Түүхий нүүрснээс татгалзсан хоёр жилийн хугацаанд хорт утааны хэмжээ буурсан уу?

2021-09-10 632 1

Гурван жилийн өмнө улаанбаатарчуудын толгойны өвчин нь агаарын бохирдол буюу түүхий нүүрснээс ялгардаг хорт утаа байв. Гэхдээ “байв” гээд энэ асуудлыг 100 хувь шийдчихсэн, утаа, угаараасаа бид бүрэн дүүрэн салчихсан гэсэн үг биш. Ямартай ч өнөөдрийн түвшинд агаарын бохирдлыг тодорхой хэмжээнд бууруулж чадсан уу гэвэл тийм.

Ерөөс сүүлийн 10 гаруй жилийн турш үе үеийн Засгийн газар утаанаас салахын тулд олон арван төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, маш их хэмжээний мөнгийг үр ашиггүй зарцуулсан байдаг. Жишээлбэл, “Цэвэр агаар төсөл”, “Нүүрс” хөтөлбөр, “Гэр хорооллын дахин төлөвлөлт”, “Сайжруулсан зуух” гэх мэт Засгийн газруудын бодлогын нүүдлүүд нь байгаа оноогүйгээр үл барам татвар төлөгчдийн тэрбум тэрбум төгрөгийг зүгээр л салхинд хийсгэчихсэн. Үр дүнд нь Улаанбаатар хот “Утаанбаатар” нэр авч, нийслэлчүүд дөрвөн уулынхаа дунд дүн өвлийн тэсгим хүйтэнд хордсоор, бээрсээр хэдэн арван жил, сарыг үдсэн билээ.

Хамгийн аймшигтай нь, агаарын бохирдлын улмаас зүрх судас, хатгалгаа, уушиг, цаашилбал хавдраар нас барагсдын тоо эрс нэмэгдэж, амьгүй ургийн тоо ч өссөн нь анхаарал хандуулах шалтгаан болсон юм. Улмаар аргаа барсан эцэг эхчүүд үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө, амьд явах эрхийнхээ төлөө, эрүүл аюулгүй орчинд амьдрахын тулд дуу хоолойгоо нэгтгэн, 2017 оны арваннэгдүгээр сард Сүхбаатарын талбайд “Утааны эсрэг жагсаал, цуглаан” хийж, төр ажлаа хийх ёстойг хүчтэй сануулсан. Ингэж сая нэг агаарын бохирдол олон нийтийн анхаарлын төвд орж, ДЭМБ гэх мэт олон улсын байгууллагууд зөвлөмж, шаардлага хүргүүлснээр утаа аюулын харанга дэлдээд буйг эрх баригчид ойлгов. Ингээд утаанаас салах шийдлээ олохын тулд хөтөлбөр баталж, тогтоол гаргасан байдаг.

Ингэхдээ юун түрүүнд, “Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо”-ноос агаарын бохирдлын эх үүсвэрийг дараах 4 зүйлээс шалтгаалж буйг тодорхойлсон. Үүнд,

  1. Гэр хорооллын айл өрхүүдийн яндангийн утаа болон аж ахуй нэгжүүдийн халаалтын зуухны утаа 80 хувийг,
  2. Тээврийн хэрэгслийн яндангийн утаа 10 хувийг,
  3. Дулааны цахилгаан станцын яндангийн утаа 6 хувийг,
  4. Замын тоос шороо, хөрсний бохирдол 4 хувийг бүрдүүлж байна гэж тооцоолжээ.

Ийн Засгийн газрын бараг анх удаа гэж хэлж болохоор утаатай тэмцэх тун шийдэмгий, зоримог тогтоол гарсан нь  2019 оны тавдугаар сарын 15-наас эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс түлэхийг хориглосон алхам байв. Улмаар “Тавантолгой түлш” компанийг түшиглэн Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг хотын баруун бүс болох 22-ын товчоо орчимд барьж, ашиглалтад оруулсан.

