С.Одонтуяа УИХ-ын дэд даргаас чөлөөлөгдөх үү

2021-09-28 847 0

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нь УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, түүний нөхөр Г.Өлзийбүрэн нарыг хэд хэдэн асуудлаар шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт энэ оны тавдугаар сард хандсан. Тодруулбал, Ерөнхий сайд тэднийг гаалийн байцаагч руу утастаж, “Ковид 19” халдварын эсрэг вакциныг оруулахгүй байх арга хэмжээг авсан хэмээн буруутгасан юм. Тухайн үед Ерөнхий сайд “Вакцинжуулалттай холбоотой асуудлыг улстөржүүлсэн олон асуудал байсан. Энэ дээр онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн бол УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, түүний гэр бүлийн хүн Г.Өлзийбүрэн. Мөн гаалийн байцаагч руу утастаж, дарамталсан асуудал гарсан. Би энэ асуудлыг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулна гэж бодож байгаа. УИХ-ын дэд дарга хүн гаалийн байцаагч руу утастаж, гаалиар ийм бараа орж ирэх, ирэхгүйг шийддэг байх нь ёс зүйд нийцэхгүй” хэмээн мэдэгдэж байв.

Дээрх асуудлаас гадна түүнийг гаалиар бараа бүтээгдэхүүнийг татваргүйгээр оруулж ирсэн хэрэгт цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн байна. Гаалийн байцаагчид нөлөөлж, “хуучин бараа” гэх нэрийдлээр олон улсад нэр хүндтэй брендийн бүтээгдэхүүнийг татваргүй оруулж ирсэн гэх хэрэгт цагдаагийн байгууллага буруутгажээ. УИХ-ын дэд дарга С.Одонтуяа нарт холбогдох хэргийг шалгаж дууссан бөгөөд прокурорын байгууллага хянаж буй.

Иймд хэдэн хэдэн асуудлаар АТГ-т шалгагдаж буй С.Одонтуяаг УИХ-ын дэд даргын албан тушаалаас нь чөлөөлөх асуудал яригдаж эхэлсэн байна. УИХ-д 13 суудалтай Ардчилсан намын бүлгээс УИХ-ын дэд даргаар С.Одонтуяа сонгогдон ажиллаж буй. Эрүүгийн хэрэгт шалгагдаж, яллагдагчаар татагдахад хүрээд буй түүнийг өөрийн хүсэлтээр УИХ-ын дэд даргын албан тушаалаас чөлөөлөгдөх ёстой гэж намынхан нь үзэж буй ажээ. УИХ-ын дэд дарга асан С.Баярцогт нь гадаадад байгуулсан компани болон банкан дахь дансны мэдээллээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаагүй гэх үндэслэлээр 2013 оны дөрөвдүгээр сард уг албан тушаалаас өөрийн хүсэлтээр огцорч байв. Энэ жишгээр С.Одонтуяа өөрийн хүсэлтээр УИХ-ын дэд даргаас чөлөөлөгдөх, эсвэл намын бүлэг ёс зүйн хариуцлага тооцох ёстой гэж намын бүлгийн түвшинд ярьж эхэлсэн байна. С.Баярцогтыг УИХ-ын дэд даргаас чөлөөлөгдөхөд АН УИХ-д олонх байсан ч хариуцлага тооцож чадсан. Тэгвэл, энэ удаа С.Одонтуяад хариуцлага хүлээлгэх асуудлыг олонхын бүлэг дэмжих магадлалтай гэж АН-ынхан тооцож буй аж. УИХ-ын тухай хуульд зааснаар дэд даргыг чөлөөлөх асуудлыг “ … гишүүний бүрэн эрх нь дуусгавар болсноос гадна өөрийнх нь хүсэлтээр, эсхүл нэр дэвшүүлсэн нам, эвслийн бүлгийн хүсэлтээр Улсын Их Хурлын дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, огцруулна” гэж заажээ.

С.Одонтуяад намынхан нь хариуцлага тооцох асуудлыг хөндөх болсон өөр нэг шалтгаан нь олонхын бүлэгт үйлчилсэн, УИХ-ын дэд даргын хувьд сөрөг хүчний үүргээ гүйцэтгээгүй гэх шүүмжлэлийг өрнүүлж буй юм.

 

Холбоотой мэдээ