Гэр бүл байхын үнэ цэн, хүүхдүүдээ нэгдүгээрт тавихын учир утгыг ухааруулсан ГЭР БҮЛИЙН ӨДӨР болж өнгөрлөө

2022-05-15 269 1

Дэлхий нийтээр жил бүрийн тавдугаар сарын 15-ны өдрийг Олон улсын гэр бүлийн өдөр болгон тэмдэглэдэг билээ. Манай улс 2003 оноос энэхүү өдрийг тэмдэглэж эхэлсэн бөгөөд энэ жилийн тухайд,  “Гэр бүлийн үнэ цэн” өдөрлөгийг ХНХЯ, ГБХЗХГ, Соёл урлагийн газар, Найрамдал цогцолбор, “Өнөр бүл” хүүхдийн төв зэрэг хүүхэд төвтэй байгууллагууд хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулав.

Өдөрлөгийн нээлт “Алтангадас” бүжгийн наадмаас “Гран при” шагнал хүртсэн “Марифосо” хамтлагийн авьяаслаг бүжигчин охидын “Журай гэлдэн” дуун дээр дэглэсэн бүжиг толилуулснаар эхэлсэн юм. Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан ГБХЗХГ-аас шилдэг 9 гэр бүлийг жил бүр тодруулдаг уламжлалтай бөгөөд НҮБ-аас дэвшүүлсэн “Гэр бүл ба хотжилт” уриалгын хүрээнд энэ үеэр шилдэг гэр бүлүүдийг тунхаглав.  Мөн энэ үеэр ГБХЗХГ-ын дарга Г.Батдорж энэхүү сэдвийн хүрээнд өөрийн санал бодлоо хуваалцлаа. Тэрбээр “Олон улсын гэр бүлийн өдрийн хүрээнд бид улсын хэмжээнд 65 хосын гэрлэх ёслолыг зохион байгууллаа. Улс орны гол үндэс багана нь гэр бүл байдаг. Харин гэр бүлийн халуун дулаан уур амьсгалын эх үндэс нь хүүхэд юм. Энэ утгаараа бид “Нэгдүгээрт хүүхэд” хэмээх зарчмыг урьтал болгож, олон ажлыг зохион байгууллаа. Бидний хамгийн гол зорилго тогтвортой гэр бүлийн амьдрал, соёл, уламжлал, боловсрол, ёс зүйн хувьд хөгжилтэй, ямар ч орчинд хүчирхийлэлгүй байх нийгмийг цогцлоох. Төр, бизнесийн байгууллагууд аливаа нэг шийдвэр гаргахдаа хүүхдийн эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг орчныг бий болгохоор зорин ажиллаж байна. Гэвч энэ бүхэн өнөө, маргааш, нэг жилийн дараа үр дүнгээ өгөхгүй. Учир нь хүний ёс зүй, төлөвшилтэй хамаатай асуудал учраас хугацаа шаардана. Тиймээс урт хугацаанд тууштай ажиллах нь сайн үр дүнг авчирна. Үүний тулд бүх талууд оролцоогоо хангах ёстой” хэмээн тодотгов.

Энэ үеэр Өв соёлыг дээдлэгч гэр бүл болох БЗД-ийн иргэн н.Өсөхбаяр, гэргий н.Хишигзаяагийн хамт уригдсан ирсэн байв. Өв соёл тээгч гэр бүлийн хувьд, хоёул морин хуурыг гарамгүй эзэмшсэн бөгөөд нөхөр нь багш, гэргий нь уртын дуучин мэргэжилтэй ажээ. Гэргий н.Хишигзаяа ярихдаа “Бид морин хуур, уртын дууны өндөр их хувь заяанд гэр бүл болж, өв соёлоо түгээн дэлгэрүүлж яваадаа бахархаж, шилдэг гэр бүлийн шагнал хүртсэндээ баяртай байна” хэмээв.

“Гэр бүлийн үнэ цэн” өдөрлөгийн үеэр олны анхаарал татсан бас нэгэн гайхалтай зүйл нь “Өнөр бүл” асрамжийн төвийн хүүхдүүдийн урласан бүтээлүүд байлаа. Хүүхдүүд өөрсдийн гараар урласан хүүхэлдэй, ваар, сувинерэн тоглоомуудыг 5-30 мянган төгрөгөөр худалдан борлуулж байв. Эдгээрийг борлуулсны орлогын дийлэнх хувийг хүүхдүүд өөрсдийн өдөр тутмын хэрэгцээндээ зарцуулна гэсэн нь олны хайрыг эрхгүй татаж, хүмүүс ч хүүхдүүдийг дэмжиж худалдан авалт хийж байлаа. “Өнөр бүл” хүүхдийн асрамжийн төвийн Ерөнхий захирал М.Өлзийчимэг “Бид асарч хамгаалахаас илүү хүүхдүүдээ хөгжүүлэх тал дээр анхаарч ажилладаг. Манай байгууллага дэргэдээ хөгжим, дуу, бүжгийн хамтлаг болон гар урлалаар хичээллэдэг хүүхдүүдтэй. Өнөөдрийн үйл ажиллагаанд “Мөнгөн бүрээ” хамтлаг тоглолтоо толилуулах гэж байна, Улаан туг хамтлагийн дэргэдэх Kids style хамтлагийн хүүхдүүд бүжиглэж үзүүлнэ. Хамгийн гол нь, хог бол баялаг уриан дор хаягдал усны сав, нэг удаагийн халбага, самрын хальс, төрөл бүрийн будаа, сонингийн хаягдал гэх мэт зүйлийг ашиглан бүтээл урладаг. Өнөөдөр манай хүүхдүүдийн хийсэн усны шил, саваар хийсэн бүтээлүүд зонхилж байна. Манай хүүхдүүд дээр захиалга их ирдэг гэдгийг сонирхуулья. Хүүхдүүдийн бүтээлээр үзэсгэлэн гаргахаас гадна зарж борлуулаад тодорхой хувийн хувийн хүүхдүүддээ, үлдсэнийг нь материал худалдан авахад зарцуулдаг. Хүүхэд л болсон хойно бусдын адилаар дуртай зүйлээ авах, дэлгүүр хоршоо орох гэх мэт хэрэгцээ шаардлага байдаг” гэлээ.

Гэр бүлийн өдрийг улс орон бүрд харилцан адилгүй тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд ихэнх оронд гэр бүлд тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх тал дээр онцгой анхаарал хандуулдаг аж. Харин Монголын тухайд харьяа газрууд гэр бүлийн асуудлыг зохицуулж буй эрх зүйн  орчны хэрэгжилтийн өнөөгийн байдал, эрүүл, тогтвортой гэр бүлийг бий болгох тал дээр анхаарч, баяр гэхээс илүүтэй шийдлийг боловсруулахыг мөн зорьдог юм.

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж өнгөрсөн хоёр жилийн хугацаанд иргэд олноор цугларч баяр, ёслолын үйл ажиллагаа тэмдэглээгүй. Энэ жилийн хувьд ийнхүү Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гэр бүлийн өдөрт зориулсан арга хэмжээг зохион байгууллаа.

 

 

Холбоотой мэдээ