Ардчилсан нам тугаа “гудайлгасан” өнгөрөгч он жилүүдэд юу хийж байсан юм бол доо гэсэн бодол эрхгүй төрөв. Намын жагсаалтынх нь байгаа царайг ээ. Яасан турь муутай горилогчид вэ. Энэ намд биш юм гэхэд Монгол Улсад үзэл санаа, үнэт зүйл, сурсан мэдсэнээрээ цойлогсод мундахгүй.
АН-ын дарга Л.Гантөмөр та улс төрчийн карьерийнхаа сүүлчийн гэж хэлж болохуйц хариуцлагатай сонгуульд нам, намын дэмжигчдээ хөтөлж байж ямар хариуцлагагүй, хайнга хандчихав аа. Өнөөх л эрт цагийнхан бөөндөө жагсаалтад лаглайжээ.
Сонгогчид, Монголын ард түмэн өөр сонголт, өөр хувилбар, өөр залуус, өөр түүчээ, шинэ дүрүүд хүлээж байгааг яагаад мэдэрсэнгүй вэ. Тэр, энэний цүнх баригч, тийм ийм намын тавиулуудаар хайран суудал дүүргэж, шалны алчуур болчихоод байсан АН-ыг шавхайтай нь нэг мөр хутгаж орхилоо. Ардчилсан намд хийрхэгчид дутаагүй. Ардчилсан намд хийдэг, хэрэгжүүлдэг, лидер, манлайлал, шинэ салхи, шинэ өнгө, шинэ цагийн сэхээтнүүд дутлаа.
АН-ыг монголчууд даяараа хүлээж, харж, итгэл үзүүлэхэд бэлэн байлаа. Цаг үеийн захиалга нь ардчилал, сөрөг хүчин, хүчтэй хоёрдогч намын хэрэгцээ байв. Энэ хэрэгцээ, энэ орон зайг Л.Гантөмөр та намын даргын хувьд гярхай ажиглаж, боловсон хүчний цус сэлбэх богино зайн найдвартай тактик ашигласан сан бол АН энэ сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулахад бэлэн байв. Харамсалтай нь, намжсан, талцсан, хувь үзэл бодлоор зөрчилдсөн, дотоод “зодоон”-доо дийлдчихлээ.
Нийгмийн дуу хоолой залуужсан. Сонгогчдын боловсрол ахисан. Улс төрийн мэдрэмжтэй, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг илүү соргог ярьдаг, ойлгодог түүнд тэмүүлдэг болцгоосон. Гэтэл өнөөх л дутах гачигдахын зовлонг умартсан мөнгөтэй ах нар, бүтээе, болгоё, байгуулъя гэж зорихоосоо нэгэнт өнгөрсөн өвгөчүүд, биеийн болоод оюун ухааных нь бяр дуусаж яваа ахмадууд, өнөөх л оффшорчдоор жагсаалт болоод намаа өвч дүүргэж.
Залууст яагаад ийм хаалттай байгаа юм бэ, Ардчилсан нам, намын удирдлагууд. Дэлхийн том том их, дээд сургууль дүүргэсэн, дэлхийд зартай технологийн компаниудад Монгол залуусын оюуны манлайллыг гайхуулж яваа шинэ үеийнхэн зуу зуугаараа бий. Тэднийг урьж залаад, эх орондоо чи л хэрэгтэй байна гээд авчирч болох хугацаа хангалттай байлаа. Гэтэл тэгсэнгүй ээ. АН гэгдэж яваа арван хуруунд багтам залуусын гарал үүслийг хөөвөл үеэ өнгөрөөсөн хууччуулынх нь халаасны хүн байгаа нь харамсалтай. Цүнх баригч, гар хөл, өөрсдийн бойжуулсан, тэжээсэн өөрийн залуухан “хувилбар”-уудаа оруулаад ирж. Энэ олон нийтийн хүсээд байгаа шинэчлэл биш ээ. Энэ бол мөхөх, доройтох, дотроосоо өмхийрөхийн цондон.
0 cэтгэгдэлтэй