З.Цэлмэг

З.Цэлмэг

https://www.facebook.com/TseZdata/

ДАТА ИНФО: Ерөнхий сайд аа, Хотын дарга аа нялх үрээ тэврээд эх орноосоо зугтахсан

2021-03-02 2024 2

Tand.mn сайт хүүхэд хамгааллын мэргэжлийн байгууллагуудтай хамтран 2018-2020 онд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэргийн статистикийн мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн ээлжит нийтлэлээ хүргэж байна.

-Гурван жилд гэмт хэргийн улмаас 298 хүүхэд амиа алдаж, 1700 хүүхэд гэмтэж, 2469 хүүхэд хохирчээ-

Энэ улсын ирээдүй болох учиртай 298 хүүхэд өнгөрсөн гурван жилд гэмт хэрэгтнүүдийн гарт халуун амиа алджээ. Дийлэнх нь орон нутагт. Тэнд гэмт хэргийн улмаас 2018-2020 онд 204 хүүхэд эндчихэж. Нэг аймагт дунджаар жил бүр 3-4 гэр бүл хүүхдээ бусдын гарт зүй бусаар алдаж, амьдын тамд унадаг гэсэн үг.

Бас улсын хэмжээнд 1700 хүүхэд гэмт хэргийн улмаас бэртэж гэмтэж, 2469 хүүхэд ямар нэг байдлаар хохирчээ. Нийлүүлээд тооцвол гэмгүй, дэгдэж дэрвэж явсан 4467 хүүхдийн амь нас, бие махбод, эрүүл мэнд, сэтгэл санаа дэлбээлж гүйцэлгүй, ажилгүйдэл, ядуурал, гуйланчлалаас үүдэлтэй гэмт хэргийн хар сүүдэрт хагдарч унах нь тэр. Болдог бол нялх үрээ тэврээд, балчир хүүгээ хөтлөөд энэ улсаас зугтахсан.

 

Хамгийн тохуутай нь, эрх баригчид 2018-2019, 2019-2020 оныг хүүхдийн хөгжил хамгааллын жил болгон зарласан авч энэ хугацаанд гэмт хэрэг үйлдэж, гэмт хэрэгт холбогдож бас амь нас, бие эрхтнээрээ хүүхдүүд эрсэдсээр л байж. Уг нь уулын мухар, эзгүй тал, ойн гүнд, бүр түм түжигнэсэн шуугиант хотын хаа нэгтээ гээд энэ улсын өнцөг булан бүрд аж төрж буй хүүхдүүдийг хамгаалахаар жил бүр 8-9 тэрбум төгрөгийг төсвөөс хуваарилж байгаа. Энэ мөнгийг хүүхдийг аливаа эрсдэлээс сэргийлж, эрсдэлд өртсөн бол хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэхэд зарцуулах учиртай.

 

 

 

Энэ мөнгөний тодорхой хэсэг 2018, 2019, 2020 онд гэмт хэрэг үйлдсэн 3302, гэмт хэрэгт оролцсон 2620 хүүхэд, гэмт хэргийн золиос болсон 4467 хүүхэд гэмтсэн 1700 хүүхэд, нас барсан 298 хүүхэд нийт 10,389 хууль зөрчсөн болон гэмт хэргийн гэрч, хохирогч болсон хүүхдэд кейс нээж, хариу үйлчилгээ үзүүлсэн байх ёстойг “Хүүхдийн эрх хамгаалал төв”-ийн тэргүүн Д.Ундраа хэллээ.

 

Ийм хүүхдүүдтэй хэрхэн ажилласан талаарх бүртгэл тайланг Монгол Улсын хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ та мэдэж танилцсан байх учиртай. Хэрэв ийм бүртгэл байхгүй, Ерөнхий сайд энэ тухай мэдэхгүй бол Монгол Улсын Засгийн газрын гэр бүл төвтэй хүүхэд хамгааллын бодлого үлгэн салган, хүүхэд хамгааллын тогтолцоо доголон, хазгар байгаагийн илрэл.

