Алдарт ЦЭЦЭГ хамтлаг ингэж үүсэж, мандаж байлаа

2024-04-22 182 1
1984 оны намар В.И.Лениний нэрэмжит Монголын пионер сурагчдын төв ордон /тухайн үеийн нэрээр/ шинэ байранд шилжин орж /одоогийн үйл ажиллагаа явуулж буй байр/ хүүхэд багачууд шинээр төрөл бүрийн дугуйлангуудад суралцахаар бөөн баяр хөөртэйгээр бүртгүүлж байсан үе.
1984 оны намар тус ордны хичээлийн шинэ жилийн нээлт байлаа.
Энэ ордны түүхэн энэ мөчид миний бие гитар болон цахилгаан хөгжмийн багшаар ажиллахаар ирсэн байлаа. Миний хөгжмийн дугуйлан явуулах өрөөг гуравдугаар давхарт 45 тоотод чимээ намсгагчтай тусгай зориулалтын өрөөнд хуваарилж оруулав.
Дугуйлан явуулах бэлтгэлээ сургалт эхлэхээс өмнө хийж улсын их дэлгүүрээс 35 төгрөгний үнэтэй 35 ширхэг банзан гитар /тухайн нэрээр/ худалдан авч бэлтгэв.
Гитарын дугуйланд суралцах сурагчдийн бүртгэл явуулахад 70 гаруй сурагч суралцахаар бүртгүүлэв. Дугуйлангийнхаа сурагчдаас сонсгол болон хоолойн цар хүрээ, сурах өөрийнх нь хүсэл эрмэлзэл зэргийг нь харгалзан шалгалт авч элсэлт авав. Гитарын дугуйлангаа 15-20 хүүхэд дөрвөн ээлжээр долоо хоногт хоёр удаа хичээллэхээр хуваарь гаргав. Дугуйлан явуулах сурах бичиг номын хувьд нэлээд хүндхэн байлаа. Ашиглах ном гарын авлага маш ховор байсан үедээ. Тийм учир төгөлдөр хуур, ёочин, шанзны сурах бичгээс гитар хөгжимд хөрвүүлэн тоглож болох боломжийн зохиолуудыг шүүн авч сургалтдаа ашиглаж байлаа. Дугуйланд суралцагчдаас авьяаслаг идэвхтэй сурах гэсэн хүсэл эрмэлзэлтэй хүүхдүүд нь бусдаасаа тодрон ялгарч мэдрэгдэж эхэлсэн юм. Эхлээд улс төрийн дууны “ЭРХ ЧӨЛӨӨ” нэртэй хамтлаг байгуулав. Тус хамтлагт Өлзий-Орших /өөжгий/, Лхагвасүрэн/үндэсний дуу бүжгийн чуулгад бишгүүр хөгжимчин байсан/, Ганзориг, Мөнхтуяа, Энхмаа … гээд дуулдаг хөгжимддөг авьяаслаг хүүхдүүд байсан юм.
1995 оны 2-р сард цоо шинэ цахилгаан хөгжимтэй болсон юм. Энэ үеэс эхэлж цахилгаан хөгжмийн хамтлагуудыг бэлтгэж эхлэв. Гитарын дугуйланд суралцаж байсан хүүхдүүд маань хамтлаг болон хуваагдав. ЭРХ ЧӨЛӨӨ хамтлагийнхан СОЛОНГО нэртэй хамтлаг болов. Хамтлагийн гишүүд,  Цогоо соль гитар, Өлзий-Орших /өөжгий/ баргил гитар, Ганзориг даралт хөгжим, Наянтай бөмбөр, Лхагвасүрэн /томоо/ ритм гитар, Мөнхтуяа, Энхмаа, Ч.Батболд дуучин гэсэн бүрэлдэхүүнтэй ордны анхны шинэ хамтлаг үүссэн түүхтэй. Солонго хамтлагын залгамж халаа болох ЦЭЦЭГ хамтлаг 1985 онд үүссэн. ЦЭЦЭГ хамтлагт Солонго хамтлагын ах, эгч нарын нөлөө их байлаа. 1985 оны 9-р сарын 15-нд ордны хичээлийн шинэ жилийн нээлтээр ЦЭЦЭГ хамтлаг олны өмнө анх удаа ордныхоо тайзан дээр Соронзонболдын шүлэг, С.Батболдын ая “ БАГАЧУУДЫН ОРДОН” дуугаа дуулж гараагаа эхэллээ.
Хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцсон олон сурагч маш их баяр хөөртэйгээр ЦЭЦЭГ хамтлагийг хүлээж авч нижигнэсэн алга ташилтаар дахиулж байлаа. Тус хамтлагийн хүүхдүүд нас бага, хөгжим нь томдчихсон тоглоход нэлээн бэрхшээлтэй байсан тал бий. ЦЭЦЭГ хамтлаг тэр бэрхшээлийг мэдрэхгүйгээр чин сэтгэлээсээ тоглож, цаашид шамдан суралцаж байлаа. Цогоогийн бие, гар нь жаахан бусдаасаа бадируу биерхүү болохоор нь баргил гитар тоглохыг санал болгоход “Өө Багшаа энэ гитар чинь дөрөвхөн утастай юм байна шүү дээ” гээд ихээхэн дурамжхан гитараа сурахаар авч байсныг тод санаж байна. Тус хамтлагийн анхны бүрэлдэхүүнд гоцлол гитарчнаар Золбоо/Никитон бөмбөрчин/, Уянга /маршил/, Цогоо /никитон гитарчин/ баргил гитар, Байзда даралт хөгжимчин, Б.Баяржаргал /маадай/ бөмбөрчин, дуучдаар Ч.Батболд ,Чулуунхүүгийн Мөнхчулуун, Д.Гантуг нарын бүрэлдэхүүнтэй байсан. 1985 оны 5-р сард дугуйлангийн тайлан тоглолтоор Цэцэг хамтлаг бие даасан бүтэн нэг цаг гучин минутын уран бүтээл тоглохоор бэлтгэж байлаа. Мөн дугуйланд суралцаж байгаа бусад хамтлагийн хүүхдүүд ч тайлан тоглолтдоо бэлтгэж байсан юм.
1985 оны 5-р сарын цахилгаан хөгжмийн дугуйлангийн тайлан тоглолт нь үзэгч олны гайхширлыг төрүүлж, шуугиан тарьсан тоглолт болов. Ононбатын хамтлаг/23-р сур/, Эрдэнэбат, Наки буюу баргил гитарчин Нармандах нарын хамтлаг /2-р сур/.. гээд л бас сайн хамтлагууд байсан юм.
Энэ хамтлагууд дундаас ЦЭЦЭГ хамтлаг үзэгч олон багачуудын сэтгэлийг татсан хамтлаг болох нь мэдрэгдэж эхлэв. 1985 оны 9-р сар гэхэд ЦЭЦЭГ хамтлаг бүрэн хэмжээний уран бүтээлтэй болж бие даан тоглох чадвартай болов. 1985 оны 10-р сараас бие даасан тоглолтоо үзэгч олондоо сонирхуулж эхлэв.
1986 оны 4-р сар гэхэд ЦЭЦЭГ хамлагын уран бүтээлийг сонсох, үзэх дуртай багачууд эх орны өнцөг булан бүрээс нэмэгдэв. Тухайн үед шуудан илгээмж, захиагаар хоорондоо харьцдаг байсан тул ЦЭЦЭГ хамтлагт олон аймаг хотоос захиа тасрахгүй ирж эхлэв. Тус хамтлагийн гишүүдтэй дотно танилцах захиа овоорох болов. 1986 оны 6-р сарын 1-нд хүүхдийн паркийн гадаах урлаг тайзан дээр тоглосон тоглолт хүүхэд багачуудыг шуугиулав. ЦЭЦЭГ хамтлаг урилгаар орон нутагт тоглолтоор явж эхлэв. Дархан хот, Дорноговь аймагт очиж тоглов. 1986 онд Монголын радиогийн Алтан фондод тоглолтоо бичүүлэв. Энэ үеэс ЦЭЦЭГ хамтлагийн нэр Монгол даяар цуурайтав.
