Хятад улс визийн бодлогоо чангалсан Өмнөд Солонгос, Япон улсын эсрэг хариу арга хэмжээ авлаа

2023-01-10 296 0

Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан Хятадын иргэдэд хорио цээрийн арга хэмжээ авсан Өмнөд Солонгос, Япон улсын иргэдэд Бээжингийн эрх баригчид зарим төрлийн визээ олгохыг зогсоожээ.

Сөүл хот дахь БНХАУ-ын элчин сайдын яам жуулчлал, бизнес, эмчилгээ, транзит болон бусад богино хугацааны визийг Өмнөд Солонгосын иргэдэд олгохоо түр зогсоож байгааг өнөөдөр зарласан байна.

Энэ алхмаа элчин сайдын яам “Хятадын иргэдэд ялгаатай хандаж байгаа Өмнөд Солонгосын бодлоготой холбоотой” гэж тайлбарлажээ.

Токио дахь Хятадын элчин сайдын яам өнөөдрөөс эхлэн мөн ижил арга хэмжээ авсныг Японы Киодо агентлаг мэдээлсэн байна.

Үүнээс өмнө Өмнөд Солонгосын засгийн газар нэгдүгээр сарын 31-нийг хүртэл Хятадын иргэдэд богино хугацааны виз олгохоо зогсоож буйгаа зарласан юм.

Хоёр улсын хоорондох нислэгүүдийг ч хязгаарлаж эхлээд байгаа.

Тухайлбал өнөөдөр Хонконг, Макаогоос ирэх онгоцнуудыг зөвхөн Инчонд буулгах шийдвэрийг Сөүлийн эрх баригчид гаргасан байна.

Хятадын гадаад хэргийн шинэ сайд Чинь Ган өчигдөр Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайд Пак Жинтэй утсаар ярихдаа визийн хоригийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.

Өнөөдөр Өмнөд Солонгосын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лим Сү Сок сэтгүүлчидтэй уулзах үеэр хэлэхдээ Хятадын талын авсан арга хэмжээнд харамсаж байгаагаа илэрхийлээд засгийн газар нь байр сууриа Бээжингийн эрх баригчдад ойлгуулахын тулд дипломат шугамаар харилцаж байгааг мэдэгдсэн байна.

“Манай засгийн газрын авсан хорио цээрийг чангатгах арга хэмжээ нь шинжлэх ухаанд суурилсан, бодитой үндэслэлтэй юм. Бид байр сууриа Хятадын талд ойлгуулахын тулд нягт хамтран ажиллах болно” гэж тэр хэлжээ.

Хятад улс нэгдүгээр сарын 8-наас эхлэн хилээ нээж байгаатай холбогдуулан дэлхийн зарим улс орнууд тус улсаас ирэх зорчигчдоос коронавирусийн шинжилгээний сөрөг хариу шаардах болсон билээ.

Хятадын засгийн газар ийм арга хэмжээ авсан улс орнуудад бодит нөхцөл байдлыг “хэт дэвэргэхгүй” байхыг анхааруулж байв.

Холбоотой мэдээ