Өрсөлдөх чадвараар Дорноговь аймаг тэргүүлж, Баянхонгор сүүл мушгижээ

2023-02-01 449 0

“Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв”-өөс 21 аймгийн өрсөлдөх чадварын тайланг 11 дэх жилдээ танилцууллаа.

Монгол Улсын 21 аймгийн хөгжил, өрсөлдөх чадварыг харьцуулан судалсан энэхүү тайлан нь эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн хүрээнд нийт 174 шалгуур үзүүлэлтээр үнэлж тооцдог аж. Судалгааны мэдээллийн эх үүсвэр нь статистик мэдээлэл, 21 аймгийн бизнес эрхлэгчдээс авсан санал асуулгын мэдээллээс бүрддэг байна.

 Аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр Дорноговь аймаг тэргүүлж, Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Говьсүмбэр, Сэлэнгэ аймгууд 2, 3, 4, 5, 6-рт эрэмбэлэгдсэн нь өнгөрсөн оноос эрэмбийн хувьд өөрчлөлтгүй гарчээ. Харин Дундговь, Завхан, Булган, Говь-Алтай, Баянхонгор аймгууд хамгийн бага үнэлгээ авсан байна.

Өрсөлдөх чадварыг хэмждэг үндсэн дөрвөн бүлгээр буюу Эдийн засгийн тамир тэнхээгээр Өмнөговь аймаг, Бизнесийн үр ашгаар Дархан-Уул аймаг, Засаглалын үр ашиг болон Дэд бүтцээр Дорноговь аймаг 1-рт эрэмбэлэгджээ.

Аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий онооны дундаж 65 болж өнгөрсөн жилээс 6 оноогоор, бизнесийн үр ашиг үндсэн бүлэг 9 оноо, эдийн засгийн тамир тэнхээ үндсэн бүлэг 6 оноо, дэд бүтэц үндсэн бүлэг 0.6 оноогоор тус тус буурчээ.

Аймаг тус бүрээр нь харвал 3 аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо өнгөрсөн оноос өссөн. Үүнд Булган, Завхан, Говь-Алтай аймаг багтаж байна. Харин үлдсэн 18 аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо өнгөрсөн онтой харьцуулахад ахиагүй байна.

Энэ жилийн онцлох үр дүнгээс дурдвал:

  • Дорноговь аймгийн бизнесийн үр ашиг бүлгийн оноо буурсан хэдий ч, засаглалын үр ашиг, эдийн засгийн тамир тэнхээ бүлгийн оноо өссөн. Улмаар засаглалын үр ашиг, дэд бүтэц бүлгийн үнэлгээгээр 1-рт эрэмбэлэгдэж, өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр тэргүүлсэн;
  • Орхон аймгийн ерөнхий үнэлгээ эрэмбийн хувьд өөрчлөлтгүй буюу 2-рт эрэмбэлэгдсэн хэвээр байгаа ч, өрсөлдөх чадварын ерөнхий оноо 2.6-аар буурсан. Үүнд институцийн тогтолцооны үзүүлэлтүүд суларсан нь ихээхэн нөлөөлжээ;
  • Дархан-Уул аймаг ерөнхий үнэлгээгээр 3-рт эрэмбэлэгдэж өмнөх оны эрэмбэд өөрчлөлт гараагүй ч, өрсөлдөх чадварын ерөнхий оноо 10-аар буурсан. Үүнд нийгмийн тогтолцоо, боловсрол, соёлын үзүүлэлтүүд суларсан нь нөлөөлжээ;
  • Өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр 4-рт эрэмбэлэгдсэн Өмнөговь аймаг эрэмбийн хувьд өөрчлөлтгүй ч, өрсөлдөх чадварын ерөнхий оноо 6.7-оор буурсан. Үүнд бизнесийн эрхзүйн үзүүлэлтүүд суларсан нь хамгийн голлох нөлөөг үзүүлжээ;
  • Нийт 21 аймгаас 3 аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо өссөн нь Булган, Завхан, Говь-Алтай аймгууд юм. Булган аймгийн оноо 11-ээр, Завхан аймгийн оноо 8-аар, Говь-Алтай аймгийн оноо 1-ээр өссөн. Гэвч ерөнхий эрэмбээр Булган аймаг 19-рт, Завхан аймаг 20-рт, Говь-Алтай аймаг 18-рт эрэмбэлэгдэж байна;
  • Өрсөлдөх чадварын ерөнхий оноо хамгийн ихээр буурсан аймгууд нь Ховд, Увс, Баян-Өлгий аймгууд буюу баруун хязгаарын 3 аймаг байна. Ховд аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо буурахад бизнесийн орчны үзүүлэлтүүд, Увс аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо буурахад бизнесийн эрхзүйн үзүүлэлтүүд, Баян-Өлгий аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо буурахад технологийн дэд бүтэц, менежментийн хэвшлийн үзүүлэлтүүд ихээхэн нөлөөлжээ. Аймгууд судалгаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэлтэйгээ танилцаж болох бөгөөд 321927, 88082841 утсаар холбогдохоос гадна И-мэйл: info@ecrc.mn, mungunjiguur.b@ecrc.mn, Вебсайт: www.ecrc.mn, www.aimagindex.mn , www.nogoonhutuch.mn, Фэйсбүүк хаяг: www.facebook.com/Ursulduhchadvar хаягаар холбогдож болох нь ээ.

Холбоотой мэдээ