээх Ж.Цэвээн гэж тэмдэглэжээ.

Дараа нь Монгол Ардын Намаас түмэнд тунхаглан зарлах бичиг түүний оршлыг хэлэлцэж батлах ажилд оров. Ж.Цэвээнд даалгасан ёсоор уг баримт бичгийн төгсгөл хийснээ хурлын төлөөлөгчдөд дуудан сонсгож Ц.Баламсоогийн тэмдэглэснээр баримт бичгийн учир утга, чанар юу болохыг зүйл дараалан нэгд нэгнээр тайлбарлан илтгэжээ.

1921 оны хавар Монгол орны улс төрийн байдал түргэн өөрчлөгдөж намын их хурлыг яаралтай хуралдуулах шаардлага гарахад мэдлэг чадварыг нь харгалзан Ж.Цэвээнд намын их хурлаар хэлэлцэх үндсэн баримт бичгүүдийн төсөл хийх даалгавар өгчээ. Ж.Цэвээн энэ даалгаврыг биелүүлэхдээ ОК (б) Н-ын баримт бичгийг шууд хуулбарлан ашиглахыг урьдал болгосонгүй харин монголын хувьсгалчдын тавьж буй зорилт үзэл баримтлалыг дэлхийн нийтийн хөгжлийн чиг хандлагатай нягт авцалдуулан зохиохыг зорьжээ.

Үүний үр дүнд уг төсөлд монголын хувьсгалчдын баримт бичигт урьд өмнө байгаагүй онолын чанартай олон чухал шинэ дүгнэлт орсноос гадна монголын хувьсгалчдын монголын ард олны эрх мэдлийг эрхэмлэх монголын төрийг босгох хэмээсэн хоёр зорилт түүнийг хэрэгжүүлэх арга зам зохих хэмжээгээр тусгагдаж чаджээ. Энд нэгэн зүйлийг тэмдэглэхэд хэдийгээр эдгээр баримт бичгийн эхийг нэгэн хүн зохиосон боловч түүнийг шүүмжлэн хэлэлцэж зохих засварыг хийж батлахад хурлын нийт төлөөлөгч идэвхтэй оролцсон тул уул баримт бичгийг намын нэгдүгээр их хурлын төлөөлөгчдийн хамтын бүтээл гэж үзэх нь дамжиггүй. МАН-аас түмэнд тунхаглан зарлах бичиг түүний оршил нь намын онолын сэтгэлгээ үзэл санааны хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсан нэн чухал баримт бичиг байсан нь маргаангүй билээ. Гэвч энэ нь уг баримт бичиг төгс төгөлдөр боловсруулагдсан гэсэн хэрэг хараахан бишээ.

Монгол эхийн хурлын тэмдэглэлийн араас Монгол Ардын Намаас түмэнд тунхаглан зарлах бичгийн оршлыг хавсаргасан нь хадгалагдан үлджээ. Харин уг тунхаглан зарлах бичгийн эх нь байхгүй бөгөөд энд байгаа тунхаглан зарлах бичгийн оршлыг Ж.Цэвээний нэгэн гар бичмэл эх 1921 оны долоо дугаар сарын 8-нд аймаг хошуудад бичиж тараасан эхүүдтэй тулгаж үзэхэд үг үсэг нэлээд зөрүү ажиглагдах боловч тэдгээрээс бидний өгүүлэн буй эх нь намын нэгдүгээр их хурлаас баталсан хамгийн анхны эх мөн болох нь мэдэгдэж байна.

Хурлын төгсгөлд Намын Төв Хороог байгуулах асуудлыг хэлэлцжээ. Хурлын тэмдэглэлд Намын Төв Хороог байгуулах болсны учрыг тайлбарлахдаа Нэгд: Нийслэл хүрээн дэх намын байгууллага хятадын милитаристуудын хатуу чандлагаас болж үйл ажиллагаагаа зогсоосон Хоёрт: Хил орчмын нутагт намын бодит хүчин хуралдаж буй учир тэнд намын хүчнийг төвлөрүүлэх Гуравт: Хиагт хотыг чөлөөлсний дараа намын төв байгууллагын удирдлагаар хангах, намын үйл ажиллагааг монгол нутгийн гүн рүү дэлгэрүүлэх шаардлага бий болсонтой холбон тайлбарлажээ.

Эл ажлыг удирдах байгууллагыг Намын Төв Хороо нэртэйгээр байгуулж Төв Хорооны даргад С.Данзан, гишүүдэд Ц.Дамбадорж,Д.Лосол, бичиг хэргийн эрхлэгчид Д.Бадарчин, Ж.Дэжид-Осор нарыг сонгож, тус Төв Хорооны бүрэн эрх нь Хиагт хотыг чөлөөлсний дараа боломж гармагц Намын Төв Хорооноос зарлан хуралдуулах дараагийн бага хурал хүртэл хүчинтэй хэмээн тогтжээ.

Ийнхүү Монгол Ардын Намын анхдугаар их хурал нь хэлэлцэх хэргээ амжилттай дуусгаж мөн өдрийнхөө 16 цагт өндөрлөжээ. Энэ өдрийн хуралдаанд бүгд 26 хүн оролцжээ. Монгол Ардын Намын Төв Хороог сонгож намын зохион байгуулалтын хувьд бэхжүүлж намаас хувьсгалд тавих зорилт баримтлах тактикийг тусгасан Монгол ардын намаас түмэнд тунхаглан зарлах бичгийн оршил, Монгол ардын намаас гадаад монголын түмэнд тунхаглан зарлах бичиг гэсэн нэн чухал хоёр үндсэн баримт бичгийг хэлэлцэж баталсанд тус их хурлын түүхэн ач холбогдол оршино.

Бичсэн: Ж.ЦЭЦЭГМАА

Доктор, (Sc.D) профессор, Их Засаг олон улсын их сургуулийн I проректор

Холбоотой мэдээ