Г.БАТСУУРЬ: ЖДҮ эрхлэгч эмэгтэй эзэнтэй 104 төсөлд 9.7 тэрбум, эрэгтэй эзэнтэй 145 төсөлд 13.2 тэрбум төгрөгийн зээл олгожээ

2021-11-09 583 1

Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих хүрээнд Азийн Хөгжлийн Банктай хамтран “Жендер ба хөгжил-2021” үндэсний чуулганыг зохион байгуулж байна.

Өнөөдөр эхэлсэн чуулганы нээлтэд Монгол Улс дахь Азийн Хөгжлийн Банкны Суурин төлөөлөгч Павит Рамачандран, Монгол Улсын Их Хурлын даргын Зөвлөх Ц.Цогзолмаа Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч Тапан Мишра, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх Шигэрү Кикүма, Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, НХХЯ-ны сайд А.Ариунзаяа нар оролцож, үг хэллээ.

ХХААХҮ-ийн дэд сайд Г.Батсуурь салбар хуралдааны нээлтэд  “ХӨДӨӨГИЙН ХӨГЖИЛ БА ЖЕНДЭР”-ийн асуудлыг хөндөж, “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 32,5 хувийг бүрдүүлэн, нийт ажиллах хүчний 45 хувийг ажлын байраар хангаж байна. 2020 онд Жижиг, дунд үйлдвэрийн сангаас нийт 249 төсөлд 22.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэснээс жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэй эзэнтэй 104 төсөлд 9.7 тэрбум, эрэгтэй эзэнтэй 145 төсөлд 13.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олголоо” гэдгийг онцлов. Зээл олгосны үр дүнд дээрх аж ахуйн нэгжүүд 5 жилийн хугацаанд 1497 шинээр ажлын байр болгож, 811 ажлын байр хадгалж үлдсэн бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлд 6.4 тэрбум, орлогын албан татварт 1.8 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн гэдгийг хэллээ.

Тэрбээр мөн Хөдөөгийн хөгжил дэх жендэрийн тулгамдсан асуудал, түүний дотор малчин, тариаланчдын залуу халааг бэлтгэх, хүйсийн тэнцвэрийг сайжруулах, туршлага солилцож хамтран ажиллах уриалгыг дэмжиж  “Монгол малчин” үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын 2020 оны 34 дүгээр тогтоолоор батлуулсан гэв. “Монгол малчин” хөтөлбөрийн үндсэн 5 зорилтын нэгдүгээрт,  малчдыг мэдээллээр хангах нөхцөлийг бүрдүүлэх замаар мал маллах, аж ахуй эрхлэх арга барил, мэдлэг, чадавхийг сайжруулж, малчдын залуу халааг бэлтгэхээр тусган хэрэгжилтийг хангаж байна гэсэн юм.

Холбоотой мэдээ