А.ЭРДЭНЭБИЛЭГ: Төр, шүүгч хоёр хэтэвч нэгтэй болчихоод, үндэсний компаниа хорлон сүйтгэж, хөгжлийг гацааж байна

2024-11-07 31 0

“Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн нэр бүхий шүүгчид төрийн өндөр албан тушаалтнуудад үйлчлээд, Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүдийн 1000 км урттай, 48 метрийн өргөн хурдны авто замын төслийг 9 жил гацааж байна. Төслийн төсөвт өртгийн 10 хувийг буюу нэг тэрбум ам.долларыг хахуульд нэхээд байна. Төр шүүгч хоёр хэтэвч нэгтэй болжээ…” хэмээн хэвлэлийнхэнд хандсан Чингис Лэнд Девелопмент групп-Шинэ хөгжлийн зам компанийн Хуулийн зөвлөх А.Эрдэнэбилэгтэй ярилцлаа.

____________________________________________________________________

-Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч нар авлигачид уу эсвэл хөгжлийг гацаагчид уу гэдгийг та олон нийтээс асууж байна. Ямар шалтгааны улмаас шүүгчдэд “гомдож” байгаа вэ?

-Миний ард дэлгэцэнд харагдаж байгаа авто зам баригдсан бол эдийн засаг хэдийн солонгорч, худалдаа арилжааны гарц нэмэгдэж, авто замын түгжрэл үлэмж буурах байлаа.  2011 онд Монгол Улсын Ерөнхий сайд, БНХАУ-ын Ерөнхий сайд нар Адтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлийн 1000 км олон улсын өндөр хурдны авто зам барихаар тохирч, гэрээ байгуулж улмаар тендер зарласан байдаг. Тендерт 6 консерциум оролцож, Чингис Лэнд Девелопмент групп-Шинэ хөгжлийн зам компани эцсийн шатанд шалгарч, концессын гэрээ байгуулсан байдаг. Тендерт ялсан компани ажлаа эхлүүлж, хурдны замын ТЭЗҮ-ийг хийхийн тулд 100 сая ам.долларын хөрөнгө босгож, Итали, Англи, Япон, Хятад, Орос, Солонгос, Канадын мэргэжилтнүүдийг оролцуулан 1000 км урт, 49 метр өргөн газрын солбицол, өндрийг тогтоон, хөрсний шинжилгээнүүдийг хийсэн байдаг. Нийт 6 аймгийн 24  сумын иргэдтэй уулзаж, түүхийн дурсгалт газруудыг тойруулан судалгаа хийсэн нь өнөөдөр авлигач төрийн өндөр албан тушаалтан, шүүгч нараас болж ямар ч үнэ цэнгүй ажил болоход хүрлээ.

-Хоёр улсын Засгийн газар хоорондын яриа хэлэлцээний хүрээнд тендер зарлаж, эхлүүлсэн ажлыг яагаад гацааж, өнөөдрийг болтол ажлыг эхлүүлээгүй нь сонин байна?

-Энэ бол Монголын төр, төрийн бүх шатны байгууллага авлигад идэгдсэний гай юм. Уг төсөл “Бүс ба зам” хөтөлбөрийн ажлын хэсгийн шаардлагад тэнцэж, хөрөнгө оруулалтаа бүрэн шийдвэрлүүлсний дараа  2015 оны нэгдүгээр сард ҮАБЗ-өөс гэрээг нууцлалд ав гэх даалгавар өгсөн байдаг. Ингээд байгууллагын нууцад авсан. Гэтэл дахин шаардлага тавьж, төслийн төсөвт өртгийн 10 хувь буюу нэг тэрбум ам.долларыг Монголд оруулж ир гэж тулгасан. Үүнийг биелүүлээгүй үндэслэлээр мөн оныхоо дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Засгийн газрын “Концессын гэрээг цуцлах тухай” 158 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоолыг хүчингүй болгуулахаар Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэх гаргаад, гурван шатны шүүх, мөн Дээд шүүхээс 2016 оны тавдугаар сарын 26-нд 561 тоот тогтоолыг гаргаж хүчингүй болгосон. Гэтэл Монгол Улсын Засгийн газраас дахин 200 дугаар тогтоол гээчийг гаргаж “Зургаан сарын дотор нэг тэрбум ам.долларыг Монголд оруулж ир” гэсэн байдаг.

