ХОВД АЙМАГ ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛНЭ

2023-01-26 370 4

Энэ сарын 19, 20-ны өдөр Баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт  үндэсний томоохон 100-аад компанийн захирлууд, Ховд нутгаас төрсөн бизнес, улс төр, хэвлэл мэдээллийн салбарынхан чуулж, нутаг орноо хөгжүүлэх хөгжлийн боломжуудаа нээлттэй ярилцлаа. “Invest Khovd” хөрөнгө оруулагчдын чуулганы индэр дээр олонтаа яригдаж, бодлогын томоохон зорилт болж, хэн бүхний анхаарлыг татаж байсан сэдэв нь дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын явц, баруун бүс руу чиглэсэн аялал жуулчлал, шинэ үеийн бизнесмэнүүдэд олгож байгаа бодлогын боломжууд, залуусын хот болохоор зорьж байгаа зорилт, Улаанбаатар ч гэлтгүй олон ястны өлгий нутгийг зорьж суурьшигчдад ямар ээлтэй шийдлийг санал болгох тухай байлаа.

Бүс нутгийнхаа тухайд ч, түүх зан заншил, газар нутгийн өвөрмөц тогтоц, ахуй соёлын гойд онцлогтой Ховд аймагт зам, дэд бүтцээс гадна стратегийн ач холбогдол бүхий хэд хэдэн том төсөл, бүтээн байгуулалт өрнөж буй гэдгээрээ хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байлаа.

Улаанбаатартай авто замаар шууд холбогддог холын Ховд хоногийн газар болон ойртсоноос гадна Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг бүрэн ашиглалтад оруулбал баруун бүсээ эрчим хүчээр бүрэн хангана. Мөн аймагт сүндэрлэж, эдийн засгийн өгөөжөө гайхуулах бүтээн байгуулалт нь “Ховд эко цемент”-ийн үйлдвэр. Жилд 300 мянган тонн цемент үйлдвэрлэх бүрэн хүчин чадалтай тус үйлдвэр 350 хүнийг байнгын ажлын байраар хангахаас гадна зах зээлийн үнээсээ хэд нугарч зарагддаг баруун таван  аймгийн цементийн эрэлт болон тэнгэрт тулсан ханшийг газарт буулгах юм.

Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа хөрөнгө оруулагчдын чуулганы үеэр “Манай аймагт Худалдаа хөгжлийн банк баруун аймгийн анхны салбараа нээхээр боллоо. “Мобиком” корпорац, “Моннис” групп, “Номин холдинг” зэрэг үндэсний брэндүүд манайд үүд хаалгаа нээхээр санамж бичиг байгууллаа. Үүнээс “Тайж” группийг онцолмоор байна. “Монгол Улсын Засгийн газраас “Монголд зочлох жил” болгон алсын хараагаа томъёолж байгаатай холбоотой 15 тэрбумын шууд хөрөнгө оруулалтыг эхний байдлаар шийдэж, аялал жуулчлалын комплекс байгуулахаар боллоо.

Энэ бол ажлын байр, хөгжил цэцэглэлтэд залуусыг урин дуудсан том ажил. Улаанбаатартай авто замаар холбогдсон холын Ховд ойрхон боллоо” гэдгийг онцоллоо.

ХОТЫГ ОРШУУАХ БУС ОЛШРУУЛАХ НЬ ТҮГЖРЭЛИЙГ СААРУУЛАХ БОЛОМЖ

Хоёр өдөр үргэлжилсэн “Хөрөнгө оруулагчдын чуулган” бусдадаа жишиг болохуйц үр ашигтай санал, шүүмж, бодлогын уялдаа холбоог сайжруулах, боломжоо олж харсан, шийдэл ярьсан, асуудалтайгаа нүүр тулсан өрнүүн өгөөжтэй хэлэлцүүлэг болж өндөрлөлөө.

Яг Ховд шиг баруун, зүүн, төвийн аймгууд ч мөн хөрөнгө оруулалтаа татаж, хөгжлийн боломжуудаа ярилцаасай. Ингэж чадвал, Улаанбаатарын утаа, түгжрэл хоёрт уяатай амьдарч байгаа залуусын хөдөлгөөн хөдөө рүү чиглэх нь дамжиггүй ээ.

Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа нийслэл рүү суралцахаар одоод, нутгаа зорихоо “мартсан” залуустаа  хандаж тун ч өргөн боломжийг амлаж байна билээ. Тэрбээр “Баруун таван аймаг бүгд боомттой. Хөрш орнуудтайгаа харилцах хаалгатай. Хөрөнгө оруулалтын атар зах зээл энд байна. Биднийг 400 мянган хүнээр битгий хараарай. Дөрвөн хөрш рүүгээ шууд харилцана. Төрийн бүтээмж, залуусаа бүхий л талаар дэмжих боломждоо бид анхааръя.Та бүхэн хаана, юу хиймээр байна, аль салбарт өөрийн сурсан мэдсэнээ баялаг болгон шингээх эрмэлзэлтэй байгаагаа нээлттэй танилцуул. Залуус хөдөөд боломж байхгүй гэдэг. Найз нөхдөөрөө баг болоод Ховдод ирээд хар, амьдраад үз. Бизнесээ танилцуул. Дэмжье” гэлээ.

Энэ бол шинэ цагийн бизнес эрхлэгчдэд амлаж болох бодитой, чин сэтгэлийн халуун яриа байлаа. Аймгууд энэ мэт залуусаа урь, дууд. Хөрөнгө оруулагчдад өөрсдийн боломжоо танилцуул.

Тэгж байж хотын зам дээр түгжирсэн олон машин замаа олно. Дипломтой, ажилгүйчүүд хэрэгтэй газраа очно. Орон нутаг руу шилжих урсгалыг энэ мэт олон олноор нь нээе. Ер нь үүсгэсэн хотоо оршуулах уу, олшруулан тэлж, хөгжүүлэх үү гэдэг нь удирдагчдын ухаан, ард түмний бүтээлч, хөдөлмөрч байдлаас ихээхэн хамаардаг ажээ.

Холбоотой мэдээ