Falling Walls Lab Mongolia’2022 нээлттэй форумын ялагчид тодорлоо

2022-05-30 451 0

Залуу эрдэмтэн, доктор, судлаач, мэргэжилтэн, шинийг санаачлагч залуусын шинэ санаачилга, эрдэм шинжилгээний бүтээлийг олон улсын эрдэмтдэд танилцуулдаг Falling Walls Lab Mongolia’2022 форум танхим болон цахим хосолсон хэлбэрээр амжилттай 5-р сарын 26-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж, ялагчдаа тодрууллаа. Энэ удаагийн нээлттэй форумын эцсийн шатанд шалгарсан найман илтгэгч гурван минутад багтаан эрүүл мэнд, хөдөө аж ахуй, инженер технологи, хүрээлэн буй орчин төдийгүй эдийн засаг-бизнесийн салбар дахь дэвшилтэт судалгааны бүтээлүүдээ англи хэл дээр дэлгэн танилцуулав. Эдгээр нь бүхэлдээ хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн, хүн-байгальд ээлтэй, эко амьдралыг эрхэмлэсэн, тогтвортой хөгжлийн бодлогод чиглэсэн шилдэг бүтээлүүд байлаа. Тухайлбал, Falling Walls Lab Mongolia’2022 форумын Нэгдүгээр байранд МУИС-ийн Нано шинжлэх ухаан ба нанотехнологийн төвийн судлаач Ц.Номин “Хог хаягдлаас гаралтай тогтвортой биоматериалууд” шинэ дэвшилтэт судалгааны төслөөрөө шалгаран Үндэсний ялагч болж, Монгол Улсаа төлөөлөн энэ оны 11-р сарын 7-ноос 9-ний өдрүүдэд Берлин хотноо зохион байгуулагдах Falling Walls Lab Int. Finale-д олон улсын 100 гаруй үндэсний ялагчтай өрсөлдөх эрхийг гардан авсан юм. 

Түүнчлэн Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн Дадлагажигч багш Др. Т.Нарангарав “Хаягдлыг нөөц болгох инновац” илтгэлээрээ хоёрдугаар байр, мөн тус их сургуулийн Хүрээлэн буй орчны багш докторант С.Энхжаргал “Тэрбум модыг услах нь” судалгаагаараа гуравдугаар байрыг тус тус эзэллээ. Мөн форумын үеэр “Bright point” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, нягтлан бодогч Т.Гэрэлтуяа “Хүнд ээлгүй хот”-ыг тодорхойлж, хэрхэн хүнд ээлтэй хот болгох талаар өөрийн санаачилгаа дэвшүүлсэн нь манайд тулгамдаж буй асуудлыг хөндсөн сонирхолтой сэдэв байв. Шүүгчдийн бүрэлдэхүүнд Монгол, Герман, Англи, Кени улсаас холбогдох салбаруудын тэргүүлэх мэргэжилтэн профессорууд уригдан оролцлоо.

Falling Walls Lab Mongolia’2022 форумын албан ёсны түншээр дэмжэин хамтран ажиллаж буй ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайд ноён Ёорн Розенберг форумыг нээж үг хэлэхдээ “Берлиний хана нурсан үйл явдлаас санаа авсан Falling Walls арга хэмжээний эрхэм зорилго нь шинжлэх ухаан, эдийн засаг ба нийгмийг холбож, харилцан солилцоо, салбар хоорондын бүтээлч санааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлснээр өнөө үед тулгарч буй сорилтуудыг даван туулах явдал юм. Герман улсад санаачилсан энэ арга хэмжээ нь дэлхийн улс орнууд дахь судлаачид, бизнес эрхлэгчид, шийдвэр гаргагчид, уран бүтээлчид, сэтгэгчид болон хөдөлгөгч хүч болсон хүмүүсийн өөрчлөлт авчрах санаа, санаачилгыг эрэлхийлсэн хамтын хүчин зүтгэл юм.  Том асуудлыг ганцаарчлан шийдэх боломжгүй байдаг. Тиймээс ч бид Falling Walls-ийн Монгол дахь түнш байгууллагууд, оролцогчид чин сэтгэлийн хүчин чармайлт гаргаж, цар тахлын улмаар хоёр жил цахимаар зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээг энэ жил биечлэн оролцох боломжтойгоор амжилттай зохион байгуулсанд нь талархал илэрхийлж байна. Өнөөдөр бидэнд олон сонирхолтой дэвшилтэт санаа, санаачилга танилцуулсан Монголын оролцогчдод Берлин дахь Falling Walls Бага хурлын индэр дээр өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе!” гэсэн юм.

