Н.Цэрэнсамбуу: Эрдэнэс Тавантолгой компани “С” зөвшөөрөл өгөхдөө хэн ч давуу байдал олгохгүй

2023-03-23 235 1
АТҮТ-өөс олгодог байсан олон улсын ачаа тээврийн С зөвшөөрлийг уул уурхайн компаниуд руу шилжүүлсэн. Эрдэнэс Тавантолгой, Тавантолгой, “Энержи ресурс” компаниуд өөрсдийн уурхайгаас нүүрс тээвэрлэх ААН-үүдэд С зөвшөөрлийг олгож эхэлснээр дамлах нөхцөл үүссэн талаар хэвлэлүүд мэдээлж байв. Тэгвэл С зөвшөөрлийг ямар журмаар, хэрхэн олгодог талаар Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Н.Цэрэнсамбуугаас тодрууллаа.

-Олон улсын ачаа тээврийн хичнээн С зөвшөөрөл батлагдсан вэ? Үүний хэдэн хувийг нь Эрдэнэс Тавантолгой ХК олгож байгаа талаар эхлээд мэдээлэл өгөхгүй юу.

-Монгол-Хятад улсын хэлэлцээрийн дагуу нийтдээ 7200 зөвшөөрөл солилцож, ачаа тээврийн үйл ажиллагаа эрхлэх ёстой. Үүний 60 хувь буюу 4680 С зөвшөөрлийг Эрдэнэс Тавантолгой ХК олгож байгаа.

-Танайхаас хичнээн аж ахуйн нэгж зөвшөөрөл хүссэн вэ? Хүсэлтийг хэрхэн хүлээж авдаг бол?

-АТҮТ-ийн мэдээллийн системээр дамжуулан хүсэлт гаргах ёстой. Өнгөрсөн 2022 оны I улиралд нийтдээ 10 300 орчим тээврийн хэрэгсэлд С зөвшөөрөл авах хүсэлт ирсэн. Манай зүгээс С зөвшөөрлийг олгохдоо хоёр зарчим баримталсан.

  1. Дүрэм журмын дагуу битүүмжилсэн тээврийн хэрэгслийн багт орсон байх ёстой
  2. Хүсэлтээ тээврийн нэгдсэн системээр гаргах ёстой.  Хүсэлт гаргахын тулд тухайн ААН татвар, хураамжийн өргүй, тээврийн хэрэгсэл нь үзлэг оношлогоонд хамрагдаж, жолооч нь мэргэшсэн жолоочийн үнэмлэх, гэрчилгээтэй байх ёстой.

Энэ шаардлагуудыг хангасан 7000 гаруй ААН байсан. Үүнээс эхний ээлжинд 38 хувьд олгосон. Нэг компани 100 тээврийн хэрэгслээр хүсэлт гаргасан бол 38 машинд нь С зөвшөөрөл өгсөн гэсэн үг.

Үүний дараа хоёрдугаар сард 38 хувийг 50 хувь болгон нэмэгдүүлсэн. Цагаан хаданд хуримтлагдсан нүүрсийг экспортод гаргах зорилгоор эхний ээлжинд 38 хувьд нь зөвшөөрөл олгосон ч тэнд хуримтлагдсан нүүрс багасахгүй улам ихсээд байсан учраас С зөвшөөрлийг нэмж 50 хувьд нь олгосон. Энэ бүх мэдээллийг компанийн сайтад нээлттэй байршуулсан байгаа. Эрдэнэс Тавантолгой ХК С зөвшөөрлийг олгохдоо хэн нэгэн этгээдэд ямар нэг байдлаар давуу байдал олгохгүй.

-ААН-ийн бүртгэлийг АТҮТ-ийн мэдээллийн системээр дамжуулан авдаг юм байна. Танайхаас бүртгэлд хяналт тавьдаг уу?

-АТҮТ-ийн Тээврийн нэгдсэн системд хүсэлт авдаг. Хүссэн хүн бүхэн цахим систем рүү нэвтэрч, хүсэлтээ илгээх боломжтой. Хүсэлт хүлээн авах хугацаа дуусахаар ирсэн бүх хүсэлтийг үндэслэн С зөвшөөрөл олгодог. Түрүүлж өгсөн нь С зөвшөөрөл олгодог, тэр бичиг нь 15 сая төгрөгөөр зарагддаг гэх асуудал огт байхгүй.

Өнгөрсөн хугацаанд С зөвшөөрөлтэй холбоотой маш их авлига байсан байна. Танил тал, ашиг сонирхлын үүднээс тодорхой бүлэг этгээдэд давуу байдал олгодог байсан. Магадгүй үүнийг санагалзаж байгаа байх. Хэн нэгнээр нөлөөлүүлж, илүү С зөвшөөрөл авна гэвэл бүтэхгүй. Зах зээлийн бодит зарчмаар үнэнтэй нүүр тулах хэрэгтэй.

-Монгол Улс нүүрсээ хил нөхцөлөөр биржээр арилжиж байна. Биржээр арилжсан нүүрсний тээврийг хэрхэн хийж байгаа вэ?

-Эрдэнэс Тавантолгой ХК төрийн Худалдан авах ажиллагааны газартай хамтран ерөнхий гэрээний сонгон шалгаруулалтыг өнгөрсөн оны 12 дугаар сарын 19-нд эхэлж, тендер шалгаруулалт амжилттай болсон.

Энэ тендерт нийтдээ 377 санал ирж, 122 компани 176 гэрээ байгуулсан. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу гүйцэтгэгчийг сонгосон.

Гашуунсухайтаас Ганц модны боомт хүртэл 20 000 тонн нүүрсийг 14 хоногийн хугацаанд хүргэх захиалгыг зургаан удаа явуулж, үнээрээ өрсөлдсөн зургаан ААН шалгарч, тээвэрлэлт эхлээд явж байна.

Хил нөхцөлтэй арилжааг олон хүн эсэргүүцэж байх шиг байна. Энэ нь нүүрсний хулгайтай холбоотой. Өнөөдөр уурхайн аман дээрээ 100$-аар авч байхад биржийн арилжаа 179-180$ хүрлээ.Үнийн энэ зөрүү бол Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ашиг.

-С зөвшөөрөл 15 сая төгрөгийн үнэд хүрсэн гэх мэдээлэлд ямар тайлбар өгөх вэ?

-Эрдэнэс Тавантолгой компани ийм үнээр С бичиг тараасан тохиолдол огт байхгүй. ААН-ийн хүсэлтийн дагуу эхлээд 38 хувь, нэмээд  50 хувь болгосноос өөрөөр хэн нэгэн этгээдэд нууцаар тараасан асуудал огт байхгүй.

Холбоотой мэдээ