“Боловсрол ба технологи” багш нарын эрдэм шинжилгээний бага хурлыг Ховд хотод зохион байгууллаа

2021-10-14 783 1

“Боловсрол ба технологи” сэдэвт багш нарын эрдэм шинжилгээ, онол-практикийн VIII бага хурал Ховд хотод 2021 оны 10-р сарын 09-ний өдөр танхим болон цахим хосолсон хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа.

Тус бага хурлын Ерөнхий зохион байгуулагчаар Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль, хамтран зохион байгуулагчаар Ховд аймгийн Боловсролын газар болон Ховд их сургууль ажилласан байна.

Бага хуралд баруун болон төвийн бүсийн аймгуудын ерөнхий боловсролын сургууль, инженер технологийн чиглэлийн их, дээд сургуулийн багш, профессорууд оролцлоо. Цар тахлын /COVID-19/ нөхцөл байдалтай холбоотойгоор зайн сургалт, технологийн шийдлийг онцолсон энэхүү хурал нь нэгдсэн хуралдаанаар эхэлж, англи хэлний багш нарын семинар болон байгалийн ухааны хичээлүүдийн уялдаа холбоог сайжруулах сэдвүүдийг хэлэлцэн, математик, байгалийн ухаан, англи хэл гэсэн салбар хуралдаануудаар үргэлжилсэн юм.

Нэгдсэн хуралдааны эхний хэсэгт МУИС-ийн Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн профессор Б.Ганбат сурагчдад тэгш боловсрол олгох боломжийг өөрийн судалгааны арга зүйд үндэслэн танилцуулж, тэдгээрийн үр дүнг Элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоор хэрхэн хэмжиж болох тухай хөндөн хэлэлцүүлснээс гадна МУИС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч, профессор Д.Улам-Оргих цахим сургалтын талаар, мөн өөрийн хамтран ажиллагч бусад багш нарын сайн туршлагаас танилцууллаа.

Түүнчлэн МГТИС-ийн Сургалт хариуцсан дэд захирал Проф. Др. Л.Алтангэрэл МГТИС-ийн сургалтын хөтөлбөр боловсруулах аргачлал, багшийн хөгжлийн туршлагаас хуваалцсан бол Ховд аймгийн Боловсролын газрын мэргэжилтэн Д.Батнасан болон Ховд их сургуулийн харьяа Ахлах сургуулийн багш Г.Пүрэвчулуун нар цахим хичээл зохион байгуулахад гарч буй багш нарын хөгжлийн асуудалтай холбоотой өөрсдийн боловсруулсан гарц шийдлийн талаар илтгэл хэлэлцүүллээ.

Ховд их сургуулийн Математикийн багш Т.Буяндэлгэр дээд боловсролын байгууллагын удирдлагын мэдээллийн системийг хөгжүүлэхтэй холбоотой илтгэл хэлэлцүүлснээр нэгдсэн хуралдааны хэсэг өндөрлөлөө.

Салбар хуралдааны хэсэг Математик, Байгалийн ухаан, Англи хэлний хичээл тус бүрээр явагдаж, бага хурлын төгсгөлд үр дүн, ач холбогдол, дүгнэлтийг танилцуулсан юм.

Математикийн салбар хуралдаанд багш судлаачид Математикийн дасгал бодлогыг бүтээлч хэлбэрээр өгөх тухай, Математикийн хичээлд бүтээлч уншлагын аргыг хэрэглэх, Ажлын хуудасны загвар боловсруулан турших, Евклидийн алгоритм болон түүний математик, программчлалын хэрэглээ, Мультимедиа арга зүйг ашиглан хүүхдийг хөгжлийг дэмжих сэдэвт илтгэлүүдийг хэлэлцэж, туршлага хуваалцлаа.

Мөн Байгалийн ухааны салбар хуралдааны үеэр Физикийн хичээлийг теле болон танхимын сургалттай хослуулан хэрэгжүүлсэн үр дүн,  “Plickers card”-аар суралцагчдын хичээлийн явцыг үнэлэх тухай практикт ашигласан аргачлал, Сурагчдын нийтлэг гаргадаг алдаанд тулгуурлан Диффузи сэдвийн хэрэглэгдэхүүнийг сайжруулах талаар илтгэлүүдийг танилцууллаа.

Англи хэлний салбар хуралдаанд МГТИС-ийн багш нар Олон хэлний судалгааны асуудалд: Англи хэлтэй суралцагчдад герман хэл заах тухай, мөн англи хэл дээр инженерийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад явуулсан сургалтын арга барил, бодит туршлага, тэдгээрийг технологийн шийдлээр баяжуулан сайжруулах тухай мэдлэгээ хуваалцсан юм. Мөн Ховд аймгийн “Минжит Булган” цогцолбор сургуулийн багш  Булган сумын англи хэлний багш нарын танхим болон цахим сургалтад тулгарч буй технологийн асуудлыг хөндлөө.

Зохион байгуулагчид ба оролцогчид:

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль нь энэхүү багш нарын эрдэм шинжилгээ, онол-практикийн бага хурлыг 8 дахь удаа уламжлал болгон зохион байгуулж байна. Энэ удаад Монгол орны баруун бүсийн болон төвийн бүсийн аймгуудын ерөнхий боловсролын сургууль, инженер технологийн чиглэлийн их, дээд сургуулийн багш, профессоруудыг өргөн хүрээнд хамруулж оролцуулах зорилгоор байгуулагчаар Ховд аймгийн Боловсролын газар болон Ховд их сургуультай хамтран ажиллалаа.

Ховд аймгийн Боловсролын газрын дарга Б.Алтангэрэл:

“Энэ хурлын үр дүнд багш судлаачдын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан судалгааг эхлүүлэхэд ахиц гарна гэдэгт итгэж байна. Та бүхний сайн мэдэж байгаачлан цар тахлын улмаас боловсролын байгууллага багагүй хугацаанд хаалгаа барьж байгаад танхим, цахимаар хослуулан сургалтын үйл ажиллагааг эхлүүллээ. Тиймээс боловсролын салбар дахь технологийн асуудлуудыг судлаачийн нүдээр харж, тулгамдаж буй асуудлыг шийдэх арга замыг эрэлхийлэн үр дүнг танилцуулан хэлэлцэж байгаагаараа цаг үеэ олсон чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна.” гэлээ.

МГТИС-ийн Сургалт хариуцсан дэд захирал Проф. Др. Л.Алтангэрэл:

“Манай сургууль багш нарын эрдэм шинжилгээний бага хурлыг 2015 оноос хойш 8 дахь удаагаа зохион байгуулж байна. Бид орон нутгийн Боловсрол, соёл урлагийн газрууд болон сургуулиудтай хамтран ажиллаж, их, дээд сургуулийн болон ерөнхий боловсролын сургуулийн багш нарын хооронд харилцан туршлага солилцуулахыг зорьдог. Энэ удаа Улаанбаатар хотоос 1400 гаруй километр замыг туулж Ховд хотод зохион байгуулж буйгаараа онцлогтой. Цар тахлын нөхцөлтэй холбоотойгоор олон оролцогч нэг дор цуглуулах боломжгүй байсан учир цахим болон танхимаар хослуулан хийж байна. Бага хурлыг хийхэд дэмжин, хамтарч ажилласан Ховд аймгийн удирдлагууд, Ховд аймгийн Боловсролын газар, Ховд их сургууль, МУИС болон бусад сургуулийн эрдэмтэн багш, судлаачдадаа талархал илэрхийлье” гэлээ.

Холбоотой мэдээ