З.Цэлмэг

З.Цэлмэг

https://www.facebook.com/TseZdata/

Ховд аймагт хүүхэд хууль зөрчиж, гэмт хэрэгт хохирсон тохиолдол 153% өсчээ

2021-03-04 996 0

Хууль тогтоох байгууллагын архаг түшээд болсон УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Пүрэвдорж болон Ш.Адьшаа нарын сонгогдсон Ховд аймаг өнгөрсөн гурван жилд хүүхэд гэмт хэрэгт өртөж хохирох, гэмт хэрэг үйлдэх, оролцох үзүүлэлтээр орон нутгийг тэргүүллээ. Энэ талаарх мэдээлэлтэй эндээс танилцана уу. Загасчны морь усгүй гэдэг шиг хуулийн салбарт хамгийн амбийцтай гишүүдийг парламентад хэдэнтээ илгээсэн Ховд аймгийн удирдлагууд ирээдүй болсон хүүхэд багачуудаа гэмт хэрэг, хууль зөрчих явдлаас сэргийлэх ажилдаа туйлын хойрго хандаж байгааг илтгэх тоон үзүүлэлтүүд хөвөрсөөр байна.

Цагдаагийн ерөнхий газарт бүртгэгдсэн мэдээллээр 2018-2020 онд тус аймагт хүүхэд хууль зөрчих, гэмт хэргийн хохирогч болсон тохиолдол 280 бүртгэгджээ. Энэ нь орон нутаг дахь нийт тохиолдлын долоо орчим хувийг эзэлж байгаа юм. Гэхдээ гурван жилийн дунджаар аваад үзвэл Ховд аймагт хүүхэд гэмт хэрэг үйлдэх, холбогдогч болох, гэмт хэрэгт өртөж бэртэж, амь насаараа хохирох тохиолдол 153 хувиар нэмэгдсэн бөгөөд 2019 онд хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн байна.

Ховд аймаг 25 орчим мянган хүүхэдтэй бөгөөд үүнээс 1600 гаруй нь эрсдэлт нөхцөлд амьдардаг аж.

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийг ахалдагийн хувьд бид Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд ГХУСАЗСЗ Г.Пүрэвгандитай холбогдож, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрхэн ажиллаж байгааг тодруулсан юм.

Г.Пүрэвганди: Хүүхдийн эрхийн зөрчлийг энэ онд 50-60 хувь бууруулна

Тэрбээр “Бид танай сайтын бэлтгэсэн мэдээлэлтэй танилцсан бөгөөд аймгийн ГБХЗХГ болон Боловсрол соёлын газартай хуралдаж, яагаад ийм байдал үүссэн талаар ярилцсан. 2019 онд хүүхэд гэмт хэрэг үйлдсэн тохиолдол өндөр бүртгэгдсэн нь Зөрчлийн тухай хуультай холбоотой болов уу. Аймагийн засаг дарга бид хоёр улирч ажиллаж байгаа. Өнгөрсөн дөрвөн жилд үргэлж л хүүхдийн төлөө “За” гэж хэлж ирсэн бөгөөд энэ хүрээнд хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлэх олон ажлыг зохион байгуулдаг. Тухайлбал, сургуулийн болон цахим орчноор нь, эцэг эхээр нь дамжуулан хүүхдийг гэмт хэргээс сэргийлэх чиглэлээр нэлээд ажил хийдэг. Тухайлбал, 2019 онд 2 дугаар сургуультай хамтран 350 орчим эрэгтэй хүүхдийн дунд зөвхөн хөвгүүдтэй холбоотой асуудлыг ярилцаж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд ямар санаа бодолтой байдгийг сонссон. Мөн Иргэдийн хурлын дэргэд “Мини парламент” байгуулж, хүүхдүүдийн дундаас сонгогдсон 41 төлөөлөгч ажиллаж, өөрсдөдөө тулгамдаж буй асуудал, бэрхшээлийг тодорхойлж, цаашид хэрхэхээ нээлттэй ил захидлаар илэрхийлэх зэргээр нөлөөллийн шинжтэй арга хэмжээг зохион байгуулсан. “Мини парламент” гурван ч удаа хуралдсан” гэлээ.

Энэ онд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл 38 ажил хийхээр төлөвлөсөнөөс 4-5 ажлыг хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэх аж. Бүхий л хүрээнд хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажил зохион байгуулах бөгөөд 2021 оны төгсгөл гэхэд хүүхэд гэмт хэрэг, зөрчилд холбогдох, хүүхдийн эрх хөндөгдөх, гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг 50-60 хувь бууруулах зорилго тавиад ажиллаж байгаа аж.

Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди “Мэдээж бидэнд шүүмжлэлтэй хандах зүйлүүд бий. Цагдаагийн байгууллага болон ГБХЗХГ, Боловсрол, соёлын газар гэх мэт байгууллага, салбар дундын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах хэрэгтэй байгаа. Бид 2019 оны өссөн дүн дээр анализ хийж ажиллаж байгаа” гэлээ.

Холбоотой мэдээ