Татвар төлөгчид улстөрчдийг ЗӨВШИЛЦЛИЙН ширээний ард суухыг уриллаа

2021-04-23 486 2

“Улаанбаатар хотын худалдааны танхим” болон “Монголын гүйцэтгэх захирлуулын клуб” хамтран шийдвэр гаргагчдыг ЗӨВШИЛЦЛИЙН ширээний ард суухыг уриалж, дараах мэдэгдлийг гаргажээ. Уриалгыг бүрэн эхээр нь хүргэж байна.

УРИАЛГА

Эдийн засгийн хөгжлийг хангах, 2020 онд цар тахлаас болж 5.6 хувь орчмоор агшсан Монгол улсын эдийн засгийг буцаан тэлэхэд нөлөөлөх хамгийн гол хүчин зүйл бол улс төрийн тогтвортой орчин дахь бизнесийн тасралтгүй, бүтээлч үйл ажиллагаа байх ёстой. Өдрөөс өдөрт хүндэрч байгаа цар тахлын нөлөөгөөр Монгол Улсaд төдийгүй дэлхий нийтэд бизнесийн орчин улам муудаж, олон улсад төр засаг нь ард түмнийхээ эрүүл мэндийг хамгаалахaд бүхий л нөөц бололцоогоо дайчлахын зэрэгцээ эдийн засагаа аврах, эдийн засаг, бизнесээ унагаахгүй авч гарах том сорилт тулгарч байна.

Энэ сорилт биднийг тойроогүй бөгөөд Монголын бизнесийг тогтвортой байлгах, улмаар сайжруулах боломжит бүх арга замыг төр засаг, хувийн хэвшлийнхэн аль аль нь эрэлхийлж, зарим арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа нь хувийн хэвшлийнхэн, ажил олгогч, ажилчдад тодорхой хэмжээнд эерэгээр нөлөөлж байна.

Гэтэл эдгээр арга хэмжээний нөлөөлөл дөнгөж гарч эхэлж байгаа энэ цаг үед бизнесийн орчинд хамгийн их нөлөөлдөг улс төрийн тогтворгүй байдал үүсч байгаад татвар төлөгч, ажлын байр бүтээгч, бизнес эрхлэгчид бид туйлын харамсаж байна. Улс төрийн тогтворгүй байдал бий болох нь бизнесийн орчинд сөргөөр нөлөөлөхөөс гадна цар тахалд туйлдан ядарч байгаа ард түмний амьдрал, эв нэгдэл, цар тахлын эсрэг зогсох бидний хамтын тэмцэлд ч сөргөөр нөлөөлөх аюултай гэдгийг улстөрчид мэдэж байгаа гэдэгт итгэж байна.

Иймээс Монгол Улсын төсвийг бүрдүүлэгч, татвар төлөгч, ажил олгогчид бид улс төрийн бүх намууд, төрийн бүх институциудад хандан ард түмний эв нэгдлийг хангах, цар тахлын эсрэг хамтран тэмцэх, эдийн засгаа идэвхжүүлэх, гадаад хөрөнгө оруулалтыг татах, бизнесийн орчныг тогтвортой байлгах боломжит бүх арга хэмжээг авч хэрэгжүүлэх, нийтийг хамарсан үймээн самуун, бослого, хөдөлгөөн, хууль бус тэмцэл, нийгмийн эмх замбараагүй байдлыг өөгшүүлэхгүй, хувь хүний эрх болон бизнесийн эрх, эрх чөлөөг хамгаалах үүднээс нэн даруй зөвшилцөлийн ширээний  ард суухыг улстөрчдөд УРИАЛЖ байна.

УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ

МОНГОЛЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛУУДЫН КЛУБ

2021 оны 4-р сарын 22-ны өдөр

Холбоотой мэдээ