Зүтгүүрийн “ЗҮРХНИЙ ЭМЧ”

2024-04-22 321 0

Улаанбаатар Зүтгүүрийн депогийн Дизелийн цехийн ахлах засварчин, Замын мэргэжлийн аварга Сэнгийн Ганболд гэх эрхмийн эгэлхэн түүхийг дор сийрүүллээ.

Хувь тавилангийн эрэлчин

 

Алс хязгаар Ховд аймгийн Дарви сум хангай, говь хосолсон байгалийн үзэсгэлэн цогцолсон өгөөж баян нутаг. Нутгийн адуучин Сэнгийнх 13 хүүхэдтэй, амьдрал буцалсан айл. Адуучин аавын хөвгүүд бүгд адуунд эрэмгий, морин дэл дээр дарцаглаж өсөлгүй дээ. Тэр дундаа долоо дахь хүү С.Ганболд хурдан хүлгийн нуруунд хийморийн дарцаг шиг дэрвэж өсөхдөө аав шигээ адуучин болно гэж гэгээхэн мөрөөдлөөр жигүүрлэж явсан нь лавтай. Гэхдээ хүүг хүсэл мөрөөдөлд автуулах бас нэгэн увидаст зүйл байлаа. Тэнгэрт тулсан тоос босгон давхилдах тээврийн тэрэгнүүд түүний сэтгэлийг алс хол руу хөтлөн одох шиг… Хүчит дөрвөн туурайтны нуруунаас хөдөлгүүрт хөлгийн бүхээгт салхи татуулан давхих нь илүү сонин сайхан байх даа гэх бодол зурсхийн орж ирнэ.

Сумын төвд машин тэрэг гарын арван хуруунаас хол хэтрэхгүй байсан үе. Хэн нэгэн жолооч машинаа “ухаж” байвал гүйгээд л хүрнэ. Нутгийн жолооч ах нарын гарын үзүүрт гүйж, тэдний юу хийхийг харж зогсох нь түүнд жигтэйхэн сонирхолтой. Зундаа аав, ээждээ тусалж адуу малын зах эргүүлж, намар, хавартаа гэр сургууль хоёрын дунд морин дэл дээр дэргүүлж, өвөлдөө ах дүүсийн хамт сургуулийн дотуур байранд сууж явсаар дунд сургуулиа дүүргэжээ. Төдөлгүй цэрэгт мордож, албаа нэр төртэй хаагаад 1993 онд халагдаж ирэв. Ингээд 2002 он хүртэл мал маллаж, хажуугаар нь арьс шир, түүхий эдийн ченж хүртэл хийж, амьдрал ахуйгаа залгуулж хэдэн оны өнгөрөөв. Энэ хооронд нутгийн бүсгүйтэй гэр бүл болж, өрх толгойлж, амьдрал урссаар… Гэвч нэг л сэтгэл тогтохгүй. Арай л өөр ажил төрөл хийж үзмээр санагдах болж хот руу шилжих тухай ах дүү нартайгаа зөвлөлдөхөд саналыг дэмжжээ. Ийнхүү нүүдэл суудал хийн төдхөн л хотын айл болоодхов. Түм түжигнэж, бум бужигнасан хот газар хөлөө олно гэдэг санаан зоргоор зүйл биш гэдэг нь удалгүй мэдрэгдсэн байна.

С.Ганболд барилга, арьс ширний үйлдвэр гээд юу эсийг хийх вэ дээ. Амьдралаа авч явахын тулд хичээхээрээ хичээнэ.

