З.Цэлмэг

З.Цэлмэг

https://www.facebook.com/TseZdata/

ДАТА ИНФО: Монголын эдийн засгийн “хойд эцэг” нь Хөгжлийн банк

2022-02-15 1314 2

Хөгжлийн банкны дуулиан бол энэ хаврын улс төрийн тулганд ноцох гал болов. Гэхдээ эрх баригч намын талцал хуваагдал, 80-аад оныхны нам доторх цэвэрлэгээ гэж эндүүрэгдэх эрсдэл байна. Энэ галын оч эдийн засаг хэрхэн үсэрч, часхийхийг умартах вий. Асуудал өндөрөө авахын хэрээр эрх баригчдын дөвийлгөөд байгаа шиг АТГ, хууль шүүхийн байгууллагаар зээлийг нь эргэн төлүүлээд өнгөрөх асуудал биш гэдгийг ойлгохтой болж байх шиг. Тэгээд орхих аваас…

Том зургаар нь харвал Хөгжлийн банк бол манай эдийн засгийг, татвар төлөгчдийн зүтгэлийг “хойд эцэг” лугаа хатуу хахир, энэрэх сэтгэлгүйгээр дэвсэлж орхисон тогтолцоо. Гэтэл эрх баригчид энэ мангасаас ард түмнээ аварч буй баатрын дүрд тоглох авч… бас “хойд эцгээ” аварч үлдэнэ гэх.

Үхрийн сүүлэн дээрх хутга буюу төсөвт хийсэн тодотгол

“Үхрийн сүүлэн дээр хутга” гэж ардын үг байдаг даа. Төмөр үхэр жилийн төгсгөлд Хөгжлийн банкны зээлдэгчид энэ үгийн бай болов. Ерөнхийлөгчийн өгсөн чиглэлийн дагуу УИХ, Засгийн газар ахмад настны болон халамжийн тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлж, зарцуулж ч амжаагүй байсан төсвөө дахин задалж тодотгол хийсэн. Хоёрдугаар сарын 1-нээс бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн эл шийдвэрийн үр дүнд 2022 оны улсын төсөвт ирэх ачаалал 637.3 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, нийт алдагдал нь хоёр их наядыг давав. Энэхүү шийдвэрийн үр дүнд Тэтгэврийн сангийн одоогийн алдагдалын хэмжээ хоёр дахин нэмэгдэж, хойшид ч энэ чигээрээ үргэлжлэх болов. Гэвч энэ эрх баригчдын хувьд санаа зовоох асуудал биш бололтой. Харин ч тэтгэврийн нэмэгдэл сар шинээр айл болгоны ярианы сэдэв болж чадсан. Улс төрийн онооны төлөө ах нараасаа өрсөж буй 80-аад оныхонд энэ л чухал.

Бас уул уурхайн экспорт нь зогссон, иргэд, аж ахуйн нэгжүүд инфляцад нам цохиулсан энэ цаг үед Хөгжлийн банкны “дээрэмчид”-ийг гэрэл цохиулж байж, 637.3 тэрбум төгрөгийн цоорхойг хэл амгүйхэн нөхнө. Тиймээс ч улс төрийн драм үргэлжилж байна.

Драмын дараагийн анги буюу “хойд эцгийг эрүүдэн шүүх ажиллагаа”

Өнгөрсөн баасан гарагт шүгэл үлээгчдийн зохион байгуулсан “Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлгийн үр дүнд УИХ-ын дарга Г. Занданшатар тун удалгүй төрийн ордонд нээлттэй сонсгол зохион байгуулахаа мэдэгдээд буй. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлтийг эрчимжүүлэх ажиллагаагаа нийгмийн анхаарлаас шийдвэр гаргагчдын анхааралд шилжүүлнэ. Нийгмийн анхааралд өртүүлсний үр дүнд эхний ээлжинд 2 их наяд орчим төгрөгийн чанаргүй зээлээс 50 тэрбумын эргэн төлөлт хийгдээд буй. Гэхдээ энэ нь эрх баригчид тэтгэврээр оролдсон поп шийдвэрээ хэрэгжүүлэх, цаашлаад төсвийн алдагдлаа нөхөхөд хаанаа ч хүрэлцэхгүй өчүүхэн жоохон мөнгө.

