ҮРГЭЭДЭГ БИШ ҮЛДЭЭДЭГ БАЙХ ЁСТОЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗААЛТ БҮРД АНХААРЪЯ

2023-06-26 301 0

Өнгөрөгч баасан гарагт (2023.06.23) нэгэн чухал хуулийн төслийг Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Ойр зуурын дуулиан, хэсэг бусагхан шуугиан дунд аль мэдээлэл нь чухал, анхаарах шаардлагагүй, заавал анзаарах ёстойг уншигч, сэтгэгчийн шүүлтүүртээ эрэмбэлж ч амжаагүй байтал тун чухал мэдээлэл сенсацад дарагдаад хэдийн нийгмийн шүүлтүүрт орсон байх нь бий. Түүн лугаа заалт бүрд нь анхаарлаа хандуулбал зохих нэн чухал хуулийн төслийг өнгөрөгч баасан гарагт өргөн барьжээ, Ч.Хүрэлбаатар сайд. Өөрөөр хэлбэл, Монгол Улс ирээдүйд эдийн засгийн орчны хувьд хэр эрэлттэй, сонирхолтой, өсөж өндийх боломжтойг шийдэх Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Эдийн засаг, Хөгжлийн яамнаас салбарын оролцогчдоороо хэлэлцүүлэн боловсруулсныг салбарын сайд нь ийнхүү өргөн мэдүүллээ.

Манай парламент Хөрөнгө оруулалтын тухай хуулийг анх 2013 онд баталж, явц дунд нь 10 гаруй удаа өөрчлөлт оруулсан ч агуулга буюу гол зарчимд нь гар хүрэлгүй өнөөдрийг хүргэсэн байдаг. Тэгвэл энэ удаагийн хуулийн төслийн шинэчилсэн найруулгын гол онцлог нь Хөрөнгө оруулагчдад тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхэд чиглэжээ. Хуулийн төсөлд, Хөрөнгө оруулалтын хориглосон хязгаарлалтыг арилгах, Газрын харилцаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх,  Хөрөнгө оруулагчийн гомдлыг шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлэх, Олон улсын арбитраар гомдлоо шийдвэрлүүлэх, Төрийн байгууллагуудын хөрөнгө оруулалттай холбоотой эрх үүргийг тодорхойлох, Татварын ялгамжтай байдлыг залруулж, эрх тэгш хандах, Төрийн байгуулагуудын хяналт шалгалтыг давхардуулахгүй байх зэрэг зарчмын өөрчлөлтүүдийг тусгасан гэдгийг ЭЗХ-ийн дэд сайд Г.Түвдэндорж онцолж байна.

                         ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧАА ХАЙРЛАХ ХУУЛЬ БАЙГААСАЙ

Хөрөнгө оруулалтын тухай хууль бол гадны иргэнд виз олгох тухай хууль огтын биш гэдгийг л нийтээрээ ойлгох хэрэгтэй. Энэ бол хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, гомдол, маргааныг шийдвэрлэх асуудлыг тодорхой болгох, төрийн байгууллагуудын хяналт, шалгалт, төрийн хүнд суртлыг багасгах, мөнгөний босгогүй болгох, зөвшөөрлийг хялбаршуулах, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах таатай орчныг бүрдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, Монгол Улсын өрсөлдөх чадварыг сайжруулах, эдийн засагт гэрэл асаах гол хууль. Өөрөөр хэлбэл, хурааж хуримтлуулсанаа бариад Монголыг сонгоод ирж байгаа хөрөнгө оруулагчаа хайрлах хууль байх ёстой. Үргээдэг биш үлдээдэг хууль байх хэрэгтэй. Агуулга, зарчим, заалт нь ийм л чигийг баривал Монголын эдийн засаг алга урвуулахын дайдад тэнхээрнэ.

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ ТАТАХ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРАА САЙЖРУУЛЪЯ

Дэлхийн улс орнууд цөм эдийн засгийн орчноо хүчирхэгжүүлэх, хөрөнгө оруулагчаа татах хуулийн орчноо сайжруулж өрсөлдсөөр байна. Тэгвэл манай улс энэ өрсөлдөөнд ямар “тамга” гаргахыг Хөрөнгө оруулалтын тухай хуулиараа зарлан тунхаглах ёстой. “Тамга”-гүй хөзрөөр тоглохыг хэн ч хүсэхгүй. Тиймээс “Тамга” хаана байна вэ, манай Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын…Үүнийгээ бид анхаарах ёстой.

Эдийн засгийн өсөлтийг бий болгоход гадаадын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх нь гарцаагүй тером.  Сүүлийн 30 жилийн хугацаанд Монгол Улсад 40 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж иржээ гэсэн тоон мэдээ олж харлаа. Үүнийг тодорхой задалбал нэг жилд 1,3 тэрбум ам.доллар орж ирдэг байх нь. Ковидын өмнөх жил буюу 2019 оны байдлаар 900-1500 орчим хөрөнгө оруулагч ирдэг байжээ, Монголд. Энэ тоо 2020 оноос огцом буурч 75-35 болсон харамсалтай статистик ч байна. Энэ бүх үзүүлэлт Хөрөнгө оруулалтын тухай хуулиа зөөлрүүлэх, хөрөнгө оруулагчаа хайрлах, хуулийн заалт бүрд анхаарах зайлшгүй шаардлагатай болсныг илтгэж байгаа юм. ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэхдээ “Гадны хөрөнгө оруулалт буурсан хэд хэдэн шалтгаантай. Үүний хамгийн гол нөлөө нь хууль, эрх зүйн орчин. Тэр ч утгаараа одоогийн мөрдөгдөж байгаа хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэн найруулаад байгаа юм. Шинэчилсэн хуулийн төсөл бүхэлдээ хөрөнгө оруулагчдыг дэмжсэн” гэдгийг тодотгосон байв. Хэрэв тиймсэн бол аштай юу даа. Юутай ч эдийн засгаа солонгоруулах энэ Засгийн хүслийг гүйцээх Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл эдийн ззасгаа өндийлгөх боломж дүүрэн байг.

 

 

Холбоотой мэдээ