 

Өөрийгөө олсон нь

 

Хотод ирээд жил тойрч явтал нагац эгч Д.Минжүүр нь нэг удаа “Чамайг тогтвортой ажилд оруулж өгье дөө. Хаа хамаагүй ажил хамж хийгээд явах юм. Зүтгүүрийн депод ажилд оруулж өгвөл хийх үү” гэж асуухад нь “Хийнэ” гэжээ. Нагац нь “Би таньдаг хүндээ хэлж өгье” гэжээ. Хэд хоногийн дараа Д.Минжүүр эгч нь утасдаж, “Улаанбаатар Зүтгүүрийн депогийн боловсон хүчний нарийн бичиг н.Туяа гэдэг хүнтэй очиж уулзаарай” гэх тэр. Эгчийнхээ зааж өгснөөр хайж явсаар депод ирж, Туяа гэдэг хүнтэй уулзвал “Чи ямар ажил хийж чадах вэ?” гэхэд нь “Ямар ч ажил хамаагүй. Би ажил голохгүй” гэж хариулжээ.

Замын мэргэжлийн аварга маань төмөр замчин болсон түүхээ цааш ийн хөврүүлэв.

-Би тэр үед төмөр замын талаар ямар ч төсөөлөлгүй хүн энэ байгууллагын өндөр босгоор алхан орсон. 2003 он бол төмөр замын босго өндөр байсан үе шүү дээ. Би ер нь азтай шүү. Тэр өдрөө л талбай цэвэрлэгчээр ажилд орлоо. Долоо хонож байтал боловсон хүчнээс дуудаад “Хөдөлгүүрийн арчигч хийж чадах уу?” гэнэ. “Чадна” л гэлээ. Энэ бол Дизелийн цехийн үндсэн ажилчин болчихож байгаа хэрэг. Хүүхэд байхаас сонирхол шохоорхол татдаг тос, товуд үнэртсэн орчинд орж ирсэн дээ. Арчигчаар жил гаруй ажилласан. Арчигч гэдэг нь засварын ажлын бэлтгэл хангагч гэсэн үг шүү дээ. Жил болоод мастертаа засварчин болмоор байгаагаа хэлтэл тэр дор нь надаар өргөдөл бичүүлж аваад дагалдан засварчин болгов. Төдөлгүй деподоо засварчны 45 хоногийн курсэд сууж, төгсөхдөө шалгалт өгч жинхэллээ. Дагалдангаас VI зэргийн засварчин болоод явж байна даа  гэв.

 

Би ажилдаа дурласан

 

Тэрбээр, засварчин болоод зэрэг ахих шатаар тун хурдан өгссөн аж. Үүнийгээ тухайн үеийн туршлагатай ахлах засварчид болох А.Цэгмэд, Б.Батбаяр, Отгонбаяр нарын ач хэмээсэн юм. Гэхдээ сайн багш нараас гадна түүний төрөлхийн авьяас чадвар, хичээнгүй хөдөлмөр нөлөөлсөн нь лавтай.

С.Ганболд ТЭМ-2 илчит тэргэн дээр н.Отгонбаяр, 2М62 илчит тэргэн дээр А.Цэгмэд, Б.Батбаяр хоёрыг дагалдан сурчээ.

-Манай гурван ахлах намайг их магтаж, урамшуулна. Тэр хэрээр хичээдэг байлаа. Ах нар засварын технологийг сайн заагаад өгсөн байхад засвар хийхэд нэг их хүндрэл гардаггүй байлаа. Нэгдүгээр зэргийн засварчин байхдаа хөдөлгүүрийн шатун чангалаад сурчихсан. Гэтэл нэг өдөр мастер маань намайг шатун чангалж байгааг харчихаад “Ганболдоор яагаад ийм ажил хийлгэж байгаа юм” гэхэд нь манай ахлахууд “Ганболд сүүлийн бүх тэрэгний шатуны чангалгааг хийсэн. Тэрэгнүүд ч гологдол зөрчилгүй сайн явж байгаа. Та л мэдээгүй болохоос энэ хүн бүгдийг нь хийдэг болсон” гэхэд мастер ихэд баярлаж “Өө тэгвэл зэргийг нь нэмэх болсон байна” гээд шууд хоёрдугаар зэрэгтэй болгож байсан гэж хуучлав.

