З.Цэлмэг

З.Цэлмэг

https://www.facebook.com/TseZdata/

Ховдын Засаг дарга Э.Болормаа хүүхэд хамгааллаас ажлаа эхлүүлэв

2022-09-06 846 1
Шинэхэн Засаг дарга Э.Болормаа даваа гарагт Ховд хотод болсон Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн хамтын ажиллагааг сайжруулах сургалт зөвлөгөөнд оролцлоо. Тэрбээр энэ тухай өөрийн цахим хуудаст “Миний бие Ховд аймгийн Засаг даргаар томилогдсоноос хойш олон нийтийн ажлаа “Хүүхэд хамгааллын ажил”-аас эхэлж байна. Ховд аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн даргын хувьд ажиллах хугацаандаа хүүхдийн эрх хамгаалал, хөгжил оролцооны хувьд анхаарч, ажиллана” хэмээн онцолжээ.
Энэ хүрээнд хүүхдийн Баянбулаг зуслангийн үйл ажиллагааг сэргээх, бүтэн өнчин хүүхдэд олгох “Гэрэлт ирээдүй” тэтгэлгийг үргэлжлүүлэх болон Залуучуудын дэд хөтөлбөр хэрэгжүүлэх, гэр бүл болон хүүхдийн эсрэг хүчирхийлэлд өртсөн хохирогчийг түр хамгаалах байрны тогтвортой үйл ажиллагааг хангах зэрэг ажлыг хийхээр төлөвлөж буй аж. Эдгээр үйл ажиллагаа нь Ховд аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагджээ.
Сургалт зөвлөгөөнийг “Дэлхийн зөн3 олон улсын байгууллагын дэмжлэгтэй Ховд аймгийн ЗДТГ зохион байгуулж, хүүхдийн эрх хамгааллын “Үжин” төв хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийг арга зүйгээр хангаж буй юм. Мөн Ерөнхий сайдын нийгмийн хамгааллын асуудал хариуцсан зөвлөх Ч.Ундрахбаяр оролцож төрийн бодлого, үйл ажиллагааны талаар оролцогчдод мэдээлэл өгч, асуултад хариулжээ.
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн, ХЭҮК-ын иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн, хүүхдийн эрх хамгаалал “Үжин” төвийн захирал Д.Ундраа аймгийн хэмжээнд гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй байгааг онцлов. Цагдаагийн ерөнхий газрын статистикаар энэ оны эхний 8 сарын байдлаар тус аймагт бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 377 болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 48.4 хувь нэмэгдсэн байна. Үүнээс гэр бүлийн хүчирхийлэл, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд 2021 оны 8 дугаар сартай харьцуулахад эрс өссөн үзүүлэлттэй байгаа юм. Тус аймаг нийт  90 гаруй мянган хүн амтай бөгөөд үүний 40.6 хувийг хүүхэд эзэлдэг аж. Тиймээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хүүхэд, гэр бүлийн амар тайван байдлын төлөө хуулиар үүрэг хүлээсэн оролцогчдыг чадавхжуулж буйгаараа энэ удаагийн зөвлөгөөн чухал ач холбогдолтой юм.
Ховд аймагт хүүхэд, гэр бүлийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилго бүхий 29 хамтарсан багт 217 албан хаагч үүрэг хүлээн ажилладаг байна. Тус сургалт зөвлөгөөнд Жаргалант сумын 12 хамтарсан багийн 60 гишүүн, Ховд аймгийн ГБХЗХГ, ТХБ-ны нийгмийн ажилтнууд, есөн ЕБС-ийн захирал, нэг политехникийн коллеж, төрийн 16, хувийн хэвшлийн есөн цэцэрлэгийн эрхлэгч, Эрүүл мэндийн газар, Боловсрол, шинжлэх ухааны газар, Цагдаагийн байгууллагын албан хаагч гээд нийт 100 орчим хүн оролцов.
Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх Ч.Ундрахбаяр, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн, ХЭҮК-ын иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн Д.Ундраа нар ирэх өдрүүдэд тус аймгийн хэд хэдэн сумдаар явж анхан шатанд гэр бүл, хүүхдийн хүчирхийлэлтэй тэмцэх ажлыг сайжруулах зорилгоор Хүүхдийн төлөө зөвлөл, ГХУСАЗСЗ (Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл), Хамтарсан баг, Хүүхэд хамгааллын баг, Байгууллагын эцэг эхийн зөвлөл, сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхэд хамгааллын үйл ажиллагаатай танилцаж, сургалт, зөвлөн туслах, арга зүйгээр хангаж, Хамтарсан багийн гишүүдтэй хэлэлцүүлэг хийх аж.

Холбоотой мэдээ