З.Цэлмэг

З.Цэлмэг

https://www.facebook.com/TseZdata/

Спортын барилгад төсөвлөсөн ₮33.7 тэрбумаар ЖДҮ-ийн 360 төсөл санхүүжих боломжтой байж, Ерөнхий сайд аа

2021-01-07 1002 0

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын төсвийн ерөнхийлөн захирагчийн хувиар энэ онд спортын салбарт татвар төлөгчдийн мөнгөнөөс үлэмж их мөнгө зарцуулахаар болсныг бид өмнө мэдээлсэн.

Харин энэ удаа тэрхүү мөнгө хаана ямар зориулалтаар зарцуулагдах гэж буйг нарийвчлан хүргэж байна. Энэ оны батлагдсан төсвөөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлийн зургаан дүүрэг, 11 аймгийн 24 суманд нийтдээ 33.7 тэрбум төгрөгөөр спортын цогцолбор, биеийн тамирын зал барина.

Цар тахлын хөл хорио удаан үргэлжилж буйгаас улсын эдийн засаг хүндэрсний зэрэгцээ татварын орлого бүрдүүлдэг бизнесийнхэн, хувиараа хөдөлмөр эрхлэгчид туйлын хүнд байдалд ороод нэг жилийг үдэж буй. Өнгөрсөн хугацаанд хувийн аж ахуйн нэгжүүд, компаниуд, бизнес эрхлэгчдээ дэмжих, хөнгөлөлттэй зээл олгох, ажлын байраа хадгалахад нь дорвитойхон дэмжлэг үзүүлэхийг нийгэм тэр аяараа шийдвэр гаргагчдаас шаардаж байсан билээ. Энэ оны төсвийг хэлэлцэж батлах үеэр ч татвар төлөгчдөдөө түлхүү “халамжлах”-ыг хэвлэл мэдээллийн бүхий л суваг, сошиал сүлжэээгээр анхааруулсан. Гэсэн ч үндсэндээ татварын багахан хөнгөлөлт, зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах төдий шийдвэр гаргаад өнгөрсөн. Уг нь эдийн засагт арай эрчтэй дэмжлэг хэрэгтэй байв. Ядаж нийт ажлын байрны 70 гаруй хувийг бүрдүүлдэг ЖДҮ эрхлэгчдээ дэмжих төсөв ч хуваарилаагүй. Гэтэл энэ хүнд хэцүү цаг үед сумын соёлын төв, спорт зал зэрэг ашиглалт багатай, үр ашиг муутай зардалд татвар төлөгчдийн мөнгийг үрж байгаа нь манай улсын мөнгө сангийн бодлого атгадаг эрмүүдийн үнэн дүр төрхийг таниулж буй юм.

2020 онд ЖДҮХС-аас нийт 220 төсөлд 20.6 тэрбумын хөнгөлөлттэй зээл хуваарилсан. Нэг төслийн хөнгөлөлттэй зээл 93.6 сая төгрөг байсан гэсэн үг. Хэрэв дээрх 33.7 тэрбум төгрөгийг спортын заланд биш ажлын байраа хадгалж, бизнесүүдээ дэмжихэд зарцуулсан бол дунджаар ЖДҮ-ийн 360 орчим төсөл хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой байв.

Харин одоо энэ мөнгө Монгол орны хаа нэгтэй үр ашиг муутай, цаг үеэ олоогүй зардал болон хувирах нь.

Энэ онд 33.7 тэрбум төгрөгийн 22.9 хувь буюу 7.7 тэрбум төгрөгийг спортын шинэ барилга байгууламж барихад зарцуулна. Үүнээс хамгийн том нь Дорнод аймгийн Хэрлэн суманд гурван тэрбум төгрөгийн санхүүжилттэй усан бассейн бүхий спорт цогцолбор юм. Мөн нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт хөлбөмбөгийн талбайтай спорт цогцолбор барихад нэг тэрбум төгрөг төлөвлөсөн бол үлдсэн нь долоон аймгийн найман суманд тус бүр дунджаар 300-500 хүний багтаамжтай спорт зал шинээр барихад төсөвлөгджээ.

Харин он дамжсан барилга байгууламжид 26 орчим тэрбумыг зарцуулна. Тухайлбал, Баянхонгор аймгийн төвд усан бүхий спорт цогцолборт таван тэрбумыг, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын цэнгэлдээх хүрээлэнгийн барилгад 4.36 тэрбумыг, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын соёл, спортын төвийг босгоход 3.4 их наяд төгрөгийг төсвөөс зарцуулах юм байна.

Нийслэлийн дөрвөн дүүрэгт 5.44 тэрбум төгрөгөөр спортын барилга байгууламж босгоно. Сүхбаатар дүүрэгт 1.5 тэрбумаар дүүргийн спорт цогцолбор, Хан-Уулд 950 сая төгрөгөөр оюуны спортын ордон барих ажлууд үргэлжлэх аж.

Аль аймаг, дүүрэгт хэдий хэмжээний мөнгөөр спортын барилга байгууламж барихаар төлөвлөснийг бид сум тус бүрээр нь газрын зургаар харуулж байна.

Графикийн тайлбар: Төсөв хуваарилсан сумдын өнгийг улаанаар тэмдэглэсэн бөгөөд төсвийн хэмжээ ихсэх тусам өнгө нь тодорно.

УЛААНБААТАР

ТӨВ АЙМАГ

ДАРХАН-УУЛ АЙМАГ

ХЭНТИЙ АЙМАГ

ДОРНОД АЙМАГ

ХӨВСГӨЛ АЙМАГ

АРХАНГАЙ АЙМАГ

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ

БАЯНХОНГОР АЙМАГ

УВС АЙМАГ

ХОВД АЙМАГ

ӨМНӨГОВЬ АЙМАГ

Холбоотой мэдээ