Түүнчлэн форумын хамтран зохион байгуулагч, DAAD-ын Лектор Ян Тростманн “Монгол улс өндөр чадвартай залуу мэргэжилтэн, судлаачидтай ч тэд олон нийт, шинжлэх ухааны салбарт санал бодлоо хуваалцах боломж нь бага санагдсан. Falling Walls Lab форум нь тэдэнд яг энэхүү боломжыг өгөх индэр платформоор хангадаг. 1-р байрын үндэсний ялагч нь Герман улсад зочлон, бусад бүх орны ялагч залуу эрдэмтэн судлаачидтай өрсөлдөж, санал бодлоо солилцох боломжтой. Тиймээс миний бодлоор Falling Walls Lab Mongolia 2022 нь Монголын шинжлэх ухааны салбарын хөгжил болон залуу эрдэмтэн судлаачдад урам зориг хайрлан түлгэц өгнө гэдэгт найдаж байна” хэмээн тэмдэглэлээ. Мөн Олон улсын эмэгтэй эрдэмтэд, инженерүүдийн нэгдсэн байгууллага (INWES)-ийн ерөнхийлөгч Проф. Жун Сун Ким форумд цахимаар оролцон “Falling Walls Lab Mongolia’2022 арга хэмжээг зохион байгуулагчид болон оролцогчдод баяр хүргэв. INWES нь шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн салбар дахь жендэрийн саад тотгорыг арилгахад дэлхийн хэтийн төлөвийг боддог оюун ухаантай нэгдэж, ингэснээр бид хамтдаа илүү шинэлэг санааг гаргаж, дэлхий даяар илүү сайн ирээдүйг бүтээхэд хүчтэй нөлөө үзүүлж чадна.” хэмээн онцлов.

Форум нь олон талт оролцогчдод өөрсдийн инновацыг жолоодох, харилцааны ур чадвараа хөгжүүлэх, хамтын ажиллагааг дэмжих, үр нөлөөтэй, тогтвортой хамтын нийгэмлэгийг хөгжүүлэх орон зайг бий болгоход дэмжлэг үзүүлэхээр бүхий л салбарын эрдэмтэн, бизнес эрхлэгч, мэргэжилтнүүдийг өөрийн судалгааны ажил, бизнесийн загвар, дэвшилтэт технологи, шинэлэг төсөл, санаагаа шүүгчид болон бусад мэргэжилтнүүдэд 3 минутын дотор багтаан танилцуулах боломжийг олгодгоороо онцлогтой.  Falling Walls Lab форумын зорилго нь шинжлэх ухааны дэвшилтэт нээлт, тэдгээрийн эдийн засгийн хэтийн төлвийг дэмжих, инновацийг нэвтрүүлэх, шинжлэх ухааны салбаруудын залуу авьяаслаг болон бүтээлч сэтгэлгээт эрдэмтэн судлаачдын мэргэжлийн солилцоог эхлүүлэх, тогтвортой хөгжүүлэх, сурталчлах, харилцааны ур чадварыг хөгжүүлэхэд оршино. Өөрөөр хэлбэл, “Falling Walls”-ийг дэлхийн хэмжээнд харилцан солилцоо, шилдэг туршлагад тулгуурласан, шинжлэх ухаан, технологи, улс төр, эдийн засаг, нийгмийн нөлөө бүхий нэгдэл “ThinkTank” гэж тодорхойлж болно.

Форумын ерөнхий зохион байгуулагчаар “Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль”, “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” НҮТББ, Монгол Улсын Соёлын Элч О.Оюунтуяа, хамтран зохион байгуулагчаар Улаанбаатар хот дахь Германы эрдмийн солилцооны алба /DAAD/, Монгол Улсын Их Сургууль,  албан ёсны түншээр Монгол Улс дахь ХБНГУ-ын ЭСЯ, Монгол Улсын Гадаад Харилцааны Яам, ХБНГУ-ын ГХЯ, INWES – Олон улсын эмэгтэй инженер, эрдэмтдийн холбоо тус тус дэмжин хамтран ажиллаа.

Дэлгэрэнгүй мэдээлэл: www.fallingwalls.com/lab ба fb.me/FallingWallsLabEngageMongolia 

Холбоо барих: Falling Walls Lab Mongolia зохион байгуулах баг info@artsandmediaconsulting.org 

Хэвлэл, олон нийтийн харилцаа  burmaa@gmit.edu.mn, утас : +976-99905443

Нэмэлт мэдээлэл:

 

Холбоотой мэдээ