Нэг сая гаруй хүн амтай метро хотын дийлэнх хувийг гэр хорооллын айл өрх эзэлдэг бөгөөд бүгдийг нь шахмал түлшээр нэгэн зэрэг хангана гэдэг тийм ч амар ажил биш байсан нь мэдээж. Анхны юм бүхэн алдаа, оноотой байдгийн адилаар эхэндээ түлш борлуулах цэгүүд нь цөөдөж, түлш авах хүсэлтэй иргэдийн эрэлт нэмэгдэж, нийлүүлэлтээ дийлэхгүйд хүрэх гэх мэт олон бэрхшээл тулгарсан. Зарим нь ТТ-н түлшинд эргэлзэж, түүхий нүүрснээс юугаараа ялгаатай болох, барьцалдуулагч бодисонд орж буй химийн нэгдлийг ч хянаж, шалгаасан.

Тэгвэл сайжруулсан шахмал түлш нь  түүхий нүүрснээс ялгаатай нь агаар дахь бохирдуулагч бодисын хэмжээгээр бага, Монгол Улсын MNS стандартын шаардлага хангасан, хүний биед хор хөнөөлгүй гэж үзсэн байдаг. Энэ талаар нийслэлийн МХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун 2021 оны хоёрдугаар сарын 8-нд хэвлэлд өгсөн тайлбартаа ийн өгүүлжээ. Тэрбээр “Сайжруулсан шахмал түлшнээс дээж авч шинжилсэн бөгөөд 2021 он гарснаас хойш найман удаа дээж шинжлүүлсэн. ОХУ, БНСУ, БНХАУ болон Геологийн төв лаборатори, Хими, хими технологийн хүрээлэнгийн лаборатори, Ашигт малтмалын газрын лабораторийн шинжилгээний хариугаар “Тавантолгойн түлш” компанийн үйлдвэрлэсэн шахмал түлш нь чийглэг, үнслэг, дэгдэмхий хүхэрлэг, илчлэгийн хэмжээ нь стандартын шаардлага хангасан байна. Мөн хаягдал утаанд агуулагдах бодисын хэмжээг шинжлүүлэхэд бүгд стандартын шаардлага хангажээ. Мөн нэгдсэн дүгнэлтээр сайжруулсан шахмал түлш нь,

-Техникийн ерөнхий шаардлагыг хангасан,

-Барьцалдуулагч нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд ноцтой сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй химийн элемент, эрдэс агуулагдаагүй,

-Мидлинг буюу баяжуулсан нүүрс нь MNS:6226 2011 стандартын шаардлага хангаж байна” хэмээн дурджээ.

Тэгвэл одоо та бүхэнд 2018-2021 онд Улаанбаатар хотын агаар бохирдуулагч бодисуудын өөрчлөлтийг доорх дата өгөгдлөөр харуулья. Эндээс, нарийн ширхэглэгт pm 2.5 тоосонцорын хүлцэх хэмжээ 50 бөгөөд түүхий нүүрс түлж байсан 2018 оны өвөл 469  хүртэл дээд хэмжээнд тулж байсан бол 2021 оны дөрөв дэх долоо хоногийн хэмжэлтээр 235 болтлоо буурчээ. Мөн pm 10 тоосонцорын хүлцэх хэмжээ 100 ба мөн 2018 онд 539 байсан бол  2021 онд 284 болж, багассан байх жишээтэй.

Агаарын бохирдол 2018-2021

Гэхдээ тоо худал хэлдэггүй. Хэдийгээр pm 2.5, pm 10 тоосонцорын хэмжээ буурсан үзүүлэлттэй харагдаж байгаа ч озон, азотын давхар исэл, хүхэрлэг хий гэх мэт элментүүдийн өсөлт, бууралт нэлээд хэлбэлзэлтэй байгаа нь анхаарал татаж буй. Учир нь түүхий нүүрс түлж байсан үеийнхээс одоо үеийн үзүүлэлт илүү өндөр гараад буй хэрэг. Энэ нь мэдээж олон хүчин зүйлийн улбаатай. Тухайлбал, уур амьсгалын өөрчлөлт, цаг агаарын нөхцөл байдал, бусад агаар бохирдуулагч эх үүсвэрийг бүрэн дүүрэн шийдээгүй зэрэг шалтгаан бий.