Хөгжлийн банкны үйл ажиллагааны тайлангаас харахад хууль, шүүхийн байгууллагаар шийдүүлэхээс аргагүй болсон  чанаргүй зээлийн нийт хэмжээ тус банкны 2020 оны зээлийн хэмжээтэй бараг л дүйж байна. Аймшигтай биш гэж үү! Төрийн ордонд болох сонсголын үеэр зээлээ эргэн төлдөггүй дээрэмчдээс гадна зээл олгох шийдвэр гаргасан удирдлагуудад хариуцлага тооцох асуудлыг ч мөн хөндөх хэрэгтэй.

“Хойд эцэг” аврал гуйх гавъяагүй

Хөгжлийн банк нь Монгол Улсын олон улсаас татан төвлөрүүлсэн бондын санхүүжилт, гадна дотнын айлчлалын үр дүнд хэрэгжиж буй зээлийн эх үүсвэрүүдийг төвлөрүүлдэг. Энэ их мөнгө нэг хэсэг хүнийг хагартал нь баяжуулж, эрх мэдлийн сэнтийд эрх буцалтгүй залрах хэрэгсэл болж, улсын өрийг зузаатгаж буй “гавъяатай”. Үүнийх нь төлөө татан буулгаж, ял асуух ёстой.

Гэтэл “Хөгжлийн банк”-аа аварч үлдэнэ гэдгээ Ерөнхий сайд ч тэр, УИХ-ын дарга ч тэр, УИХ-ын нэр бүхий гишүүд илэрхийлчихлээ. Угтаа Монголбанкны хяналтаас гадуур, мөнгөний бодлого хэрэгждэггүй, бондын мөнгөөр туйлдаг, төсвийг шимэгчлэгч, хөгжилд тушаа болсон банкыг аварч үлдэнэ гэдэг эх оронч хэн бэ гуай ч хэлж зүрхлэхгүй үг сэн.

Хөгжлийн банк бол хуулиараа 100 хувь Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэгч. Өөрөөр хэлбэл, Засгийн газар хувьцаа эзэмшигч нь. Тиймдээ ч үе үеийн Ерөнхий сайд нар бүтээн байгуулалт, хямралаас гаргах төлөвлөгөө, экспортыг дэмжих, өрийн эргэн төлөлт хийх гэх мэт олон шалтаг тоочин бонд гаргасаар ирсэн. 2011-2021 оны хооронд 10 жилийн хугацаанд Хөгжлийн банканд 10 удаагийн бондын хөрөнгө цуглаж, бас салхинд хийссэн. Одоо монголчуудад тэрхүү өрийг эргүүлэн төлөх үүрэг үлдсэн. Харин хөгжих боломжийг нь хэдхэн хүн хуваагаад хүртчихсэн.

Харамсалтай нь, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ч энэ янзаараа дахиад олон улсаас бонд босгохыг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл тийм нөхцөл нь хангалттай бүрдчихсэн. 2022, 2023 онд төлөх бондын эргэн төлөлт, “эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөр”, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх гээд энэ Засгийн газарт төсөв санхүүгийн тооцоотой бодлого хэрэгжүүлэхээс аргагүй цаг үе ирсэн.

Гэвч одоо өрнөж буй үйл явдлаас харахад, Хөгжлийн банкны чанаргүй зээлийг нийгэмд гэрэл цохиулах замаар өмнөх үеийнхэнтэйгээ улс төрийн тулаан хийхээ л чухалчилж байна. Түүнээс биш алсдаа улсын хөгжлийг дарангуйлдаг Хөгжлийн банк шиг хойд эцэг Монголын эдийн засагт хэрэггүй.

Холбоотой мэдээ