Ямар ч удирдагч хүн тухайн цаг үедээ өв үлдээдэг. 2018-2019 онд гэмт хэрэгт өртөж хохирсон, хууль зөрчсөн хүүхдүүдийн тоо дорвитой буураагүй байна гэдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн өмнөх тэргүүн У.Хүрэлсүхийн үлдээсэн өв. Үүнийг одоогийн Ерөнхий сайд залгамжан, цаашдаа 1.2хон сая монгол хүүхдүүд гэмт хэрэг үйлдэж, гэмт хэрэгт өртөж хохирсоор байх уу гэдгийг шийдэх ажил эхэлж байна.

 

Цагдаагийн ерөнхий газарт бүртгэгдсэн гэмт хэргийн албан ёсны бүртгэл мэдээлэлд бидний хийсэн дүн шинжилгээгээр сүүлийн гурван жилд хүүхэд гэмт хэрэг үйлдэхээс, гэмт хэрэгт ямар нэг байдлаар өртөж хохирохоос сэргийлэх ажил Ховд, Булган, Говь-Алтай, Архангай, Өмнөговь, Баян-Өлгий, Дорноговь, Хэнтий, Увс гэсэн аймгуудад бараг л орхигдчихож. Гурван жилийн дунджаар эдгээр аймагт дээрх үзүүлэлт өссөн  байгаа нь хүүхэд хамгааллын бодлого анхан шатандаа завхарсан, хойрго байгаагийн илрэл. Харин сайн мэдээ гэвэл Дархан-Уул зэрэг аймагт хүүхдийг гэмт хэргээс сэргийлэх, хууль зөрчих явдлыг таслан зогсоох ажилд үр дүн гарч эхэлж байгаа нь тодорхой байна. Хүн ам ихтэй, олны хөлд дарагдсан нутаг оронд хүүхдүүдээ гэмт хэргээс сэргийлэх ажил 30 гаруй хувьтай буурна гэдэг багагүй хүчин зүтгэл.

 

 

Харин нийслэлийн хэмжээнд хүүхэд хамгааллыг манлайлах учиртай албан тушаалтан бол Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар ТА. Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн учраас Д.Сумъяабазар дарга ТА Ерөнхий сайдтай гар сэтгэл нийлж хүүхэд хамгааллын ажилд манлайлах учиртай албан тушаалтан. Гэтэл энэ хотод чинь гэмт хэрэг үйлдсэн, оролцсон хүүхдийн тоо буурахгүй байна.

 

Ялангуяа, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэг хүүхдийг яаж хүчирхийлж, замыг нь алдуулж, гэмт хэрэгт татан оролцуулж, амь насыг нь хохироодгийг “үлгэрлэж” байгаа нь харамсалтай. Дүүргийн удирдлагууд нь ч мэдэж байгаа юм алга. Эдгээр дүүрэгт эрсэдсэн хүүхдүүдийн түүхээр ХҮҮХДЭД ЭЭЛГҮЙ МОНГОЛ УЛС гээд дэлхийд тунхагласан ч болохоор байна.

Чаддагсан бол нялх үрээ тэврээд, балчир хүүгээ хөтлөөд энэ хотоос дайжихсан.

  • улс орнууд ирээдүйн бодлого, төлөвлөгөө байгаа юу гэдэг нь хүүхдүүд дээрээс нь яг толин тусгал шиг харагддаг. Өөр өөрийн хүүхдээ хайрлаад байгаа ч орчин тойрондоо хүүхдийн талаар анхаарал хандуулахгүй байнаа гэдэг нь улс цаашид оршин тогтнох ирээдүйн төсөөлөл ер байхгүй байгаагийн тод илрэл. Мал амьтны сүрэг дээр жиших юм бол сүргийн бүтцээ алдаад, үр төлөө огт хамгаалахгүй сөнөж яваа бүлэг амьтад гэсэн үг.

Холбоотой мэдээ