Аав та биеэ бодоорой

2021-03-24 1139 1

Хүний хань хүүхдийн аав та биеэ бодоорой. Ханхайн суудаг нөмөр тань нуран унахтай зэрэгцэн хүний мөс, хүн ёс алга болдог юм байна. Ханийх нь амьд сэрүүнд алд хүндэлж байсан хадам дүү нар ахыгаа өнхрөөд өгөхийн цагт гэр бүлийг нь дэлмийн дайтай ч хүндлэхээ болив. Өнчирч хоцорсон гурван үрээс нь элэг нэгтэй ах дүүс нь идэх хоолыг нь булаах гэж оролдох өдөр ирдэг л юм байна.

Ижий ухаан залгаж бэр минь түшиж үлдэнэ гэж нэгэн шүлэгт байдаг. Монголчууд бэрээ хайрлан дээдлэх их ухаанд айл гэрийн амьдрал өөдлөн дээшилдэг байх.

Гэтэл нэгэн өдөр ханьдаа ивээгдэж, хадам ижийдээ энэрэгдэж байсан жирийн нэгэн гялалзаж явсан багш эмэгтэй түшиж тулж байсан ханиа алдсан өдрөөс эхлэн нөхрийнхөө дүү нарт адлагдаж эхэлсэн юм. Нөхрөө бурхан болсноос хойш бүлтийсэн гурван үрээ тэврээд үлдсэн түүнд нөхрийнх нь үлдээсэн өв /хөрөнгө/ ийм их шаналал нулимс дуудна чинээ яаж санах билээ. Би ч гэсэн эх хүн, ээж хүний хувиар үр хүүхдэд минь ааваас нь үлдсэн өв юм шүү, тэдний минь ирээдүй баталгаатай байгаасай гэсэн сэтгэлээр тэвчиж тэмцэх л байх. Хэдий мөнгөтэй бийлэгжүү хүмүүсийн захиалгатай хэвлэлийн гүтгэлэг дайралтад чичлүүлж мэдэх ч хүүхдүүдээ бодож эцэг нь үлдээсэн өв хөрөнгө юмдаа гэж тэвчиж бат зогсох байх. Ах дүүсийн оролцоотой үүсгэсэн бизнесийн ашиг хонжоо гэж маш хүнд асуудал байдаг гэлтэй. Эрх ашигт нүдээ сохолсон, хүнээ байсан тэмцэл явагддаг юм байна гэдгийг энэ нэгэн бодит амьдралаас харлаа.

-Гэр бүлийн эд хөрөнгийн маргааныг хонгилын хэрэг болгосон нь-

Эр цэргийн баяр, эрчүүдийн баяр хэдхэн хоногийн өмнө болж өнгөрөв. Аавууд, нөхрүүд баяр далимдуулж хөөрч дэврэн, хүүхдүүдтэйгээ инээд хөөр болдог энэ өдөр харин нөхрөө алдсан нэгэн эмэгтэй шахалт дарамтаар далайлгасан дуудлага бүрд айн мэгдэн хариу өгч, цөхрөлөө баран суужээ.

Учир юу гэвэл…нэр бүхий сайтуудад гэр бүлийн хамааралтай хүмүүсийн эд хөрөнгийн маргааныг улс төрийн ноцтой асуудалтай холбон нөхрөөсөө ганцаар хоцорсон эмэгтэйг гүтгэж доромжилсон мэдээлэл түгсэн. Нийтлэлд мөнөөх эмэгтэйг ямар ч хамааралгүй бөгөөд олон нийтийн сүлжээний байр болсон хүмүүсийн ноцтой хэрэгт хамааруулж бичсэн байв. Хуулийн дагуу ажлаа хийсэн нотариатч болон прокурорын нэрсийг дурдаж илт гүтгэсэн мэдээллийг түгээв.

Тэрхүү мэдээлэлд мөнөөх эмэгтэйг хүний хөрөнгийг хууль бус бичиг баримт үйлдэж авсан хэмээн “цолложээ”. Угтаа нөхөр нь хүнд өвчний улмаас өөрийн хөрөнгийг халамжит эхнэр, хайрт хүүхдүүддээ шилжүүлсэн бодит үнэнийг гуйвуулсан нь тэр юм.

Ханиасаа хагацарч хоцорсон тэрхүү эмэгтэй хуулийн мэргэжилтэй бөгөөд салбартаа ажилладаг учраас эсрэг талаас хуульч, прокурор, хууль хяналтын байгууллагын хүн бүрийг түүнтэй үгссэн мэт холбож худал нийтлэл бичүүлж, олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллээр далайлган хууль, хяналтын байгууллагын шийдвэрт нөлөөлөх оролдцлог хийж байгаа нь маш том ашиг сонирхол байгааг илтгэнэ.

Түүний нөхөр С.Цахиурын өөрийн дүүгийн хамт үүсгэсэн компани, бүтээн бий болгосон эд хөрөнгө нь тоочоод барамгүй арвин юм билээ. Нөхрийнх нь оролцоотой бий болсон тэр компани, өв хөрөнгө бэлэвсэрч хоцорсон эхнэр болоод үр хүүхдүүдэд нь огт хамааралгүй болж хувирчихав. С.Цахиур хүнд өвчний улмаас өөрийн хөрөнгийг хуулийн дагуу эхнэр, хүүхдүүддээ өвлүүлжээ. Өвлүүлсэн хөрөнгөний ихэнх хэсэг нь нөхрийнх нь дүү нарынх байж. Ах дүү улс гээд нэг их зүйл бодолгүй хамтарч эзэмшээд явахад гэмгүй гэж бодтол нөхөр нь нас барсны дараа удалгүй тухайн хөрөнгийг бэр эгчдээ, ахынхаа хүүхдүүдэд өгөхгүй гэсэн хүн чанаргүй хүйтэн сэтгэлээс үүдэлтэй гэр бүлийн маргаан хууль хяналтын байгууллага дээр очив. Цаашлаад ах дүүсийн харилцаа нуран унаж, хүүхдүүдийн хооронд өш хонзон ч үүсч хүний мөсгүй хүйтэн дайн болж даамжирлаа. Бэр эгчээ нухчин дарах, хийгээгүй хэрэг, болоогүй асуудлыг зохиож гүжир гүтгэлгээр дайрч өдийг хүрэв. Сэтгэл санааг нь мохоож, ахаас нь үлдсэн үр хүүхдүүдийг нь хавчин гадуурхах болов.