Цаг агаарын өөрчлөлтийг харуулсан дээрх өгөгдлөөс харахад, сүүлийн жилүүдэд илүү дулаан өвөлжиж, агаарын дундаж температур олон жилийн дунджаас нэмэгдсэн, салхины хурд хийгээд хур тундасны хэмжээ багассан нь харагдана. Өөрөөр хэлбэл, хэрэв салхи ихтэй байвал утаа хөөгдсөөр арилчихдаг шүү дээ. Тэрчлэн хүйтэн болох тусам айл өрхүүд галлагаагаа нэмэгдүүлж, тэр хэмжээгээр утаа “үйлдвэрлээд” байдаг. Хур тунадас буюу цас бага орвол агаар сэлгэхгүй гэх мэт цаг агаарын нөхцөл байдал нь агаарын бохирдолтой салшгүй холбоотой гэдгийг хэлэх гэсэн санаа.

Ямартай ч Засгийн газар сайжруулсан шахмал түлшийг иргэдийн хэрэгцээнд нэвтрүүлээд хоёр өвлийг үзэх гэж байна. Түүхий нүүрснээс татгалзсан хоёр жилийн хугацаанд утаа мэдэгдэхүйц хэмжээгээр буурч, тоосонцоруудын хэмжээ ч багассан нь маргаангүй сайн үр дүн.

Нөгөөтэйгүүр, цар тахлаас үүдэн бараг үнэгүй шахам борлуулж буй шахмал түлш иргэдийн хэрэгцээнд нэвтэрч, нэг үеэ бодвол эрэлт, нийлүүлэлт нь жигдэрч, хоёр дахь үйлдвэрээ ч ашиглалтад орууллаа. Харин одоо үлдсэн эх үүсвэрүүд болох автомашины яндангаас гарах утаа болон ДЦС-уудад инноваци шингэсэн шийдэл олчихвол улаанбаатарчууд уушиг дүүрэн цэвэр агаараар амьсгалах цаг ирнэ гэдэгт итгэж байна.

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ: Агаар дахь гол бохирдуулах бодисын тодорхойлолт

Озон (O3);

Гурван атомт хүчилтөрөгчөөс тогтсон хий төлөв байдалтай нэгдэл. Озон нь атмосферийн дээд давхарга болон газрын гадарга орчмын агаарт байдаг бөгөөд озон хаана байгаагаас шалтгаалж хүний эрүүл мэндэд эерэг, сөрөг нөлөө үзүүлдэг. Атмосферийн агаарын дээд давхаргад оршдог озон нь нарны хэт ягаан туяаны хортой нөлөөнөөс хүн, амьтныг хамгаалах биологийн ач холбогдолтой. Газрын гадарга орчмын атмосферийн агаар дахь озон нь хүний эрүүл мэндэд аюултай. Гадаа биеийн хүчний ажил хийх, зуны улиралд хүүхдүүд гадаа удаан хугацаагаар тоглоход озоны нөлөөлөлд өртөх эрсдэл нэмэгддэг. Амьсгалын замын өвчтэй хүмүүс, тухайлбал гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүсийн уушиг озонд маш мэдрэг байдаг тул бусад хүмүүстэй харьцуулахад озоны хэмжээ бага байхад ч харьцангуй хурдан озоны нөлөөнд өртөж, эрүүл мэндэд нь өөрчлөлт гардаг. Озон нь амьсгалын замын салст бүрхэвчийг цочроох, уушгины үйл ажиллагааг бууруулах үйлчилгээтэй тул озоны нөлөөнд өртсөн хүмүүст ханиах, хоолой хорсох, цээжээр хөндүүрлэх, амьсгал авалт хурдасч, өнгөц болох зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Озон нь гуурсан хоолойн багтраа өвчнийг сэдрээдэг бөгөөд ялангуяа гэрийн тэжээмэл амьтан, ургамлын тоос, хачиганд харшилтай хүмүүс озонд их мэдрэмтгий бөгөөд ийм хүмүүс гуурсан хоолойн багтраа өвчнөөр өвдөх нь элбэг байдаг. Түүнчлэн амьсгалын замын халдварт өвчинд өртөмтгий байдлыг ихэсгэхэд нөлөөлдөг.

