Ерөнхийлөгч, Засаг хоёрынхоо дунд хавчуулагдсан халиуны зулзага шиг УИХ

2024-12-02 16 0

“УИХ-ын гишүүн болчихвол улс орныг өөд нь татна. Ард түмний амьдрал шид мэт өөрчлөгдөнө” гээд өнгө өнгийн амлалт өгч байгаад 126 болж Төрийн ордны босго алхуутаа сонгогчдоосоо нүүрээ буруулчихав, өнөөх түшээд. Багц багцаараа гадаадад томилолттой нэр зүүж халуун саун, рашаан хэсэж, чуулгандаа ч бүрэн ирцээрээ бүтэн суухаа болив. Муу үлгэрт амархан дадаж байгаа шинэхэн гишүүд энэ янзаараа дөрвөн жилийн дараа бухын хүзүүнээс хатуу болсон байвал гайхах зүйлгүй л юм.

Шинэхэн түшээд эхний шалгууртаа бүдэрч төсвөө босго ч давуулалгүй, хоригт оруулчихлаа. Мэдээж Засгийн газар ирэх ондоо хэрэгжүүлэх томоохон бодлого, мега төсөл, хөрөнгө оруулалт, бүсчилсэн хөгжлийн арга хэмжээнүүдээ хэрэгжүүлэхийг зорино. Ерөнхий сайдын оронд У.Хүрэлсүх ч байсан тэгэх л байсан. Засгийн газрын амбийцийг шингээсэн төсвийг УИХ задалж, нарийвчлаад, бөөс хуурсыг нь түүгээд, ус шүүсийг нь шахаад, эцэслэх байлаа. Гэтэл чадамжгүй, хэтэрхий бие биен рүүгээ асуудлыг тохсон, хариуцлагаас зугатсан, улс төржиж попорсон, санаатайгаар гацааж, түгжилдэх гэсэн башир нөхдийн хортой, явуургүй шахаанаас болж Засгийн газар өөр дээрээ гал авав. Ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа бүрэн хэрэгжүүлээгүй 126-гын нэр нүүрийг хамгаалж, Ерөнхий  сайд хойд талын “хар овоохой” болж байх шиг байна.

Одоо яахав, улс төрийн реформ хийж, олон ургалч үзлийг хангасан, нийгмийн олон талын байр суурьт Засгийн газрыг бэхжүүлнэ хэмээн зориглож, томсгосон тойргоор сонгуульдаж байж намаа өдий зэрэгтэй авч үлдсэн Л.Оюун-Эрдэнэ шиг муу хүн одоо улс төрийн хүрээнийхэн дунд байхгүй мэт авирлацгааж байна. Тэд төсвөө баталж чадаагүйнхээ балагыг Засгийн газрын тэргүүний алдаа хэмээн бухаж, 126-лаа уснаас  хуурай гарахаар жүжиглэцгээж байна. Дүрдээ хэн сайн орж, асуудлаас бултаж чадсан нь шударга гишүүн өргөмжлөл хүртэнэ.

126 гишүүнээ зангидаж, ажиллуулж чадахгүй байгаагийнхаа горыг шинэхэн спикер Д.Амарбаясгалан ёстой л үүрч байна. 2008 оноос МАН-д хоёргүй сэтгэлээр зүтгэж, гал тогоог нь базаж, тэнг нь тэнцүүлсээр ирсэн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ удаад 2025 оны төсөв дээр бүдэрчихлээ. Өөрөөр хэлбэл, ангийнхаа фракцуудад шоглуулчихлаа. Нэг талаас Засагт талтай гишүүдийн дэмжлэг сул байсан ч нөгөө талаас Ерөнхийлөгчийн тавиулуудад мадлуулчихаад, сандарч сууна. Бөх хүн бүдүүн өвсөнд гэж л энэ байх даа.

Дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу болчихоод байгаа энэ давчуухан хугацаанд хуулийн хүрээндээ тодорхой гарцгүй хэмээж буй. Нөгөө талдаа хуулийн хүрээний шийдэл олохоор аргаа барцгааж байна.

“Хялбаршуулж өргөн баръя, тодорхой зохицуулалт хийе” гэсхийгээд гал намжааж байх шиг байна. УИХ, шидтэн мэт амлаж явсан 126 ажлаа хариуцлагатай хийж, олигтой анхаарлаа хандуулсан бол оны төгсгөл дээр дээр дооргүй төсөв бодож, толгой гашлахгүй л байсан даа.

Холбоотой мэдээ