Одоогийн бодит нөхцөл байдал гэвэл нөхрийнх оролцоотой босголцож бүтээсэн хөрөнгөөс адлагдсан бэр болон хүүхдүүдэд нь юу ч үлдэхгүй. Мөн цор ганц булаацалдаад байгаа тус хөрөнгө нийт хөрөнгийн 10 хувьд ч хүрэхгүй хэсэг юм. Энэ өвлүүлсэн хөрөнгө бол хүүхдүүддээ өөрөөс нь хойш ядаж гэдэс цатгалан, мөр бүтэн яваг хэмээн эцгийнх нь үлдээсэн сэтгэл төдий аж.

Ахынхаа амьд сэрүүнд огт ярьдаггүй байсан дүү нар нь ахыгаа бурхан болсны дараа ийм ширүүн дайрч эхэлнэ гэж бэр нь санаагүй. Харин ийм асуудал дэгдэхийг мэдсэн учир нөхөр нь нэр дээрээ байгаа хөрөнгөө эхнэр, хүүхдэдээ үлдээж, үр хүүхдийнхээ ирээдүйг баталгаатай байгаасаа гэж бодож хийсэн зүйл байх. Асуудал ердөө л ийм. Бэр эгчээ гэсэн сэтгэлгүй, ахынхаа хүүхдүүдийг гэсэн өрөвдөх сэтгэлгүй энэ үйлдлээ орчин цагт өрнөж байгаа улс төрийн ноцтой асуудалтай хольж хутган, хамгийн том, хамгийн өндөр төлбөртэй сайтуудаар гүжирдэж гүтгэсэн мэдээлэл түгээж буй. Энэ бүхний уршигт түших тулах хүнгүй хоцорсон эмэгтэй улс төрийн тоглоомд хохирогч болгочих вий гэсэн айдас байгаа нь нууцгүй зүйл.

Самбуугийн Цахиурын эхнэр Янжинхорлоо гэж хэн бэ? МУИС-д багш доктор, профессороор ажилладаг, жирийн нэгэн сэхээтэн эмэгтэй. “Зууны 100 эмэгтэй”-н нэгээр тодорч, олон зуун шавь төрүүлж, зуу зуун эрдэм шинжилгээний бүтээл туурвиж, салбартаа хувь нэмрээ оруулж явсан нэр хүндтэй бахархалт багш тэрбээр өнөөдөр шавь нарынхаа царайг ч харж чадахгүй болж орхив. Нэр хүндээ хичээж дуугүй явсаар өдий хүрсэн ч нэг л өдөр түүнийг нэр, албан тушаалтай нь улстөржүүлсэн бусармаг хэрэгтэй хутгаж, олон нийтийн сүлжээгээр зураг хөрөгтэй нь хайр найргүй түгээж, гүтгэн доромжилсон. Учир зангилааг мэдэхгүй олон ганц энэ эмэгтэйг хараацгааж буй биз.

Уг нь прокурорын байгууллага Янжинхорлоо болон түүний хүүхдүүдэд ааваас нь үлдээсэн хөрөнгө баталгаатай үндэслэлтэй бөгөөд тэднийх  гэдэг хуулийн дагуу нотлогдож байгааг тогтоосон. Гэтэл нөхрийнх нь дүүс хөрөнгө мөнгөөр далайлган хэвлэл мэдээллээр худал мэдээлэл нийтэлж шүүх хяналтад нөлөөлөх гэсэн үйлдлээ зогсоохгүй байна.

Гэр бүлийн хамааралтай хүмүүсийн эд хөрөнгөний төлөө гэсэн хүний мөсгүй энэ тэмцлийг бүү улстөржүүлж бурууд чиглүүлээсэй гэж энэ эмэгтэй туйлаас хүсч байна. Төрсөн ахынхаа эхнэрийг эд хөрөнгийн маргаанаас үүдэж нэр хүндгүй, ажилгүй, үр хүүхдүүдтэй нь хамт модыг нь бариулах гэсэн хүн чанаргүй үйлдэл гэж миний хувьд харж байна. Төрөх, үхэх нь үнэн энэ хорвоод хүн бүр цувж оддог билээ. Үлдсэн нэг нь ийм муухай ах дүүсийн хэрүүл хүний мөсгүй гүтгэлэг зовлонг бүү амсаасай.

Айл гэрийн нөхөгдөхгүй орон зай болсон эцэг хүн та биеэ бодож гэр бүлээ хамгаалаарай.

Аав та биеэ бодоорой.

Г.Соёл-Эрдэнэ

 

 

 

 

  • Цахиур гэж хүн чинь угаасаа эрх мэдэлтэй газар хот төлөвлөлтийн хүн байсан дүү нартайгаа олон бизнес хийж эрт хөлжсөн хүн. одоо уг удмаараа горын амсах нь дээ.

Холбоотой мэдээ