З.Цэлмэг

https://www.facebook.com/TseZdata/

Эмэгтэйчүүдийг хамгаалдаггүй эрүүл мэндийн даатгал

2020-11-01 997 0
Үр хөндүүлж болно гэдгийг тэртээ 1989 онд хуулиар зөвшөөрсөн манай улсад одоог хүртэл үүнээс сэргийлэх тогтолцоо бүрэлдээгүй байна. Ихэнхи эмэгтэйчүүд хүсээгүй үедээ жирэмсэлснээс үр хөндүүлдэг гэж мэргэжлийн байгууллага, салбарын шинжээчид дүгнэдэг.

Дэлхий нийтийн жишгээс харахад манайх шиг хөгжиж буй орнуудад хүсээгүй жирэмслэлтийн 84 хувийг орчин үеийн жирэмснээс сэргийлэх арга хэрэгслийн хангагдаагүй хэрэгцээтэй эмэгтэйчүүд эзэлдэг байна.

Үр хөндүүлж буй эмэгтэйчүүд насны хувьд цэл залуу буюу эрүүл мэндийн бусад эрсдэл харьцангуй бага, нийгэм, эдийн засгийн хувьд ч боловсролтой, тодорхой эрхэлсэн ажил төрөлтэй, орлогын хувьд ч боломжийн байдаг аж. Гэвч тэдний дунд үр хөндөлт, хүсээгүй жирэмслэлт өндөр байгаагийн нэг шалтгаан нь гэр бүл төлөвлөлтийн буюу жирэмснээс сэргийлэх мэргэжлийн үйлчилгээ авахад санхүүгийн шалтгаантай.

Графикаас харахад жирэмснээс сэргийлэх арга хэрэгслийн дунджаар 30 хувь нь бэлгэвч буюу санхүүгийн хувьд хямд арга байна.

Одоо үйлчилж буй хууль журмаар жирэмснээс сэргийлэх арга хэрэгслийг улсын эмнэлгүүдэд л эрүүл мэндийн даатгалаараа хийлгэдэг. Гэвч улсын эмнэлэг оочер дараалал, ачаалал ихтэй, үйлчилгээний чирэгдэл ихтэй тул хувийн эмнэлэг зорихоос аргагүй. Харин хувийн эмнэлгүүдэд даатгал үйлчилдэггүй. Тиймээс тухайн эмэгтэй мөнгө төлнө. Жирэмснээс хамгаалах суулгац гэхэд дунджаар 60-120 мянган төгрөгийн үнэтэй ба 1-2 нэмэлт жинжилгээ, үзлэгийн төлбөр нийлээд 200-250 мянган төгрөгөөс буухгүй.
Үр хөндөлтийн дийлэнхийг амаржих газруудаас гадна хувийн эмнэлэгт хийж байна. Хувийн эмнэлгээр үр хөндүүлэх гэж үйлчлүүлэхийн оронд жирэмслэлтээ төлөвлөх, үр хөндөлтөөс сэргийлэх үйлчилгээ авах боломжийг эмэгтэйчүүддээ нээж өгөх нь зүй юм.

Уг нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 4.2-т Монгол Улсын иргэн эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээ хуваалцах зорилгоор эрүүл мэндийн албан журмын даатгалд заавал даатгуулна хэмээн заасан байдаг. Гэвч нөхөн үржихүйн насны дийлэнх эмэгтэйчүүдэд үр хөндөлт, хүсээгүй жирэмслэлтээс өөр эрүүл мэндийн эрсдэл бараг байхгүйг статистик харуулдаг.

Тиймээс эмэгтэйчүүд өөрсдийн төлж буй даатгалаараа хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрхтэй юм. Эрүүл мэндийн даатгалын сангийн өнгөрсөн жилүүдийн гүйцэтгэлээс харахад орлого нь зарлагаасаа тогтмол давж ирсэн байна.

Жилд 15 мянган эмэгтэйг үр хөндөлтөөс сэргийлэхийн тулд дунджаар 200 мянган төгрөгийн тусламж үйлчилгээ үзүүлнэ гэж тооцвол Эрүүл мэндийн даатгалын санд ирэх ачаалал нь гурван тэрбум төгрөг л болж байна. Энэ нь дунджаар 80-100 тэрбум төгрөгийн илүүдэлтэй явдаг тус сангийн хувьд ачаалал болохгүй бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд ганцхан өөрчлөлт оруулснаар Монгол Улс нөхөн үржихгүйн насны эмэгтэйчүүдийнхээ эрүүл мэндийн эрсдэлийг хааж, 1000 амьд төрөлтөд эзлэх үр хөндөлт, хүсээгүй жирэмслэлтийн тоог бууруулж, 2030 оны Тогтвортой хөгжлийн зорилтдоо хүрэх боломжтой юм.

Холбоотой мэдээ