Алсын хараа-2050, 2030 он хүртэлх дунд хугацааны Шинэ сэргэлтийн бодлого, хэлэлцэж эхлэхээр зэхээд буй таван жилийн төлөвлөгөө, Хамтарсан Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр зэргийн үндсэн зорилго бол өрхийн орлогыг дэмжих, нэг хүнд ногдох үндэсний орлогыг 10-12 мянган ам.долларт хүргэх, ДНБ-ээ дор хаяж хоёр дахин нэмэгдүүлэх.
Энэ зорилгодоо хүрэх хаалгыг нээхийн тулд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлж, хөгжилд тушаа саад болоод байгаа салбаруудаа эдийн засгийн эргэлтэд оруулна гэдгээ зарлаж байгаа юм.
Том зургаар нь харвал, хэрэгжих бүрэн боломжтой, төслүүд. Задлаад харвал, асуудал бишгүй. Эрсдэл ч бий. Алдаа гаргахаас айгаад, асуудлаасаа зугатвал бэрхшээл биднийг тойрохгүй. Манай төсвийн чадамж сул, одоо л зээлжих зэрэглэл өсөж, гадагшаа дотогшоо “тэмцэж” байж олсон эдийн засгийн эрх чөлөөгөө дэнчинд тавих нь хүндхэн нөхцөлийг үүсгэж мэдэх ч эрт, орой хийх л учиртай бүтээн байгуулалт мөн.
14 мега төслийн гол хөрөнгө оруулалт эрчим хүч, зам тээврийн салбар руу чиглэнэ гэдгийг Ерөнхий сайд онцолж буй. Мөн аж үйлдвэрийн томоохон бүтээн байгуулалтаа хослуулна гэсэн. Засгийн газрын тухайд, өмнө нь нэг дор ийм олон, мега төслийг хэрэгжүүлэх зорилт тавьж байгаагүй. Шинэ парламент, шинэ Үндсэн хуулийн орчин, Хамтарсан Засгийн газрын боломж, эрч хүчээ мега төсөл хэрэгжүүлэхэд ашиглах нь тун зүйтэй.
Төмөр замын тухайд, манай үндэсний компаниуд нэг үеэ бодвол өөрсдийн хүч, мөнгөөр төмөр замаа тавьж чаддаг болсон. Жишээ нь, Ханги боомт болон хэвтээ чиглэлийн зам, бүтээн байгуулалт амжилттай өрнөж, говь, тал нутагт татсан утас шиг төмөр зам зурайсаар байна. Дэд бүтцээ суурилуулах нь нэг ажил, хил дамнасан бүтээн байгуулалт, тээвэр ложистикийн царцсан ажлуудаа гэсгээх нь бөөн ажил шүү.
Боомт болон хил дамнасан бүтээн байгуулалтуудаа хийж чадвал хоёр улсын эдийн засгийн чадамж мэдэгдэхүйц сайжрахаас гадна худалдааг нэвт дэмжсэн эдийн засгийн коридор үүснэ. Зам дагаж хөгжил гэдгийн жишээ гэсэн үг.
Тиймээс л Гашуунсухайт-Ганц мод, Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал боомтын нэвтрэн өнгөрүүлэх чадамжийг нэмэгдүүлэх нүсэр ажлыг ойрын хоёр жилд багтаан хийж дуусгана гэдгээ Ерөнхий сайд хэлсээр, ярьсаар яваа.
Аятай нь, улсын төсвийн бус төрийн өмчийн үйлдвэрийн газрууд, хувийн хэвшил хамтарч энэ ажлыг хийнэ. Эдгээр гурван боомтын нэвтрэн өнгөрүүлэх чадварыг сайжруулбал, төмөр замын салбарын орлого 3-4 дахин нэмэгдэнэ гэсэн тооцоолол гарсан. Төмөр зам гэлтгүй тээврийн хувьд илт өсөлт мэдрэгдэнэ. 2019 онд Монгол Улс 36 сая тонн нүүрс экспортод гаргаж байсан бол энэ жил 80 сая тонн рүү дөхөж байгааг Сангийн сайд саяхны нэгэн ярилцлагадаа дурдаж байна билээ. Ирэх жил ч энэ жилийн үзүүлэлтээ хадгалаад явах зорилт тавьсан гэх. Тэгэхээр энэ бол зам тээвэр дэх боломж. Үүн дээр төмөр замын боломжоо нэмбэл богино, дунд, урт хугацаандаа энэ Засгийн газрын дэвшүүлсэн өрхийн болон иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх томоохон зорилт биелнэ.
0 cэтгэгдэлтэй