11 ААН-ийн 5,720 тонн махыг БНХАУ руу экспортолно

2022-08-26 42 0

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны наймдугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар Мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтын дүнгээр мах, махан бүтээгдэхүүний эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлын стандартын шаардлага хангасан дулааны аргаар боловсруулсан махыг БНХАУ-д экспортлох ажлыг зохион байгуулах чиглэл өгсөн.

Энэхүү шийдвэртэй холбогдуулан ХХААХҮЯ, Гаалийн ерөнхий газар,  Мэргэжлийн хяналтын байгууллагаас нэр бүхий 11 ААН-ийн бэлтгэсэн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнгээр шаардлага хангасан 5,720.6 тонн махыг экспортод гаргах бэлтгэл ажилд хяналт тавин ажиллаж байгааг  мэдээллээ.

Энэ хүрээнд өнөөдөр аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзалт хийж, мэдээлэл зөвлөмж өглөө.

Мах экспортлогч аж ахуйн нэгжүүдэд дараах зүйлсийг анхааруулав. Үүнд,

  • Ажлын байр, агуулахын цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг тогтмол хийх,
  • Мах, махан бүтээгдэхүүнийг хадгалахдаа стандартын дагуу зориулалтын поддон тавиурт хурааж хэвших,
  • Хадгалах, хөлдөөх камерын температурыг тогтмол хянах,
  • Хүнсний түүхий эд бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох,
  • Лабораторийн шинжилгээний хариу болон баримт бичгийг хадгалж архивлах, бүртгэл хөтлөх
  • Ажилчдыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд зургаан сар тутам хамруулах,
  • Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулиуд болон тэдгээрт нийцүүлэн гарсан холбогдох дүрэм, журам, стандарт, Засгийн газрын 311 дүгээр тогтоолоор батлагдсан дотоод хяналтыг мөрдөж ажиллах шаардлагатайг хэллээ.

Холбоотой мэдээ