УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “90 жил 99 гэр” төсөл санаачилжээ

2021-06-16 465 1

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа өөрийн санаачлагаар байгуулсан “Ховд аймгийн Хөгжлийн төлөө сан”-гаараа дамжуулан Ховд аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг тохиолдуулан “90 жил 99 гэр” төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Төслийн хүрээнд нийт 99 гэр бүлд таван ханатай Монгол гэр бэлэглэх юм байна. Төсөл Ховд аймгийн 17 сумын хэмжээнд хэрэгжих бөгөөд  улс төрөөс хараат бусаар ил тод зохион байгуулагдах аж.

Шинэ гэртэй болох айл өрхүүд амьдралын идэвхи, хүсэл тэмүүлэл өндөртэй, баялаг бүтээгч, хөдөлмөрч, орлого багатай залуу гэр бүл байх нь давуу тал болно. Энэхүү төслийн удирдамжийг сумдын ИТХ, Засаг дарга нарт хүргүүлсэн байна.

Төслийн шалгаруулалтанд засаг захиргааны анхан шатны нэгж  болох баг бүрээс төлөөлөл оролцуулахыг эрхэмлэх бөгөөд сумууд нэг багаас хоёр өрх хамруулахгүй юм байна. Түүнчлэн төсөлд хамрагдах өрхийг багийн иргэдийн нийтийн хурлаар нээлттэй хэлэлцүүлж анхан шатны шалгаруулалтыг энэ сарын 25-ны дотор хийх учиртай аж. Ингэж багийн иргэдийн нийтийн хурлаар батлагдсан өрхүүдийг сумын төсөл шалгаруулах комиссоор хэлэлцүүлэн баталж энэ оны долоодугаар сарын 03-ны дотор УИХ- ын гишүүн Адьшаагийн ажлын албанд хүргүүлэх юм байна.

Төсөл шалгаруулах комисст багийн засаг дарга нар, УИХ-ын гишүүний бие төлөөлөгчид, Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн сумд дахь төлөөлөл багтах аж.

УИХ-ын гишүүний ажлын алба сумдаас ирүүлсэн санал дээр үндэслэн гэрийн хуваарилалт гаргаж төсөлд хамрагдсан өрхүүдэд олгох гэрийг Ховд аймгийн 90 жилийн ойн баярын үеэр аймгийн төвд хүлээлгэн өгнө.

Нэмэлт мэдээлэл өгөхөд “Ховд аймгийн Хөгжлийн төлөө сан” ТББ нь 2011 онд Ховд аймгийн 80 жилийн ойгоор “80 жил 80 гэр” төсөл хэрэгжүүлсэн байдаг. Энэхүү төслийн хүрээнд 80 айл өрхөд шинэ гэр өгч 80 өрхөд бодит дэмжлэг үзүүлж байв. Мөн аймаг, сумд руугаа чиглэсэн олон сайхан арга хэмжээ зохион байгуулж ирсэн юм.

Холбоотой мэдээ