Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдааг 6 байршилд зохион байгуулна

2021-08-27 501 1

Наймдугаар сарын 28, 29-ний өдрүүд буюу бямба, ням гарагт  “Хичээлийн шинэ жил 2021-2022” үзэсгэлэн худалдааг нийслэл хотын хамгийн их хөл хөдөлгөөнтэй Энхтайваны өргөн чөлөөнд гаргах бэлтгэлийг бүрэн хангажээ. Сурагчид, оюутнууд болоод эцэг эхчүүдэд хичээлийн хэрэгсэл, сурагчийн дүрэмт хувцсыг нэг дороос өргөн сонголтоор худалдаж авах боломжийг бүрдүүлэх зорилготой өргөтгөсөн худалдаа Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх тогтоосон зургаан байршилд гарах юм. Тодруулбал, Голомт банкны Зээлийн төвийн өмнөх талбай /Улаанбаатар их дэлгүүрийн замын хойд талд/, Улсын их дэлгүүрийн урд талбай, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж /Циркээс Их дэлгүүр орох замд/, Д.Сүхбаатарын нэрэмжит талбай, Бөхийн өргөөний хойд талын талбай, Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны 1, 2, 3 дугаар /олны нэрлэдгээр гурван өндөр/ байрны хойд талын талбай гэх томоохон зургаан байршилд зохион байгуулна.

Өнөөдрийн байдлаар  81 аж ахуйн нэгж үзэсгэлэн худалдаанд оролцох хүсэлт өгөөд байна. Зургаан байршилд нийт 164 асраар сурагчийн дүрэмт хувцас, цүнх, хичээлийн хэрэгсэл, дэвтэр, хүүхдийн гутал, хувцас, цэцэрлэгийн багц, амны хаалт, гар ариутгагч, тоглоом, танин мэдэхүйн карт, бусад хувцас, хэрэглэлийн худалдаа зохион байгуулна. Түүнчлэн явуулын зургаан цэгээр халуун кофе, зуушны үйлчилгээ гаргахаар төлөвлөжээ.

Үзэсгэлэн худалдаа гарч байгаатай холбоотойгоор Энхтайваны өргөн чөлөөг “Автомашингүй гудамж” болгоно. Автомашингүй гудамжнаас бусад замаар наймдугаар сарын 28-ны бямба гарагт автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш, 29-ний ням гарагт сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслийг 08:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулна. Дугаарын хязгаарлалт нь Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон, 32-ын тойргоос 120-ын уулзвар хүртэл үйлчилнэ.

Холбоотой мэдээ