-Засгийн газар ажил хийх баталгаа болгож санхүүжилтээ оруул гэсэн юм бишүү. Хөрөнгө оруулагч талд итгэхийн тулд?

-Монгол Улсын Засгийн газар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Тухайлбал, трассын дагуух газрын чөлөөлж олгох, тусгай зөвшөөрлүүдийг манай компанид олгох гэх мэт. Гэтэл хөрөнгө оруулагч тал гэрээний нөхцөл биелэсэн тохиолдолд манай компанийн дансанд нэг тэрбум ам.доллар байршуулах боломжтой гэсэн шаардлага тавьсан. Гэтэл 2019 оны зургаадугаар сарын 09-нд Засгийн газраас дахин 241 тоот тогтоол гаргаж, Монгол Улсын Дээд шүүхээс хүчингүй болгосон 158 тоот тогтоолыг сэргээж, шүүхийн тогтоолыг биелүүлж гаргасан 351 тоот тогтоолоо хүчингүй болгосон байдаг. Монголд хөрөнгө оруулалт татаж, бүтээн байгуулалт хийхээр зорьж байгаа үндэсний компаниа энэ мэтээр хорлон сүйтгэж, удаа дараа дарамт үзүүлж, ажил хийлгэхгүй байх бүх боломжийг ашиглаж, саад тээг тавьж суугаа төрийн өндөр албан тушаалтнууд хөгжлийг гацаагчид болоод байна. Төр, шүүх хоёр хэтэвч нэгтэй болжээ.

-Хэтэвч нэгтэй болсныг та ямар үндэслэлээр хэлж байна вэ?

-Монгол Улсын Дээд шүүхээс хүчингүй болгосон 158 тоот тогтоолыг сэргээх эрх Засгийн газарт байхгүй. Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчлөө гэсэн асуудлаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл тус шүүхийн шүүгч Ц.Сайхантуяа, Д.Оюумаа нар нь “Үндсэн хууль, бусад хуульд нийцнэ гэж үзнэ” хэмээн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Бүрэлдэхүүний шүүгч Г.Мөнхтулга тус шийдвэрийг эс зөвшөөрч эсрэг санал гаргасан байдаг. Шүүгч Ц.Сайхантуяа, Д.Оюумаа нар нь шийдвэр гаргахдаа шүүх хурал дээр мэтгэлцсэн, тайлбаруудыг хасаж, шүүх хурал дээр мэтгэлцээгүй, тайлбарлаагүй гэх үндэслэлээр хууль зөрчин шийдвэр гаргасан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч нар нь төрийн өндөр албан тушаалтнуудын заавраар, тэдний гар хөл болж хуулиа зөрчиж шийдвэр гаргаж байна. Эцэст нь, хөрөнгө оруулалт нь баталгаажсан төслөөс нэг тэрбум ам.доллар нэхэж ажил гацаасан дарга нар хөрөнгө оруулалт, санхүүжилт нь баталгаажаагүй, ТЭЗҮ нь ч бүрэн хийгдээгүй, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас хэрэгжүүлэхээр зорьж байгаа 33, 14 мега төслийг гацаахгүй явуулахын төлөө хэдэн ам.долларыг нь өөрсдөдөө төлөхийг шаардах бол.

-Та бүхэн 9 жил ажлаа явуулж чадаагүй. Энэ хугацаанд төгрөг, валютын ханшийн зөрүү, алдагдсан боломжийн өртгийг тооцох аргагүй. Хөрөнгө оруулагчдын итгэл, гэрээгээр хүлээсэн үүрэг гэж бий. Засгийн газар, шүүх засаглалынхаа эсрэг та бүхэн ямар арга хэмжээ авах вэ?

-Манай компани Олон улсын арбитрын шүүхэд хандаад байна.

Холбоотой мэдээ