Өнөөдөр хүүхдийн хорт хавдрын эсрэг олон улсын өдөр. Дэлхий дээр өдөр бүр шинээр 43 хүүхэд хорт хавдраар оношлогдож, Монгол Улсад 2019 оны байдлаар хорт хавдартай 319 хүүхэд байгааг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээлэв. Хорт хавдрын улмаас эндсэн хүүхдийн тоо 2014 онд 44 байсан бол 2018 онд 61 болж өсчээ.
Хүүхдийн хорт хавдрын 40 хувь нь хожуу шатандаа оношлогддог нь эмчилгээний үр дүн тааруу, цаашилбал эмчлэгдэх боломжгүй болж, эдгэрэлт муу байхад нөлөөлдөг байна. Хорт хавдрын дийлэнх нь цусны, тархины, лимфома ба зөөлөн эдийн хавдар, тухайлбал нейробластома, Виллямс хавдар элбэг тохиолдож байна.
Статистикаас харахад манай улсад шинээр оношлогдож буй хүүхдийн хавдрын гуравны хоёрыг хортой хавдар эзэлж байгаа нь өндөр үзүүлэлт юм. Өвчлөлийн хувьд 15-19 насныханд яс болон үений мөгөөрсний хорт хавдар зонхилж байгаа бол 0-4 насныхан нүд ба түүний дайврын хорт хавдарт нэрвэгдэж байна. Мөн тархи, нугасны, зөөлөн эдийн хавдар бага насныханд түгээмэд тархжээ. Харин цусны болон тархи, нугасны хорт хавдар 5-9 насныханд илүү тохиолдож байгаа юм.
Мэргэжлийн байгууллагын өгсөн мэдээллээр хүүхдийн хорт хавдрын шалтгааны дийлэнх нь тодорхойгүй байдаг бөгөөд ихэнх нь удамшлын шалтгаантай үүсдэг ч хэзээ, яаж, хаана, яагаад ургасан нь “нууц” аж. Харин агаар, орчны бохирдол, эцэг, эхийн хорт зуршил, хүнсний аюулгүй байдал нь хорт хавдар үүсэхэд голлон нөлөөлдөг аж.
Дэлхий нийтээр хүүхдийн хорт хавдрыг эрт оношилоход анхаарлаа хандуулж эхэлсэн бөгөөд 2030 он гэхэд ийм өвчтэй хүүхдүүдийн амьдрах чадварыг 60 хувьд хүргэхээр зорьж байгаа юм байна. УИХ-ын гишүүн, Хавдар судлалын үндэсний төвийн захирал асан Ж.Чинбүрэн “Хорт хавдрыг ялан дийлэхэд оношилгоо чухал үүрэг гүйцэтгэдэг. Хэдий чинээ эрт оношилж илрүүлнэ төдий чинээ хавдрын эмчилгээ үр дүнтэй байдаг” гэв.
Хүүхдийн хорт хавдраас сэргийлэх, хавдартай хүүхдүүдийн хөнгөвчлөх болон бусад эмчилгээг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд манай улс зорилт тавин ажиллаж буй аж. ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр “Хорт хавдартай хүүхдүүдийн эмчилгээний загварыг боловсронгуй болгох, эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эрт оношилгоог сайжруулах, эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх зорилт тавьсан. Энэ дагуу үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэн ажилласнаар 2030 он гэхэд хорт хавдартай хүүхдүүдийн амьдрах чадвар 60 хувьд хүрч, эмчилгээний чанар, хүртээмж хоёр дахин нэмэгдэнэ” гэлээ.
0 cэтгэгдэлтэй