ЭЗЭНГҮЙ ХӨДӨӨД ЭЗЭН ШИГ ХЭРЭГТЭЙ ЮМ АЛГА

2023-03-13 519 4

Хөдөө хотгүй хаврын урь орж, салхины үзүүр зөөлөрчээ. Сэлэнгэ аймгийн Мандал сум, Тарни баг гэж арц хүжсийн нутаг Улаанбаатараас 200-аадхан км-т бий. Буйдхан энэ тосгоныг эмжиж Хараа гол мушгиран урсдаг аа. Нутгийн олноос эхлээд хөвөөнд нь саатсан бүхэн сүсэглэн магнайдаа хүргэхээс биш биеэр туучин загас шиг умбан шумбан сэлээд байдаггүй энэ урсгалт гол мөсөө онги татжээ.

Өвөлдөө өвдөг, шагай далд оруулдаг их цасны нутаг. Үүлс шүргэм их модод уулс, хайрхдуудаа бүрхээд, идэр есийн жаварт цав цайдаг Тарни тосгон жилийн аль ч улиралд нүд, сэтгэл булаам үзэсгэлэнтэй. Гуравдугаар сар дундаа орж байгаа энэхэн цагт өнөөх их цасан хайлж, борог өвс нойтон хөрсөө хучжээ. Суурингийн айл бүрийн хашаанд нялх тугал турьгүйхэн мөөрөлдөж, өвсний хашаа, өвлийн сараа дамжин оодгонон гүйлдэх нь дулаахан, жаргалтай. Малчны хотонд шинэ төлийн дуу хадаж, оодон тоодон тоглох шиг энх эсэн үгүй ээ. Хүн малын зоо тэнийсэн ийм л хавар энд эхэлчихэж.

Шинэ цагийн малчид тохьтойн дээр тухлаг сайхан болжээ. Хотод өрнөж байгаа нийгэм, улс төр,  уул уурхай, эдийн засгийн мэдээллүүд хөдөөд яг л шинэхнээрээ халуун сэдэв болж амнаас ам дамжиж хөврөх. Фэйсбүүк, цахим орчны дуулианы талаар яриад ч хэрэггүй.

Ямар сайндаа л амралтын хоёр өдөр өнгөрөгч баасан гарагт болсон “Хөдөөгийн сэргэлт”-ийн талаарх яриа тэндхийн сонин сайхан мэдээлэл болж байх жишээтэй. “Мэдлэг мэргэжилтэй сайхан залуус ирцгээх нь” гэцгээх.

Тэндхийнхэн баруун хойхноо ханхайх Тарни уулын бэл дэх рашаанаасаа бараг л хүн малгүй ундаалах. Тэрүүхэн ойролцоох дов сондуул давбал нүдний рашаан ч ундарч байх юм. Амрагч, нутгийнхан, уугуул, суугуул, явуулынхан ходоод, нүдэнд эм гэгдэх ойролцоо бургилах рашаанаас хүртэх гэхдээ галт тэрэг, хувийн унаа тэргээр зорчиж, зориод ирдэг байна. Эндхийн агаар, ус, байгалийн үзэсгэлэн, өвөрмөц сайхан тогтцыг эвлүүлж бичих үг, дүүрэн илэрхийлэх өгүүлбэр дутна. Тарнийн малчид ихэвчлэн үхэр маллана. Энэ нь хангайнх нь өвс, хөвд бог гэхээсээ бод малд илүү тохирдогтой холбоотой аж. Өвс мод, уул ус нь жигдэрсэн Тарнид хүнсний ногоогоо тарьдаггүй өрх айл ховор. Бага сургууль, балчируудын цэцэрлэг, өрхийн эмнэлэг, цагдаагийн байр, зам дагасан зах зээл, хүүхэд, томчуудын амралт, дэлгүүр хоршоо, төмөр зам, нийслэл, Сэлэнгийн хооронд өдөрт хоёр ч удаа явчихдаг галт тэрэг гээд хүний наад захын хэрэгцээ, хөгжилд түүчээлэх дэд бүтэц цөм бий ч нэг л зүйл алга. Залуучууд.

Эмнэлгийн байр, цагдаагийн өрөө нь эзэнгүй юм. Сургууль, цэцэрлэгт залуу боловсон хүчин дутагдалтай, өрхийн үйлдвэрлэл, ЖДҮ эрхлэх залуус алга. Энэ сууринг орчин үеийн өнгө төрхөөр хөгжүүлэх, бодлого ярих шинэ үеийнхэн энд алга. Мал малласан, ач зээгээ харсан, нутаг буйраа манасан ахмадууд олноороо. Залуус нь хот руу “дүрвэжээ”.

Өнгөрсөн баасан гарагт буюу энэ сарын 10-нд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Хөдөөгийн сэргэлт” үндэсний чуулган болж өндөрлөсөн. Тус чуулганы гол пойнт нь “Ззалуус аа, орон нутагтаа очиж ажиллаж амьдраач, төр бодлогоор дэмжье” гэх мэссэж байсан. Үлгэр дуурайл болж хөдөөг зорьсон олны танил залуус сайн муу, сайхан муухайгаа нээлттэй ярьсан нь олон залууст бодит мэдээлэл болж хүрч байлаа. Монгол орны өнцөг булан бүрд суугаа тэдгээр залуус өөрсдийн туулах бэрхшээлийг даваад, амьдралдаа, өөртөө, гэр бүлдээ бүтээж болох баялгаа босгоод, түүнийхээ чихэр давс, гашуун нясууныг “Хөдөөгийн сэргэлт”-ийн тайзан дээр ярьсныг эндхийнхэн тунчиг анхааран сонсож, дэмжиж үзжээ. Эндхийн малчдын хоорондоо ярилцахыг сонсжээ суухад хөдөөг сонгосон залуусын зөв гэдэгт санал нийлж байх юм. Тэдний хэн ч алдаагүйн дээр бүгд хүрээний хэв маягийг эвдэж, өөрсдийн дотоод чадал, сэрэхүйгээ ялсан гэдгийг малчид дүгнэцгээж байгаа нь тун чиг сонихон байв. Амьдралын төлөөх тэмцэл, ялалт гэдэг магадгүй ахуйтайгаа зууралдаад, өнөө маргаашдаа хөтлөгдөх бус яг л ая таатай орчноо өөрсдөдөө зориулж өөрсдөө бүтээх юм шиг ээ гэсэн бодол эрхгүй төрлөө.

Түгжрэл, бөөгнөрөл дундаа амьдралын түмэн цагаа барчихаад, төр рүү хашхиран суугаа нийслэлчүүдийг тэдгээр залуустай харьцуулан бодохуй “Хүн гэгч зовлонгоо өөрсдөө бүтээгээд тэндээ өөрөө өөрсдийнхөө дуулж суудаг амьтад юм сан уу” гэх бодол төрж инээд ч хүрэх шиг болох.

Гэхдээ байна аа, цахим орчинд маазарч, наргиа наадам, юу ч биш болгоод байгаа л болохоос Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн уул эзэмших, газар нутагтаа эзэн байх тухай ярианы агуулга маш зөв байна. Эзэнгүй хөдөөд эзэн шиг хэрэгтэй юм алга. Тэгэхээр уул эзэмших энүүхэнд, улсыг улс болгодог, унасан газар угаасан усыг нутаг болгодог, газрын холоос зориод очих буурь минь болгодог хөдөөд залуус шиг хэрэгтэй хүч алга. Тиймээс уулынхаа, газрынхаа, усныхаа эзэн болцгооё залуус аа.

Холбоотой мэдээ