УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТООГ 152 БОЛГОХ НЬ ЗҮЙТЭЙ ЮМ, ЯАГААД ГЭЭЧ…

2023-05-09 226 0

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 16 яам, 21 сайдтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа.

Яг энэ цагт УИХ-ын гишүүний тоог нэмж 152 болгох нь ЗӨВ, БУРУУ гэлцэн талцаж байна. Ингэж маргах нь ч зөв. Улс төрч олшрох нь улс оронд ямар хэрэгтэйг иргэндээ бодуулах сөхөөгүй авлига, хулгай, эрх мэдлийн төлөөх тэмцэл, нам болж талцах хэрүүлдээ иргэдээ ашиглаж, хүсээгүй харилцаанд оруулсны гай энэ юм. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэж бодохоосоо илүүтэй “76 хулгайчаа яая гэж байхад юун 152 вэ” гэлцэж тоонд илүү ач холбогдол өгөөд байгаа юм аа, нийтээрээ.

Зүй нь, парламент аль болох том бүтэцтэй, бүрэлдэхүүн олон олон олондоо эрдэмтдээрээ зузаатгал хийж байж гэмээнэ төрийн сүр хүч, бяр тэнхээ тэр хэрээр өснө. Мэдээж үүнийг дагаад төрөө хүндэтгэх үзэл санаа ахина. Мөн бодлого шийдвэр, хяналт, ёс зүй, улс төрийн тохироо, элдэв хуулийн захиалга арилна.

Чичилж эхлэхээсээ өмнө зүгээр л бодоод үз. Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын гишүүний бүрэн эрхээсээ татгалзсан 3-ыг хасаад 73-лаа байгаа, энэ танхимынхан. Тэгвэл дан ганц УИХ-ын гишүүний албатай нь элдэв дарга, гуншинтайгаасаа бага байна. Парламент.mn дэх нээлттэй мэдээллийн өгөгдлөөс харвал, УИХ-ын 73 гишүүнээс 68 гишүүн 2-7 хүртэлх албан тушаалыг давхар хашиж байна.

Гишүүдийн албан тушаалуудын тухайд
байнгын хорооны дарга, дэд хорооны дарга, парламентын бүлгэмийн дарга, нутгийн зөвлөлийн дарга, Монгол найрамдалт улс орнуудын парламентын бүлгийн дарга гэх мэт байна. Найман гишүүн л элдэв даргын албагүй, УИХ-ын гишүүнээс өөр чимэггүй байна.

УИХ-ын гишүүний тоог нэмж байж зуун ямаанд жаран ухна гэгч гажуудал арилна. Бие биенийхээ өмнөөс кноп дардаг, хүрд эргүүлэх боломж ирсээр л байдаг, бялуу хүртэх боломж давамгайлсаар байх энэ сонголтгүй сонголт сарних юм. Цөөхөн хэдэн хүн хууль тогтоомж санаачлаад, баталдаг өнөөх нь амьдралд нийцдэггүй, бусад хууль тогтоомжтойгоо уялддаггүй алдаа гарахгүй болно. Нэг гишүүнд эрх мэдэл төвлөрөх, зүй бус нөлөөлөл орох, хуулийн биелэлтэд тавих хяналт сулрах зэрэг эрсдэл харьцангуй багасна.

Дэлхийн улсууд дунджаар 150 гишүүнтэй байдаг нь хүн амныхаа тооноос болохоос гадна дээрх эрсдлүүдээс сэргийлж юм шүү дээ.
Тиймээс УИХ-ын гишүүнийг 152 болгоё гэдэг нь зөв.

Холбоотой мэдээ