З.Цэлмэг

З.Цэлмэг

https://www.facebook.com/TseZdata/

Ө.Ган-Өлзий: Архины хамааралтай гэр бүлд хүчирхийллийн эрсдэл 80% нэмэгддэг

2021-03-29 1987 0

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзийтэй цар тахлын үеийн хүүхэд, гэр бүлд чиглэсэн үйл ажиллагаа, хүүхэд хамгаалал дахь талуудын оролцоо, энэ онд хийхээр зорьж буй ажлынх нь талаар ярилцлаа.

-Ковид-19 цар тахлын үед та бүхэн ямар зохион байгуулалттайгаар ажилласан бэ?

-Засгийн газрын 2019 оны 201 дүгээр тогтоол “Онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж, дэмжлэг үзүүлэх журам”-ийн хүрээнд нийслэл болон есөн дүүрэгт мэргэжлийн анги байгуулж ажиллалаа. Нийслэлийн ГБХЗХГ болон есөн дүүрэгт ГБХЗХХ-ийн 237 мэргэжилтэн, ажилтан албан хаагч бий. Харин нийслэлийн хэмжээнд 0-18 насны 544 мянган хүүхэд байдаг гэж тооцвол нэг мэргэжилтэн ойролцоогоор 2.2 мянган хүүхдийн хөгжил, хамгааллыг хариуцан ажилладаг гэсэн үг. Гэхдээ эдгээр хүүхдийн 10-15 орчим хувь нь эрсдэлтэй нөхцөлд амьдардаг. Ковидын үед мэргэжлийн ангийнхан ажиллахад батлагдсан нэг зүйл бол гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл архины худалдааг хориглосон үед эрс буурсан. Бүтэн нэг долоо хоногийн турш гэр бүлийн хүчирхийллийн дуудлага тэглэж үзлээ шүү дээ.

-Та үүнийгээ жаахан тодруулахгүй юу. Статистикаар хөл хорионы үед гэр бүлийн хүчирхийллийн тоо өссөн байсан. Дэлхийн бусад улсад ч гэсэн энэ асуудал хурцаар тавигдсан?

-Ерөнхийдөө хөл хорио тогтоосон эхний сард гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл буурсан. Яваандаа хүмүүс гэртээ удаан байснаас, мөн архи, согтууруулах ундааны худалдааг буцаад сэргээснээр гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл 80 хүртэлх хувиар өссөн.

Энэ дүгнэлтийг гаргахдаа манай байгууллага сүүлийн хоёр жилийн гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл, тохиолдлуудад дүн шинжилгээ хийсэн. Архины хамааралтай гэр бүлд хүчирхийллийн эрсдэл яалт ч үгүй 80 хувиар илүү өндөр байна.

-Ковидын үед энэ эрсдэлийг бууруулахад та бүхэн ямар ажил хийсэн бэ?

-Архины хамааралтай гэр бүлийн хүчирхийллийн тохиолдлыг бууруулах зорилт тавин Наркологийн эмнэлэгтэй хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулж ажиллаж байна. Мөн “Гэр бүлийн хөгжлийг дэмжих” туршилтын хөтөлбөр явуулж байгаа. Маш олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Энэ хүрээнд боловсрол, сэтгэлзүйн болон эрүүл мэнд, архины хамаарлыг бууруулах буюу зан үйл засах цогц үйлчилгээ үзүүлдэг.

Өнгөрсөн хугацаанд хүүхэд болон гэр бүлийн аль алинд нь зэрэг чиглэн ажиллаж, нийт 2340 өрхөд үйлчилсэн байна. Хөтөлбөрийнхөө үр дүнг хэмжихээр бид одоо чанарын судалгаа хийж байгаа. Хамгийн гол нь ямар ажил хийж, арга хэмжээ хэрэгжүүлбэл архины хамаарлаас гарч, хүүхдүүд нь хүчирхийллээс ангид байж болох зэргээр зорилтот өрхийн жагсаалтаас гарах боломжийг тогтоох нь чухал байгаа.

-Зорилтот өрхийг зөвхөн архины хамаарлаар сонгож байна уу?