ЦЭЦЭГ хөдөө орон нутагт тоглохоос гадна эмэгтэйчүүдийн хорих, болон бусад хорих ангид хоригдлуудын хүсэлтээр очиж тоглолт хийж байв. 1987 оноос эхлэн ЦЭЦЭГ хамтлагийнхан тоглолтоо ганцхан удаа тоглодоггүй байсан юм. Үзэх хүүхдүүд бараг 2000 хүрээд нэг тоглохдоо 2-3 удаа дэс дараалан шууд тоглодог байлаа. Ингэж тоглоход шавь нар минь ядрахыг мэдэрдэггүй байж билээ. Багш миний хувьд ЦЭЦЭГ хамтлаг маань тоглолтоо хийхэд нь сэтгэл их хөөрч заримдаа дотроо баярлан бахархах сэтгэлээр уйлдаг байсан үе ч бас бий. 1987-1989 онд ЦЭЦЭГ хамтлагийн хөгжлийн оргил үе байлаа. Хүүхдэд зориулсан арга хэмжээнүүдэд улс орны болон олон улсын хэмжээнд тоглолт хийж эхлэв. ЦЭЦЭГ хамлагийн дуулсан дуу бүхэн од болж байлаа. Энэ дотроос Говийн өглөө, Багачуудын ордон, Тамхи …зэрэг миний зохиосон олон дууг амьдруулсан юм. Монголын эстрад джаз хамтлагийн эцэг Баян Монгол чуулгатай зарим арга хэмжээнд хамтран тоглож байв. Монголын хамтлагуудын загалмайлсан эцэг Соёл –Эрдэнэ хамтлагтай хүүхдийн дууны уран бүтээлийн тоглолтыг удаа дараа хийж үзэгч олны талархлыг хүлээж байв. Цэцэг хамтлагийн гишүүд урлагийг амьдралын замаа болгохоор шийдэж, хөгжмийн сургуулиудад суралцахаар зарим нь Багшийн сургуулийн хөгжмийн ангид элсэн орж, зарим нь Баян -Монгол чуулгад хөгжимчнөөр орохоор бэлтгэгдэж эхлэв.
ЦЭЦЭГ дараагийн халаагаа дүү нартаа шилжүүлэв. Шинэ ЦЭЦЭГ хамтлагийн бүрэлдэхүүнд, Саруулсайхан/никитон/ соль гитар, Эрдэнэбат/бумбаарай/ баргил гитар, Золбоо /никитон/ бөмбөрчин, даралтат хөгжимчин Ариунболд/хөсөгтөн хамтлагийн ахлагч/, дуучнаар Батболд, Мөнхтуяа нар залуу халааг залгамжлав. Шинэ ЦЭЦЭГ маань ордны нэгдсэн тоглолтуудад оролцож байлаа.
Хүүхдийн ордон дээр Хөх тэнгэр хамтлаг байрлаж бэлтгэлээ хийж эхэлсэн нь тэр гоё хөгжим дээр тоглох завшаан ЦЭЦЭГ хамтлагт минь олдсон юм. Ингээд шинэ ЦЭЦЭГ хамтлаг маань “Хөх тэнгэр”-тэй нийлж хүүхдийн анхны том шоу наадмыг зохиов. Энэ тоглолт гурав хоног үзэгч багачуудаар дүүрэн, сонирхолтой тоглолт болов. Шинэ Цэцэг хамтлаг бүрэн хэмжээний тоглолт хийхээр бэлтгэгдэж байлаа. 1991 онд улс орон зах зээлд шилжин орж нийгмийн амьдралын хүндхэн үе эхлэхэд миний бие хувийн бизнес эрхлэх болсноор ордноос гарав. Энэ мөчөөс хойш дахин хүүхдийн ордонд амьд хөгжмийн хамтлаг гарсангүй.
ЦЭЦЭГ хамтлагийн түүхийг бичсэн хамтлагийн багш С.Батболд.

Холбоотой мэдээ