Хүрэн зүрхийг нь зогсоосон ч хүрэл хөшөөг нь амраасангүй

2024-10-03 157 0

Санжаасүрэнгийн Зориг гэж үйлтэй нэгэн сэхээтэн амьдарч байсны тод мөр бол өдгөөгийн Төрийн ордон чигт харуулаад босгосон хүрэл хөшөө. Эзэн нь тэнгэрт ч хөшөө нь газрын зовлонд түүнийг төлөөлнө. Улс төрийн салхинд гандаж, гундаж цэх гэгч нь 25 дахь жилдээ хүрэл хөшөө сүндэрлэв. Харин 26 жил ЗОРИГ үгүй Монгол Улс сонгуулиа хийж, нам, улс төрийнхөн бужигнаж, амьдрал буцалж, ардчилал ганхаж, ардчиллынхан амин хувиа хичээж, нэг л хөл толгойгоо олохгүй, хий эргэцгээж байна.

Зоригийг амьдарч байсныг, үзэл санаа нь тод, үйл хэрэг нь шударга, үеийнхнээсээ хол тасархай байсныг, хорь гаруйхан настайдаа ардчилсан хувьсгалд ард түмнийг манлайлж, хонгор зүстэй, холч ухаантай, эрдэм мэдлэгт нэвтэрсэн явсныг халаглан дурсагчид бишгүй ч “Хаачив даа, тэр” гэхээс өөрөөр сураглаж гавихгүй л юм.

Үе үехэн хүрэл хөшөөг нь ЗОРИГ хэмээн эргэж тойрч цэцэг, навчаар булах. Хүйтэн мэс, хүний гарт егүүтгэгдсэн намрын уйт өдрийг мартуулахгүй гэхдээ юү, хамгаа орхиод, олныг, он цагтай нь сэрдхийлгэж одсонд нь мэхийдэг үү, юутай ч 25 жил ЗОРИГ-ийг төлөөлж сүр даргүйхэн бараантах хүрэл хөшөөнд хүндэтгэл үзүүлж, хүн хөл болсоор л. Энэ хөшөө яривал, харвал, амилвал мөн ч ихийн гэрч дээ. Нэг мэдэхэд баяр ёслол, цэцэг навчаар хулдуулсан байснаа хөл, гар нь гав гинжинд цоожлуулсан нь ч бий. Тэгснээ газрыг нь өмчилж, мөр зэрэгцэж явсан журмын нөхөр нь хөшөөг нь буулгах нь гэх мэдээлэл ч цацагдах. Ямар гээчийн үйлтэй үр байж вэ дээ, ЗОРИГ. Хүрэн зүрхийг нь зогсоосон ч хүрэл хөшөөг нь амраасангүй дээ. Ардчилал хэмээн итгэл үнэмшлээ зориулж явсан САНЖААСҮРЭНГИЙН ЗОРИГ 36-хан насныхаа дүрээр хөшөө болон хувирсан ч том үнэт зүйл, үзэл санаагаа ард түмнийхээ зүрхэнд балрашгүй тод үлдээгээд явсныг сануулъя. Тэр Монгол хүний саруул ухаанд итгэдэг байлаа.

 

Холбоотой мэдээ