-Үгүй. 2018 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ улсын хэмжээнд 410 гаруй мянган гэр бүлд судалгаа хийсэн. Судалгаанаас нийтдээ Монголын гэр бүлүүдэд нийтлэг 12 хэв шинж байна гэсэн дүн гарч, тэдгээр гэр бүлд ямар үйлчилгээ үзүүлэх шаардлагатай байгааг судалсан юм. Тухайн үед байсан нийт 152 хорооноос тус бүр 16 өрхийг сонгон авч хөгжлийн туршилтын хөтөлбөр хэрэгжүүлээд гурван жил болж байна.

Ковидын үед хамгийн эрсдэлтэй олон хүүхэдтэй өрхүүдтэй мэргэжлийн анги тулж ажилласан. Орлого нь тасалдсанаас хоол хүнсээ залгуулж чадахгүй, улмаар хүүхдийн тусламжийн 108 утас руу “хоол хүнсгүй боллоо”, “хүүхэд маань 2-3 хоног хоол ундгүй байна”, “хүнсний дэмжлэг үзүүлээч” гэх зэрэг дуудлага 11 дүгээр сарын 11-нд хөл хорио тогтоосноос хойш он дуустал хугацаанд нийтдээ 1081 ирсэн.

Дуудлага бүрийн хариуд мэргэжлийн ангиуд дүүргийн онцгой байдлын алба хаагчид, олон улсын байгууллагууд, тухайн дүүргээс сонгогдсон УИХ-ийн гишүүдтэй хамтран хоол хүнс хүргэсэн. Анх удаа хийж буй ажил тул дүүргийн Онцгой комисстой зөвшилцөх, зарим дуудлагын хариуд өөрсдөө хүнс хүргэх гээд нарийн зохион байгуулалтын ажлууд их орсон.

Энэ бүхэнтэй зэрэгцэн манай байгууллагын ажлыг шалгах зорилгоор ч юм уу хоол хүнсээр дутагдаагүй хүмүүс хүртэл хуурамч дуудлага өгөх явдал олон гарсан.

-Хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн нь Ковидын үед нийгмийн халамжид дэмжлэг болохуйц арга хэмжээ боллоо гэж ярьж байна. Өдрийн орлогоор амьдардаг хүмүүсийн хувьд энэ мөнгө хэр зэрэг нэмэртэй байсан бол?

-Архи, согтууруулах ундааг худалдахыг хориглосон үед дэмжлэг болж чадсан гэж харж байгаа. Архины хамааралтай гэр бүлүүд ихэнхдээ хүнсний эрхийн бичиг, хүүхдийн 100 мянган төгрөгөө архинд зарж, эрсдэл үүсдэг. Гэхдээ хүүхдийн тусламжийн 108 утасны дуудлага мэдээллээс харахад хүнсний эрхийн бичиг авдаггүй өрхүүдийн хувьд хүүхдийн 100 мянган төгрөг буугаагүй үед дуудлага өгөх нь ихэссэн байсан. Хүүхдийн 100 мянган төгрөг буунгуут дуудлагын тоо харьцангуй багасдаг дүр зураг ажиглагдсан. Хэдийгээр 100 мянган төгрөг өрхүүдэд дэмжлэг болж байгаа ч гэсэн бүтэн сарынх нь хэрэгцээнд хүрэхгүй нь ойлгомжтой шүү дээ.

-Өнгөрсөн жил дотоодод халдвар тархаагүй байхад ч хөл хорио тавьснаас мөн өдрийн орлогоороо амьдралаа залгуулдаг өрхүүдийн хувьд хүүхэд нь өлсөж эндэж байна гэдэг мэдээлэл их гарсан. Албан ёсны бүртгэл мэдээллээс харахад тийм тохиолдлууд хэр зэрэг олон гарав?