Залуусаа дэмждэг, урам өгдөг удирдлага ийнхүү ажилтнаа өсөх хөгжих бүхий л бололцоог нь олгодог ажээ.

“Ингэхэд та яагаад энэ мэргэжлээрээ суралцсангүй вэ” гэхэд тэрбээр “Удирдлагууд намайг техникчийн эчнээ ангид сурахыг санал болгож байсан. Гэхдээ би зөвшөөрөөгүй” гэв. “Яагаад?” гэвэл “Хэрэв би техникчээр төгсөөд ирвэл дарга нар намайг дуртай ажлаас минь холдуулаад өөр ажилд томилчих ч юм билүү гэж бодсон. Би засвараа л хийх дуртай. Би ажилдаа дурласан хүн” гэв.

 

Сэтгэлийн “витамин”

 

Урьд хожид хэн нэгнээс сонсож байгаагүй ийм зүйрлэлийг С.Ганболдоос анх сонсоод ихэд олзуурхав. Түүнээс “Таны ажиллах эрч хүч, урам зоригт юу нөлөөлдөг вэ?” гэхэд “Хамт олны халуун дулаан үг, нижигнэсэн алга ташилт надад яг сэтгэлийн “витамин” шиг санагддаг” гэсэн юм.

Тэрбээр, цехийнхээ мастерыг амарсан үед орлон ажилладаг байна. Нэг удаа мастераа орлож байтал засварт хүнд гэмтэлтэй нэг илчит тэрэг орж иржээ. Тахир гол нь хугарсан тэргийг “Хурдан шуурхай засварлаад яаралтай бэлэнд өг” гэдэг үүрэг даалгавар өгчээ. С.Ганболд цехийнхээ хүн хүчийг хуваарилаад залуусаа хошуучлан ажилдаа оржээ. Долоо хоногийн дотор өнөөх тэргийг бэлэнд өгөхөд депогийн мастеруудын шуурхай зөвлөгөөн дээр

Өргөх цехийн мастер н.Ганхуяг “Хүнд гэмтэлтэй тэргийг хурдхан шуурхай засварлаад бэлэнд өгсөн С.Ганболддоо баярлалаа” гэхэд нь бүх мастерууд нижигнэтэл алга ташжээ. Тэр үед маш их урам авч, огших сэтгэл төрсөн” хэмээн хуучиллаа. Тэр үйл явдал 2016 оны үед болжээ

“Хамт олны урмын сайхан үг, халуун алга ташилт эерэг дулаан уур амьсгал бүрдүүлдэг. Манай цехийнхэн хурал дээр нэг нь оновчтой санаа гаргахад бүгд алга ташиж урамшуулдаг. Тэр нь маш сайхан. Тийм үед л огшдог.

Ер нь, хаа газар хүн хоорондын харилцаа  ажилд шууд нөлөөлдөг. Би ямагт залуустаа “Хоорондоо эвтэй бай. Зөв яв” гэж хэлдэг. Зөв гэдэг богинохон үгэнд асар том агуулга бий. Хоёр хүн хоорондоо муудалцахад л хамт олны уур амьсгал таагүй болчихдог. Таагүй уур амьсгал дунд ажлын бүтээл ч тааруу байдаг. Тиймээс эвсэг найрсаг хамт олныг бүрдүүлэх нь хамгийн чухал санагддаг. Ахмад үеийнхэн бид үүнийг залууст үлгэрлэх учиртай” гэлээ.

 

Зүтгүүрийн “зүрх”-ний цохилтыг чагнахуй

 

Зүтгүүрийг хүнтэй зүйрлэвэл бид зүрхийг нь эмчилдэг эмч гэж ойлгож болно.