Тоосонцор (PM 2.5; PM 10);

Агаарт хатуу, шингэн төлөв байдалтай оршдог. 10 микрометрээс бага хэмжээтэй тоосны богино (1-24 цаг) ба урт хугацааны (хэдэн жилийн) нөлөөлөл нь уушги, зүрхний өвчлөл, нас баралтын нэг хүчин зүйл болдог.
Зүрхний эсвэл уушгины өвчтэй хүмүүс, тухайлбал зүрхний архаг өвчтэй хүн, титэм судасны өвчтэй, гуурсан хоолойн багтраа өвчтэй хүн, өндөр настнууд (уушгины эсвэл зүрхний өвчингүй байж болно) тоосонд мэдрэмтгий байдаг. Зүрхний өвчтэй хүн тоосны нөлөөнд өртсөнөөс цээжээр хөндүүрлэх, чичрэх, амьсгал давхцах, сульдах, зүрхний хэмнэл алдагдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Тоос нь амьсгалын замын халдварт өвчний өртөмтгий байдлыг ихэсгэх бөгөөд амьсгалын замын архаг өвчнийг сэдрээх нөлөөтэй.

Нүүрстөрөгчийн дутуу исэл (CO);

Өнгөгүй, үнэргүй хий. Түлшин дэх нүүрстөрөгч бүрэн шатаагүй үед үүсдэг. Нүүрстөрөгчийн дутуу исэл уушгиар дамжиж, цусны урсгалд орж, эсэд хүчилтөрөгчийг зөөвөрлөдөг гемоглобинтой нэгдэн “Карбоксигемоглобин” гэдэг нэгдэл үүсгэдэг. Иймээс хүний бие махбодü, эдэд очих хүчилтөрөгчийн хэмжээг багасгадаг. Зүрх судасны өвчтэй хүмүүс, тухайлбал зүрхний бах өвчтэй хүмүүс хамгийн их эрсдэлтэй бөгөөд биеийн хүчний ажил хийж байгаа үед нүүрстөрөгчийн дутуу ислийн нөлөөлөлд өртвөл цээжээр өвдөх болон зүрх судасны талаас бусад шинж тэмдгүүд илэрдэг. Зүрх судас, амьсгалын замын архаг хууч өвчтэй (зүрхний титэм судасны өвчтэй, цус багадалттай, уушигны архаг бөглөрөө өвчтэй) хүмүүс, нярай хүүхдүүд нүүрстөрөгчийн дутуу исэлд илүү өртөмтгий байдаг.

Хүхрийн давхар исэл (SO2);

Гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс гадаа биеийн хүчний ажил хийж байгаа үед хүхрийн давхар исэлд их өртөмтгий байдаг. Гол нөлөө нь амьсгалын замыг нарийсгадаг бөгөөд шуухитнах, амьсгаа давчдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Хүхрийн давхар исэл нь амьсгал цочроосноос найтаах, ханиах зэрэг физиологийн хариу үйлдэл үзүүлэх бөгөөд сөрөг нөлөө зогсоход уушгины үйл ажиллагаа цагийн дотор хэвийн байдалд ордог. Хүхрийн давхар ислийн архаг нөлөө нь амьсгалын замын өвчний тохиолдлыг ихэсгэх, уушгины хамгаалах механизмыг бууруулах, зүрх судасны архаг өвчнийг сэдрээдэг. Зүрх судасны өвчтэй болон уушгины архаг өвчтэй хүмүүс, түүнчлэн хүүхдүүд, өндөр настнууд архаг нөлөөнд өртөмтгий байдаг.
Азотын давхар исэл (NO2);

Өнгөгүй, үнэргүй хий бөгөөд агаар мандалд бор шаргал өнгөтэй болдог. Азотын давхар исэл нь уушгины эдийг цочроох ба амьсгалын замын халдварт өртөмтгий байдлыг нэмэгдүүлдэг..Азотын давхар исэл нь амьсгалын замын өвчний тохиолдлыг ихэсгэх, гуурсан хоолойн багтраа болон үрэвсэлтэй хүний мэдрэгшлийг нэмэгдүүлэх, уушгины хамгаалах механизмыг бууруулах, зүрх судасны архаг өвчнийг сэдрээх нөлөөтэй. Зүрх судасны, уушгины архаг өвчтэй хүмүүс, түүнчлэн хүүхдүүд, өндөр настнууд архаг нөлөөнд өртөмтгий байдаг.

 

Холбоотой мэдээ