-Тураалтай хүүхдүүдийг бид улсын төв сувилалд өгдөг. Гэхдээ ковидын үед тийм тураалтай хүүхдүүдийн судалгааг хийгээгүй. Хүүхдүүд өлбөрч эндсэн гэдэг мэдээлэл ирээгүй. Харин өмнө хэлсэнчлэн олон хүүхэдтэй, “аав нь хөдөө орон нутагт ажилладаг, би хүүхдээ хараад гэртээ байдаг, манай хүүхдүүд өлсөөд байна” гэдэг дуудлага их ирсэн.

Бид эрсдэлийн судалгаа гаргаж нийслэлийн Захирагчийн ажлын албанд хүргүүлж, тэндээс 20 мянган эрсдэл өндөртэй, халамжид хамрагддаггүй өрхүүд рүү хүнсний багц түгээсэн.

– ҮЛ ХАЙХРАХ ХҮЧИРХИЙЛЭЛ БОЛ ХҮҮХЭД БҮХ ТӨРЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТӨХ СУУРЬ БОЛДОГ-

-Энэ онд хүүхэд хамгааллын үйлчилгээний үндсэн чиглэл юу байх вэ. Ковид та бүхэнд ямар сургамж өгсөн бэ?

-Өнгөрсөн жил ковидын улмаас олон нийтийг хамарсан үйл ажиллагаануудыг хязгаарласан тул хүүхдүүддээ үзүүлэх хөгжлийн үйлчилгээ орхигдсон болов уу гэж бидний зүгээс харж байна. Хөгжсөн хүүхэд хамгаалагддаг. Тийм учраас хүүхдүүд маань өөрсдөө хөгжих ёстой гэсэн зарчмаар бид хөгжлийн үйлчилгээгээ зохион байгуулдаг.

Хэдийгээр олон нийтийн сүлжээ, технологийн хэрэглээгээр дамжуулж хүүхдүүд хөгжиж байгаа ч хүүхдийн хөгжлийн хөтөлбөр гэдэг онцлогтой. Хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийн хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Энэ жил алслагдсан хорооны болон  зорилтот өрхүүдийн хүүхдэд чиглэсэн “Би нар” төслөө үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

Ирж, очих зардлаас эхлээд “Хүүхдийн ордон”, “Хүүхдийн урлан бүтээх төв”-д суралцах боломжгүй өрхийн хүүхдүүдийг тухайн оршин суугаа хорооных нь Иргэдийн хурлын танхимтай хамтран 16 төрлийн дугуйланд хамруулсан. Нийт 100 гаруй хорооны 3900  орчим хүүхэд хичээллэсэн. Зорилготой хүүхэд хөгжих боломжоо хайж, хөгжиж явдаг. Хүүхэд хөгжиж байж хамгаалагддаг учраас нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн хувьд хөгжлийн үйлчилгээг түлхүү үзүүлдэг. Харин хамгааллын үйлчилгээг Хүүхэд хамгааллын тухай хуульд зааснаар зохих журмын дагуу үзүүлээд явдаг.

Нөгөөтээгүүр, зөвхөн хүүхдийн байгууллага бүх хүүхдийг хамгаалж, хөгжүүлээд явна гэж байхгүй. Хүүхдийг хөгжүүлж, хамгаалахад хамгийн гол хүн бол эцэг эх. Тэр утгаараа “Би хариуцлагатай аав, ээж”, “Анхаарал, хариуцлага, эрсдэлгүй орчин” гэх мэт эцэг, эхийн хүүхдээ өсгөж хүмүүлэх боломжийг дэмжсэн, үүрэг хариуцлагыг нь сурталчилсан, хүүхдийн бие болоод сэтгэл зүйн онцлогийг тайлбарласан, хүүхдээ эрсдэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх боломжийг таниулж, байгууллага бүртэй хамтран Эцэг, эхийн зөвлөл байгуулах зэрэг ажлууд ч үргэлжилнэ. Энэ арга хэмжээ, хөтөлбөрүүдийн явцад урьдчилан сэргийлэх ажлыг давхар хийдэг юм. 2020 онд 160 байгууллага дэргэдээ Эцэг, эхийн зөвлөлөө байгуулсан.

-Эцэг эхийн хараа хяналт сул байгаа нь эргээд хүүхэд эрсдэх шалтгаан болдгийг хүмүүс тэр бүр ойлгохгүй байх шиг?

