Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар, Франц улсын “Орано Майнинг” компанитай уран олборлох хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээнд гарын үсэг зурах ёслолд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд Т.Доржханд, Шадар сайд С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал тэргүүтэй УИХ, Засгийн газрын гишүүд оролцов.
Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, гэрээнд ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан, ажлын хэсгийн гишүүн “Эрдэнэс Монгол”компанийн гүйцэтгэх захирал Н.Наранцогт нар гарын үсэг зурлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрхэм хүндэт монголчуудаа аа, эрхэм олон улсын хөрөнгө оруулагчид аа. Өнөөдөр Монгол Улс Франц улстай уран олборлолтын салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээ бол гуравдагч хөрштэй хийж буй хоёр дахь том хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг утгаараа түүхэн ач холбогдолтой гэрээ юм.
Засгийн газар, УИХ-аар батлуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, соёрхон батлуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ирээдүйд хэлбэрэлтгүй дагаж мөрдөх болно.
Франц улс бол манай улсын гуравдагч хөрш, Европ дахь дотны итгэлт түнш гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Энэхүү хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад улс төрийн бүхий л дэмжлэг үзүүлсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, чуулганаар нээлттэй хэлэлцэн баталсан парламентын гишүүд зөвшилцсөн парламентад суудалтай улс төрийн намын удирдлагууд, Засгийн газрын ажлын хэсгийн ахлагч, хамт олон салбарын нийт эрдэмтэн судлаачиддаа Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье. 2024 оны сонгуулийн үр дүнд хамтарсан Засгийн газар байгуулагдаж, Хурдтай хөгжлийн төлөөх зориг хөтөблөрийг дэвшүүлж, олон жилийн турш улстөржин гацсан 14 мега төслийг хэрэгжүүлэхээ зарласан билээ. Хамтарсан Засгийн газар ийнхүү гурав дахь мегө төслөө хөдөлгөж чадлаа.” гэлээ.
САЙД ЛУРОН СЭН МАРТАЙН: ЗӨӨВЧ-ОВОО ОРД НЬ МОНГОЛЫГ ДЭЛХИЙН УРАНЫ ЗАХ ЗЭЭЛД ТОМООХОН ШИНЭ ТОГЛОГЧ БОЛГОНО
Бүгд Найрамдах Франц Улсын Европ, гадаад хэргийн сайдын дэргэдэх Гадаад худалдаа, хилийн чанад дахь франц иргэдийн асуудал эрхэлсэн сайд Лурон Сэн Мартайн үг хэллээ.
Тэрбээр, Миний хувьд томилогдсоноос хойш гадаадад хийж буй анхны аяллаараа Та бүхэнтэй уулзаж байгаа нь нэр төрийн хэрэг юм. Гарч буй энэ жил Монгол Улсын хувьд ч, Франц Улсын хувьд ч, манай хоёр улсыг холбож буй энэ сайхан харилцааны хувьд ч маш эерэг нөхцөл байдалд эхэлж байна. Энэ 2025 он бол бидний хамтын амжилт, бахархалын жил байх болно гэж бодож байна.
2023 оны тавдугаар сард Ерөнхийлөгч Эммануэль Макрон Франц Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн анхны айлчлалыг хэрэгжүүлсэн. Мөн оны 10 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Парист хариу айлчлал хийсэн. Манай хоёр улсын Ерөнхийлөгч нарын хоёр талын харилцаанд оруулсан эрчим нь үр дүнгээ өгсөн.
Дээрх айлчлалуудаас хойш хоёр жилийн дотор бид манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэж байна. Хоёр жилийн дотор хоёр талын харилцаанд шинэ эрч хүч өгөх, шинэ агуулгаар баяжуулах түүхэн хэлэлцээрт гарын үсэг зурж байна.
Энэхүү хэлэлцээрийн цар хүрээ төдийгүй манай хоёр улсын хувьд стратегийн томоохон ач холбогдолтой учраас түүхэн гэж байгаа юм.
Дэлхий дээрх өрсөлдөөн их ширүүн болжээ. Бидэнд хүчтэй түншүүд хэрэгтэй.
Зөөвч-Овоо орд нь дэлхийн 10 томоохон ордын нэг. Энэ орд нь Монголыг дэлхийн ураны зах зээлд томоохон шинэ тоглогч болгоно. Энэ орд Дорноговь аймаг, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал түлхэц үзүүлнэ.
Энэхүү гэрээ нь манай эрчим хүчний хангамжийг баталгаажуулснаар Францын тусгаар тогтнолд хувь нэмэр оруулах болно. Манай хоёр улсын харилцаа ямар гүнзгий түвшинд очиж байгааг харуулах өөр нотолгоо хэрэггүй биз ээ.
Бидний харилцаа холбоо нь дан ганц ашиг сонирхол биш гэдэг нь харагдаж байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр, бид ямар сорилтуудыг даван туулах ёстой вэ гэдгийг нэгдмэл байдлаар ойлгож байна гэдэгт би итгэлтэй байна. Бид тогтвортой, нүүрстөрөгчгүй шийдлүүдийг дэмжих замаар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэж, хамтын ажиллагаагаа төрөлжүүлэх, хараат байдлаа хамтран бууруулах гэсэн нийтлэг хүсэл эрмэлзэлтэй юм. Бид цаашид бүх төрлийн харилцаагаа гүнзгийрүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтаа бэхжүүлж, харилцан ашигтай байдлаар хоёр ард түмний сайн сайхны төлөө, тус тусын тусгаар тогтнолынхоо төлөө хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй юм.
Дэлхий дээрх өрсөлдөөн их ширүүн болжээ. Бидэнд хүчтэй түншүүд хэрэгтэй. Франц Улс Монгол Улсын “гуравдагч хөрш” гэдгээрээ бахархдаг. Бид энэ төслийн бүх үе шатанд та бүхэнтэй хамт байж, хамгийн сайн мэддэг, чаддаг зүйлсээ санал болгох болно. Францын туршлага, ноу-хау нь эрчим хүчний шилжилт, нүүрстөрөгчийг бууруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээрх танай хүлээлтэд нийцэх болно.
Ноён Ерөнхий сайд аа,
Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга аа,
Энэ гэрээ амжилттай боллоо. Энэ гэрээ нь мөн ирээдүйн төлөөх амлалт юм. Манай худалдааны эргэлт 10 жилийн хугацаанд 4 дахин өсч, бидний хамтын ажиллагаа чухал салбарууд руу хүрээгээ тэлэх болно. Ирэх жилүүдэд бид илүү их амжилт гаргах болно. Бидэнд ийм хүч чадал, хүсэл эрмэлзэл бий. Төслийг амжилттай дуусгахад итгэл үзүүлж, шийдвэрлэгээр дэмжлэг үзүүлсэн Та бүхэнд баярлалаа. Бид энэ түншлэлээ улам бүр баяжуулан тэтгэнэ гэдэгт та бүхэн итгэлтэй байж болно гэлээ.
0 cэтгэгдэлтэй