Поршин, шатун эргэлдэж байгаа нь яг л хүнтэй адил. Тэр дундуур тос, ус нь явж байна. Хүн шиг даралт нь унана, эсвэл өндөр болно. Тийм үед даралтыг нь тогтворжуулна. Надад ахлахуудаас өвлөгдөж ирсэн чагнуур бий. Түүгээрээ цлиндр бүрийг нь чагнана. Асуудалтай бол дуунд өөрчлөлт орсон байдаг. Тохиргоо хийгээд эргээд асаахад дуу нь хэвийн болчих жишээтэй.

За тэгээд засвараас бэлэнд өгсөн тэрэг өртөө рүү ороод ачаагаа татаад дуу нь хадаад л салхи татуулаад өнгөрөх нь огшооно шүү. Хааяа машинтай замд явж байхдаа галт тэрэг явж таарвал харж анзаарч явна.

Энэ яасан их хар утаа хаяж байна гэж бодно. Заримдаа өртөөнөөс ачаа татаад манайд орж ирээд ТО2 үзлэг, зэхэлт хийлгээд гарах гэж байгаа зүтгүүрийг манай инженер техникчид намайг дуудаад “Энийг ирээд чагнаадах. Дуу нь нэг л өөр байх шиг” гэх үе бий. Гайгүй байвал аялалд гаргана. Дуу нь нэг биш байвал авч үлдээд  үлдээд үзье” гэнэ. Илчит тэрэг бол яг л хүн шиг шүү дээ” гэж сэтгэлээсээ өгүүллээ.

 

Том хүү минь аавыгаа баярлуулсан

 

С.Ганболдынх хоёр хүү, нэг охинтой айл аж. Гэргий нь хувиараа хөдөлмөр эрхлэхийн зэрэгцээ түүний найдвартай арыг  дааж яваа бүсгүй.

С.Ганболдын том хүү Г.Мягмарнаран ТЗДС-ийг зүтгүүрийн инженер мэргэжлээр төгсөөд Улаанбаатар Татах хэсэгт ажиллаж байгаад Япон руу мэргэжлийн дагуу сурахаар явжээ. Харин бага хүү нь хуульч-эрх зүйч мэргэжил эзэмшиж өдгөө нэгэн компанид ажиллаж байгаа бол бага охин нь дунд сургуульд сурдаг аж.

Тэрбээр, хоёр хүүгийнхээ нэгийг төмөр замчин болгохсон гэх далдхан бодол тээж явсан ч энэ талаар ам нээж байгаагүй аж. Гэтэл том хүү нь дунд сургуулиа төгсөөд “Би ТЗДС-д орно” гэхэд нь их баярласан байна. Одоо хүү нь Японд сурахын хажуугаар Япоын төмөр замд мэргэжлийн дагуу ажиллаж байгааг бахархангуй ярьж, “Хүү намраас та хоёрт Япон орныг үзүүлнэ. Ажил төрлөө бодолцоно биз” гэсэн гээд тун баяртайгаар өгүүлэв. Аавын сэтгэл баяр бахархлаар бялхаж байгаа нь илт.

“Замын мэргэжлийн аваргууд маань саяхан Таиланд руу аялаад ирсэн байх аа” гэхэд “Харин тиймээ, Замын захиргаанаас биднийг их сайхан аялуулсан. Яваад ирэхэд депогийнхон маань бүгд л гар барьж, баяр хүргээд сайхан байлаа. Таиланд улс ёстой л аялал жуулчлалын орон юм. Үзэж харах юм ихтэй сайхан л юм. Гэхдээ айхтар халуун бөгчим болохоор Монголынхоо сэрүү татсан салхийг их үгүйлсэн шүү” гээд инээнэ билээ. Ийм нэгэн эгэл даруухан аав, эгэлгүй сэтгэлтэй төмөр замчинтай хөөрөлдсөн билээ.

Эх сурвалж: Ganzam.mn

Сэтгүүлч Б.Гүнжинлхам

 

Холбоотой мэдээ