-Яг үнэн. ГССҮТ-ийн ирүүлсэн мэдээгээр ковидын үед ахуйн орчны эрсдэл 20 орчим хувиар нэмэгдсэн байна. Энэ бол эцэг, эхийн хараа хяналт сул байснаас хүүхдүүд өнөөх л халуун тогоонд түлэгдэх зэрэг ахуйн осолд орох тохиолдлууд өндөр байна гэсэн үг. Үүнтэй яг ижилхэн хүүхдийг гэмт хэрэгт өртөх эсвэл түүнээс урьдчилан сэргийлж чадах эсэх нь ерөөсөө эцэг, эхийн хүүхдээ хэр зэрэг харж хандахаас шалтгаалдаг. Үл хайхрах хүчирхийлэл бол хүүхэд бүх төрлийн хүчирхийлэлд өртөх суурь болдог. Ээж, аав хүүхдээ хаана явж байгааг мэдэхгүй байна. Зөвхөн хооллож, хувцаслах нь хүүхдэд сэтгэл зүйн дарамт болдог тохиолдол бий. Анги болон сургуульдаа үе тэнгийнхний гадуурхалд өртөөд байгааг нь мэддэггүй гэхчлэн хүүхэдтэйгээ эцэг эхчүүд ойлголцдоггүй жишээ олон. Магадгүй ойлгохыг хүсэхгүй байгаа нь үл хайхрах хүчирхийлэл юм. Эцэг эх нь хайхрахгүй байгаа хүүхэд гуйлга гуйж, гадуур тэнэж, буруу зүйлд уруу татагдах, гэмт хэрэгт өртөх эрсдэл бий болдог. Улмаар дараагийн шатанд бие махбодын гэх мэт хүчирхийллийн хүнд хэлбэрүүдэд өртөх эрсдэл нэмэгдсээр байдаг. Тиймээс л бид эцэг эхийн үүрэг хариуцлага хамгийн түрүүнд байх ёстой гэж яриад байгаа юм.

-Төрийн байгууллагууд хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу Эцэг, эхийн зөвлөлтэй болж байгаа. Хувийн байгууллагууд энэ ажилд хэр зэрэг идэвх санаачилгатай оролцдог вэ?

-Өнгөрсөн жил Эцэг, эхийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэхээр уралдаан зарласан. Үүний хүрээнд төрийн болон төрийн бус 160 байгууллага эцэг эхийн зөвлөлтэй болсон. Төр ба хувийн хэвшлийн эцэг, эхийн зөвлөлийн үйл ажиллагааг бид салгаж дүгнэдэг. Тэгж байж урамшиж, бага ч гэсэн ажил хийнэ шүү дээ. Өнгөрсөн жилийн байдлаар хувийн байгууллагаас МҮХАҮТ-ын Эцэг, эхийн зөвлөл, харин төрийн байгууллагуудаас гэвэл нийслэлийн Дотоод аудит, Худалдан авах ажиллагааны газрын эцэг эхийн зөвлөлүүд идэвх санаачлагатай ажилласан. Энэ жил улсын сургууль, цэцэрлэгт эцэг эхийн зөвлөл байгуулна гэж төлөвлөж ажиллаж байна.

-Хамтарсан багуудад чиглэсэн ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?

-Хамтарсан багуудыг чадваржуулах ажлыг тасралтгүй хийхгүй бол болохгүй байна. Хэдийгээр хүүхэд хамгааллын чиглэлээр Хамтарсан багуудаа идэвхжүүлж, ажлын байранд нь чадавхжуулж, мэргэшүүлсээр байгаа ч жилийн дараа гэхэд өнөөх бүрэлдэхүүний 30-50 хувь нь солигдчихсон байдаг. Сонгуультай жил тохиосон, тохиогоогүй байнгын хөдөлгөөнд байна.

Ачаалал ихтэй, дээрээс нь анхан шатны нэгж учраас дөнгөж мэргэшээд эхлэнгүүтээ дараагийн шатны байгууллагадаа дэвшиж ажиллах тохиолдол их. Боловсон хүчний урсгал ихтэй газар.

