
МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд AFC Challenge League тэмцээний 2024/2025 оны зүүн бүсийн хэсгийн урьдчилсан шатны тоглолт Монголын Дээд Лигийн аварга СП Фалконс клуб өөрийн талбайдаа Тайваний Тайчунг Футуро багийг энэ сарын 12 буюу маргааш хүлээн авснаар эхэлж байна.
Өнөөдөр тус тэмцээний зөвлөгөөн болж, зочин болон эзэн багийн төлөөлөл Хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр СП Фалконс клубийн ахлах дасгалжуулагч Артур хэлэхдээ “Маргааш болох урьдчилсан шатны тоглолтод бид хүчтэй өрсөлдөгч багтай таарсан хэдий ч бэлтгэл сургуулилтаа сайн хийсэн учир амжилт үзүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна. Энэ удаагийн тоглолт дасаж сурсан манай талбайд болох тул эзэн багийн хувьд давуу талтай гэж харж байгаа. Багийн гишүүдийн тухайд, хоёр тоглогчоор бүрэлдэхүүнээ шинэчилсэн. “Дэрэн клуб”-ээс нэг хаалгач авсан бол Узбекистан улсаас нэг довтлогч авсан. Тэдний хувьд, дотоод болон гадаадын лигт өндөр үзүүлэлт үзүүлсэн ур чадвартай тоглогчид байгаа” гэв.
Дараа нь Тайчунг Футуро FC-ийн зүгээс мэдээлэл өглөө. Тэд “Манай клуб нь лигтээ хоёрдугаар байрт шалгарч, энэхүү тэмцээнд оролцох эрхээ авсан. Бид бүхэн Монголын СП Фалконс багийн талаар видео судалгаа хийхэд лигт үзүүлсэн амжилт болон онооны зөрүү нь нэлээд сайн баг байна гэж харсан. Бидний зүгээс Монголд ирэхийнхээ өмнө олон улсын нөхөрсөг тоглолтуудад оролцож, бэлтгэлээ базаасан. Хэдий уур амьсгалын нөхцөл байдалд дасан зохицох нь чамгүй сорилт болж байгаа ч тамирчдын маань дийлэнх нь 2023 онд Монголд ирээд тоглоод үзчихсэн. Тиймээс бэлтгэл сургуулилтаа сайтар базааж, шат шатны тоглолтод амжилт үзүүлэхийн төлөө урагшилна” гэв.
Азийн Хөлбөмбөгийн Холбооны (АХБХ) шийдвэрээр 2024/2025 оны улирлын эхлэлээр клубийн түвшний тэмцээнүүдэд томоохон шинэчлэлт хийж, Азийн хэмжээнд 4 гол тэмцээнийг шинэ бүтэцтэйгээр зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэхүү шинэ бүтцэд дараах 4 тэмцээн багтаж байна. Үүнд:
- AFC Champions League Elite
- AFC Women’s Champions League
- AFC Champions League Two
- AFC Challenge League
Энэхүү шинэчлэл нь Азийн клубийн түвшний хөлбөмбөгийг илүү өрсөлдөөнтэй, хүртээмжтэй болгох зорилготой бөгөөд Монгол Улс хоёр дахь удаагаа AFC Challenge League тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрхийг хүлээн авчээ. Тодруулбал, Монголын хөлбөмбөгийн хөгжлийг олон улсын түвшинд ахиулах, клубийн хөлбөмбөгийн нэр хүндийг өргөхөд томоохон үүрэг гүйцэтгэх энэхүү боломж нь Монголын Дээд Лигийн аварга СП Фалконс клубд олдож, тэд Зүүн бүсийн хэсгийн урьдчилсан шатанд өрсөлдөх тоглолтоо МХБХ талбайд энэ сарын 12-ны өдрийн 16:00 цагт Тайваны Тайчунг Футуро багтай хийх гэж байна.
Нөгөө талд, Монголын Дээд Лигийн хоёрдугаар байранд шалгарсан Хангарьд FC нь Зүүн бүсийн урьдчилсан шатанд өрсөлдөхөөр Тайпей хот (БНХАУ-ын Тайвань)д Тайнан Сити багтай мөн л энэ сарын 12-ны өдрийн 19:30-д Тайпей хотын Municipal Stadium-д тоглох гэж байна.
SP Falcons FC-ийн тухайд:
СП Фалконс клуб нь Монголын хөлбөмбөгийн спортод өөрийн байр суурийг бататгаж, Монголын Дээд Лигт амжилттай өрсөлдсөөр байгаа шилдэг клубуудын нэг юм. Улаанбаатар хотод төвтэй тус клуб нь 2003 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд үндэсний лигтээ тогтмол сайн амжилт үзүүлж, олон залуу авьяаслаг тоглогчдыг хөгжүүлэн бэлтгэсээр ирсэн.
2023/2024 болон 2024/2025 оны улиралд Монголын Дээд Лигийн аваргаар тодорч, Азийн түвшний тэмцээнд оролцох эрхээ дахин авсан нь Монголын хөлбөмбөгийн хөгжлийг олон улсын түвшинд хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа юм. Энэхүү амжилт нь СП Фалконс клубийн удирдлага, дасгалжуулагч баг, тоглогчдын уйгагүй хөдөлмөр, тэсвэр тэвчээрийн үр дүн билээ.
СП Фалконс клуб өнгөрсөн улиралд AFC Challenge League 2024/2025 оны улирлын Зүүн бүсийн хэсгийн шатанд Монгол Улсыг төлөөлөн оролцож тус тоглолтууд нь 2024 оны 10 дугаар сарын 27-ноос 11 дүгээр сарын 2-ны хооронд Индонезийн Мадура Юнайтед болон Камбожийн Свей Ринг клубтэй Монголын Хөлбөмбөгийн Холбооны цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдсан билээ.
Энэ нь Монголын клубийн хөлбөмбөгийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээж буй явдал юм. Тус клуб нь Ази тивийн өрсөлдөөнд өөрсдийн ур чадвараа батлан харуулах, олон улсын туршлага хуримтлуулах боломжийг эрэлхийлж байгаа бөгөөд Монголын фэнүүдийн итгэл найдварыг хүлээж оролцох болно.
СП Фалконс клубийн багийн тоглогчид нь хурд, ур чадвар, багийн ажиллагаа сайтай, дайчин тоглолтоороо Монголын хөлбөмбөгийн ертөнцөд танигдсан. Тэдний тэмцээний амжилт нь зөвхөн Монголд төдийгүй, Азийн бусад орнуудад ч танигдах, Монголын хөлбөмбөгийг дэлхийд таниулах алхам болж байна.
Зочин баг – Тайчунг Футуро FC-ийн тухайд:
Тайванийн төлөөлөл Тайчунг Футуро FC нь богино хугацаанд бүс нутагтаа хүчтэй өрсөлдөгч болж чадсан баг юм. Өмнөх улиралд буюу АFC Cup 2023/24 тэмцээнд Монголын Улаанбаатар FC-тай нэг хэсэгт тоглож, тэмцээний дараагийн шат руу амжилттай шалгарч, улмаар Хэсэг хоорондын хагас шигшээ шатанд шалгарсан нь клуб болон Тайванийн хөлбөмбөгт түүхэн амжилт болсон.
Ингэснээр Улаанбаатар дахин тивийн хэмжээний тоглолтыг хүлээн авч, Монголын хоёр баг Зүүн бүсийн урьдчилсан шатанд зэрэг өрсөлдөж буй нь энэ жилийн АХБХ-ны Челленж Лигийг илүү сонирхолтой, өрсөлдөөнтэй болгож байна.
0 cэтгэгдэлтэй