Өмнөговь аймаг ба говийн бүсийн уул уурхай, ил тод байдлын чуулга уулзалт болно

2022-06-21 735 1

Монголын уул уурхайн мега төслүүд хэрэгждэг Өмнөговь аймагт энэ сарын 23-24-нд “Өмнөговь аймаг ба говийн бүсийн уул уурхай, ил тод байдлыг нэгдсэн чуулга уулзалт”-ыг Даланзадгад хотноо зохион байгуулна.

Төрөөс эрдэс баялгийн салбарт баримталж буй бодлого орон нутагт хэрхэн хэрэгжиж байгааг, уул уурхайн төсөл хэрэгжүүлэгчид болон орон нутгийн иргэдийн хооронд үүсдэг үл ойлголцлыг багасгах, уул уурхайн тээвэрлэлтээс үүдсэн сөрөг нөлөөлөл, байгаль орчны асуудал гээд орон нутгийн хөгжлийн тухай сэдэв чуулганы оролцогчдын анхаарлын төвд байх аж.

Тус чуулганыг Монголын ОҮИТБС болон Өмнөговь аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулж буй бөгөөд уул уурхайн төсөл хэрэгжүүлэгчид, олборлолт, хайгуулын гол ачааллыг нуруундаа үүрдэг сум орон нутгийн оролцоог сайн хангаж, дуу хоолойг нь хүргэх юм байна. Мөн УУХҮЯ, БОАЖЯ, ЭХЯ, ЗТХЯ, АМГТГ, АТГ болон Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын захиргаа, төмөр зам, авто замын төсөл хэрэгжүүлэгчид оролцож говийн бүсийн уул уурхайн ил тод байдал, хариуцлагын талаар хэлэлцэнэ.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг цахимжуулж, идэвхжүүлэхээр болсон нь орон нутагт багагүй эсэргүүцэлтэй тулгараад буй билээ. Тиймээс эрх баригчдын гаргаж буй шийдвэр орон нутгийн иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж буйг, аймаг сумын хөгжилд уул уурхайн салбарын гүйцэтгэж буй үүрэг, хариуцлагын талаар бодит нөхцөл байдлыг сонсож, ойлголтоо нэгтгэх нь төрийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал болж байгаа юм.

“Өмнөговь аймаг ба говийн бүсийн уул уурхай, ил тод байдлыг нэгдсэн чуулга уулзалт”-ын үеэр Өмнөговь болон говийн бусад аймгийн уул уурхайн компаниуд, тэдгээрийн ханган нийлүүлэгчдийн орон нутгийн хөгжлийг дэмжих зорилготой нээлттэй өдөрлөгийг Даланзадгад сумын Спорт цогцолборт зохион байгуулах юм байна. Үзэсгэлэнгийн үеэр орон нутгийн иргэд ажлын байранд анкет бөглөх, ярилцлаганд орохоос гадна уул уурхайн компаниудтай хэрхэн хамтран ажиллаж ханган нийлүүлэлт хийх талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой аж.

Холбоотой мэдээ