Хамтарсан баг нийтдээ 1071 гишүүнтэй, үүний 30-50 хувь байнга нааш, цаашаа болж байдаг. 2021 онд хамтарсан багуудыг ажлын байран дээр нь, онлайн хэлбэрээр, танхимаар гэсэн гурван аргаар сургалт хийж, чадваржуулахаар төлөвлөсөн. Хагас болон бүтэн жилээр үйл ажиллагаанд хяналт тавьж жил бүр хамтарсан багуудын дунд чадавхжуулах илтгэлийн болон кэйс шийдвэрлэх тэмцээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

-Хүүхдийг эрсдлээс хамгаалах урьдчилан сэргийлэх илрүүлгийг ямар байдлаар явуулж байгаа вэ?

-Бид 2019 оноос нэлээд онцлог байдлаар илрүүлэг хийж эхэлсэн. Тухайлбал, улирал бүр илрүүлэлт зохион байгуулдаг. Хаврын улиралд хүүхдүүд PC тоглоомын газар, дэн буудлуудад цуглах нь түгээмэл байдаг. Тиймээс тэнд нэлээд илрүүлэг явагддаг. Зуны цагт голын эрэг, зах худалдааны төв, гар дээрээс наймаа хийдэг газруудаар  цагдаа, эрүүл мэндийн ажилтан, онцгой, мэргэжлийн хяналтын байгууллагын төлөөлөлтэй нийлсэн баг илрүүлэг хийдэг. Энэ мэт улирал тутамдаа илрүүлэлт сайжирч буй тул гудамжинд тэнэмэл хүүхэд байхгүй болсон. Мэдээж эцэг, эхийн хараа хяналт сулраад гадуур гуйлга гуйж, тэнүүчилж буй хүүхдүүд бий. Ийм тохиолдлыг иргэд харсан даруйдаа хүүхдийн тусламжийн 108 утсанд мэдээлэл өгөхийн оронд тэр хүүхдэд хоол өгч, тусламж үзүүлж буйгаа олон нийтийн сүлжээ, цахим орчинд сурталчилж явах нь тухайн хүүхдэд буруу ойлголт өгдөг. Ингээд яваад байж болдог юм байна гэж санадаг. Кэейсийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр задлахад хүүхдийн сэтгэл зүйд сөрөг нөлөө үзүүлдгийг давхар бодолцох хэрэгтэй.

-Ковидын үед сэтгэл зүйн хувьд хамгийн эмзэг байсан нь өсвөр насныхан. Өсвөр насныханд ямар үйлчилгээ хүргэж ажилласан бэ?

-Дүүрэг бүрд онлайнаар сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлдэг болсон. 108 утсан дээр мөн чат-бокстой болсон нь ихээхэн үр дүнтэй байгаа. Чатбокс-д холбогдож мэдээлэл зөвлөгөө авсан иргэдийн тоог хувилж үзэхэд 55 хувь нь хүүхэд, 45 хувь нь эцэг эхчүүд хандан байна. Эцэг эхчүүд өөрсдөө чат боксоор дамжуулан сэтгэл зүйчтэй холбогдон хүүхдийнхээ дэлгэцийн донтолтыг болиулах, урьдчилан анхааруулах зөвлөгөө мэдээлэл өгөөч гэж их хүсэх болсон. Та бүхэн хэлээд яриад өгөөч, би ерөөсөө ойлголцохгүй байна гэж ханддаг. Ер нь зөвлөгөө мэдээлэл хүссэн иргэдийн тоо 108 утсан дээр ч тэр, дүүргүүдийн сэтгэлзүйчид дээр ч тэр ихэссэн. Хүүхдүүд хөдөлгөөний дутагдалд орсон учраас бүжгийн тэмцээн, TikTok апп-аар асуулт хариултын тэмцээн онлайнаар зохион байгуулсан. Цахимаар хичээлээ үзэх боломжгүй хүүхдүүдэд насны онцлогт тохирсон хөгжлийн номууд, сургалтын материалыг хүргүүлж, гэр бүлтэйгээ хамтран хийх боломж нөхцлийг бүрдүүлсэн. Бүгдэд нь хүрч ажиллах боломжгүй ч болж бүтэхээрээ  гэр бүлийн хөгжлийн үйлчилгээг хүргэн ажиллаж байна.

-ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХУУЛЬ ЗҮЙН ХОРОО САЙН АЖИЛЛАВАЛ ГЭМТ ХЭРЭГТ ӨРТӨХ ХҮҮХЭД ЭРС ЦӨӨРДӨГ-

-Манай сайтын мэргэжлийн байгууллагатай хамтран бэлтгэсэн дата анализаас харахад БЗД, СХД-т хүүхэд эрсдэх, гэмт хэрэг зөрчилд холбогдох нь их байгаа ч сүүлийн жилүүдэд бууралт ажиглагдсан. Харин БГД, СБД-т ямар ч ахиц гараагүй, бүр дордсон байна. Хүүхэд хамгааллын чиглэлд үүрэг хүлээсэн дүүргийн удирдлагууд та бүхэнтэй хэр зэрэг уялдаа холбоотой ажиллаж байна вэ?

-Дүүрэг бүрд Засаг даргаар ахлуулсан Хүүхдийн төлөө зөвлөл ажиллаж, ажлын албыг нь ГБХЗХХ хариуцдаг. Засаг дарга нар, хуулиар хүүхдийн эрхийг хамгаалахад үүрэг хүлээсэн хүмүүсийн сэтгэл ажлын үр дүнд хамгийн их нөлөөлдөг зүйлсийн нэг. Засаг дарга өөрөө хүүхдийн төлөө зөвлөлөө удирдан явуулж буй хуралд ядаж л ирц бүрэн байдаг. Гаргаж байгаа шийдвэр нь ч гэсэн орлогч нь удирдаж явуулсан хурлаас огт өөр.

Мөн Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны нарийн бичгээр манай хэлтсүүд ажилладаг. Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо маш сайн ажиллавал гэмт хэрэгт өртөж буй хүүхдийн тоо эрс буурдаг. Дээрээс нь урьдчилан сэргийлэх ажил хийх ёстой хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллаж байгаа. Бид дүүргүүдтэйгээ 21 хоног тутамд холбогдож арга зүйгээр хангахаас гадна ажлын явц, үр дүнгээ хэлэлцдэг. Мэдээж өдөр тутмын яаралтай асуудлууд гарвал тухай бүрд холбогдоод явна.

-Бид нэг биш хэд хэдэн оныг олон хэмжүүрээр харахад яалт ч үгүй аль дүүрэг хэрхэн ажиллаж байгаа нь тодорхой харагдсан. Тиймээс дүүргийн удирдлагуудын оролцоо хэр зэрэг ач холбогдолтой байдгийг сонирхоод байгаа юм л даа?

-Бид бас Хүүхдийн тусламжийн 108 утсаар ирсэн дуудлага мэдээлэлд хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой кэйсийг хэрхэн хааж, шийдвэрлэсэн мэдээллийг давхар бүртгэдэг. Тэр мэдээллээс харахад Ажлын төлөвлөлт, зүтгэл, хуваарилсан төсөв санхүүгээс тухайн орон нутаг, засаг захиргааны удирдлага хүүхдүүддээ хэр зэрэг чиглэн ажиллаж байгаа нь  харагддаг. Жижиг гэлтгүй гаргаж буй сэтгэл, хийж буй үйлдэл болгон эргээд хүүхдэдээ хүрдэг юм. Төрийн албан хаагчид хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээд ажиллаж байгаа ч үүний хажуугаар дүүргийн болон нутгийн захиргааны удирдлагууд манай нийгмийн салбарыг ойлгон, үүнд чиглэсэн хөтөлбөрийг түлхүү хэрэгжүүлж сэтгэл зүрхээ зориулж ажиллах нь хүндээ, хүүхдэдээ хүрэх талаараа яаж ч бодсон илүү л байдаг.

Холбоотой мэдээ